ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Нэхмэлийн шар”-ын оршин суугчид өлсгөлөн зарлана

    Нурж унах дөхсөн, үнэр танар гэж авах юмгүй болтлоо хуучирч муудсан “Нэхмэлийн шар” хэмээгдэх хуучны хоёр, гурван давхар байрыг дахин төлөвлөлтөд хамруулан орчин үеийн шийдэлтэй цоо шинэ орон сууц сүндэрлүүлэх шийдвэрийг холбогдох газрууд нь хэдийнэ гаргасан. Тухайлбал, Хан-Уул дүүргийн II, III-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нэхмэлийн шар”-ын байрнуудын сууц өмчлөгч иргэдэд Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Та бүхэн эвлэлдэн нэгд, барилга бариулах компаниа сонгоод ирвэл бид албажуулаад өгье” гэсэн зөвлөмж өгчээ. Мөн нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор “Ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг дахин барилгажуулах журам” батлагдаж, сонгон шалгаруулалт зарлагдахад оролцох хүсэлтэй компаниуд заасан хугацаанд нь санал материалаа өгсөн байна.

    Тус сонгон шалгаруулалтаар тодорсон “Фүжи холдинг” компани монголчуудад хэдийнэ танигдаад байгаа Япон технологиор орон сууцуудыг барьж, тэр хугацаанд “Нэхмэлийн шар”-ын оршин суугчдад зах зээлийн ханшаар тооцон, түрээсийн байрны мөнгө олгох, улмаар барилгын ажил дуусмагц өрх бүрт 8 метр квадрат талбай нэмж тооцон шинэ байр хүлээлгэж өгөхөөр санал болгожээ.  Гэтэл сонгон шалгаруулалт хэдийнэ дуусаж, оршин суугчид барилгын компанитай гэрээ хэлцэл байгуулсан хойно Хан-Уул дүүргийн засаг дарга Ж.Ганхуяг өөрийн эрх мэдлээрээ далайлган Үнэлгээний хороог хуралдуулахгүй, элдэв шалтаг тоочсоор өдийг хүрсэн аж. Тэрбээр сонгон шалгаруулалтаас төслийн материалаа хоцроосон “Орчлон констракшн” ХХК-ийг дахин оролцуулахын тулд хууль бус шийдвэр гаргаж, сонгон шалгаруулалтыг дахин зарлуулахаар эрх мэдэлтнүүдийн өмнүүр хойгуур гүйж эхэлсэн гэнэ.

    Угтаа бол, эрхэм засаг даргын тамгын газрын шинэхэн “өргөө” нь мөнөөх элдвээр хаацайлж буй “Орчлон констракшн”-ы барилга юм билээ. Эх сурвалжаас авсан мэдээлэл болон тодорхой баримтыг сөхөж үзвэл, Сангийн сайдын 2013 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 264 дүгээр тоот тушаалаар батлагдсан “Бүртгэл хөтлөх журам”-ын дагуу “Орчлон констракшн” ХХК нь “Гэрээний үүргээ биелүүлээгүй” гэсэн шалтгаанаар тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан байна. Өөрөөр хэлбэл, тус компани нь 2012 оны зургадугаар сарын 01-нээс эхлэн 2015 оны зургадугаар сарын 01-нийг хүртлэх хугацаанд Засгийн газраас зарласан сонгон шалгаруулалтад ямар нэгэн байдлаар оролцох эрхгүй. Гэтэл хуулийн заалт зөрчин өнөөг хүртэл сонгон шалгаруултад оролцсоор байгаа “Орчлон констракшн”-ы талаарх иргэдийн гомдол улам нэмэгдсээр...

    Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 хороололд байрлах “Орчлон констракшн”-ы барьж ашиглалтад оруулсан 75-а, 75-б байрны оршин суугчдын төлөөллөөс 2013 оны хоёрдугаар сарын 25-нд гомдол гарган, хэвлэлийнхэнд хандсан нь /http://www.shuud.mn/?p=202481 гэх мэт/ одоо ч дурайж байна. Хан-Уул дүүргийн III хороонд байрлах “Арьс шир”-ний гэгдэх 27, 28-р байрны шал цөмөрч, хана тааз нь цуурч нурсан талаарх мэдээлэл өнгөрсөн хавар хэвлэлээр шуугиан дэгдээж байв. “Орчлон констракшн”-ы барьсан эдгээр байрны оршин суугчид нь өвөл цонхныхоо мөсийг хагалж, зун халуун усны шугамаа засуулах гэж үйлээ бардаг байдал одоо ч хэвээр.

    2013 оны есдүгээр сард ашиглалтад орсон тус байруудын хана цуурч, халуун усны шугам нь хагарч ихээхэн хэмжээний ус алдсанаас үүдэн будаг шохой нь халцран яг л ноорхой саравч шиг болсныг доорх зургуудаас харахад ойлгомжтой. Үнэндээ орон сууц нэртэй ийм ичмээр, басхүү эмзэглэмээр “саравч” барьсан “Орчлон констракшн”-ыг  эсэргүүцэн оршин суугчид нь тухайн үед мөн л жагсаал цуглаан хийж байсан гэх. Үүнээс гадна тус компани өөр нэгэн барилгын ажлыг танил тал, ар өврийн “хаалга” хэрэглэн байж авчихаад өдийг хүртэл хийсэн зүйлгүй суугаагаа “Мөнгө байхгүй” хэмээн ичих ч үгүй тайлбарласан юм байх. 

    Хэзээ мөдгүй нурах дөхсөн байранд амь насаараа дэнчин тавьж суугаа оршин суугчид, “Тоглоомын талбай” гэж хэлэхэд ч ичмээр хүйтэн төмөр, хатуу хайрган дунд бөртийсөн хүүхэд багачуудын эрх ашгийн төлөө хэн санаа тавих вэ... Дургүйцэл бухимдал нь дээд цэгтээ хүрч, тэмцлийн хурц хэлбэрт шилжихээ мэдэгдсэн  оршин суугчид өнгөрсөн аравдугаар сарын дундуур жагсаал цуглаан зохион байгуулж, “Засаг даргатан”-аа зайлуулах уриа лоозонг байруудынхаа гадна өлгөж орхисон.

    Нийслэлийн хэмжээнд хүн амын тоо, газар нутгийнхаа хэмжээгээр дээгүүрт тооцогддог Хан-Уул дүүрэг ингэж балгас шахуу байрууд, “үлгэр жишээч” засаг даргынхаа тухай уриа лоозонгоор хотыг “чимж” эхэлсэн нь ичмээр хэрэг. Хэрэв байдал энэ хэвээр үргэлжилбэл “Нэхмэлийн шар”-ын оршин суугчид удахгүй өлсгөлөн зарлаж, өөрсдийн эрх ашгийн төлөө ширүүхэн тэмцэхээр зэхэж байгааг эрхэм хотын даргад дуулгалаа. Энэ мэт засаг дарга нарын ар өврөөр шургалж, замбараагүй аашилж байгаа барилгын компаниудаас болж эсэргүүцлийн жагсаал цуглаан, уриа лоозонгоор их бүтээн байгуулалтыг тань “чимэх” цаг тун ойрхон болжээ.

                                                                                                     Г.Золзаяа

     




     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй