ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Монгол Улс АПЕК-т элсэх үү

    АПЕК-ийн тухай

    АПЕК нь Аsian Pacific Еconomic Cooperation буюу Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа нэртэй чуулган юм. Одоогоос  25 жилийн өмнө бүс нутгийн орнуудын эдийн засаг улам бүр харилцан хамааралтай болж буй шаардлагаас урган гарч байгуулагдсан чуулган бөгөөд эдүгээ Номхон далайн эргээр орших бараг бүх улс энэ чуулганы гишүүд юм. АПЕК 21 гишүүн  оронтой ба тэдгээр орнуудад нийт 2.8 тэрбум хүн амьдарч, дэлхийн ДНБ-ий 57, дэлхийн худалдааны 47 хувь ногдож байна.

    Азийн  бүс нутгийн хамтын ажиллагааны олон бай­гууллагын дотроос АПЕК хамгийн сайн ажиллаж, үр дүн нь гишүүн орнуудад нь хүрсээр байгаа билээ.

     АПЕК-ийн удирдагчид 2020 он гэхэд чөлөөт ба нээлттэй худалдаа, хөрөнгө оруулалтын орчныг бий болгохоо тохиролцсон бөгөөд түүнээс хойш жил болгон орон бүр хийсэн ажлаа тайлагнадаг уламжлалтай болсон юм. Түүнээс гадна жижиг, дунд үйлдвэрүүдээ олон улсын том зах зээлд оруулах, боловсролын чиглэлд их, дээд сургуулиуд хамтран ажил­лах, хүнсний стандарт болон аюул­гүй байдал, дэд бүтцийн чанарыг баталгаа­жуу­лах, эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийг дэмжих, интернэтийн эдийн засгийг хөгжүүлэх зэрэг олон шинэ саналуудыг гишүүн орнууд дэвшүүлэн үүнийгээ ажил хэрэг болгохоор бүгд идэвхитэй ажилладаг байна.

    Монголын АПЕК-т элсэх сонирхол

    Монгол Улс АПЕК буюу Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны чуулганд элсэх  анхны албан ёсны хүсэлтээ  1993 онд гаргаж байжээ. Өөрөөр хэлбэл одоогоос 22 жилийн өмнөөс АПЕК-т элсэхээр хөөцөлдөж ирсэн байна. Гэвч 1997 оноос АПЕК гишүүнчлэлээ огцом өсгөхөөс татгалзаж, гишүүн нэмж элсүүлэхэд 10 жилээр хориг тогтоож 2010 оноос энэ тухай дахин хэлэлцэхээр шийдсэн байна.

    Одоогоор манай улс гишүүн болох хүсэлтээ бүх түвшинд илэрхийлж, гишүүн орон бүртэй тус тусад нь уулзаж дэмжихийг хүсээд байна. Өнгөрсөн бямба гарагт Бээжинд эхэлсэн АПЕК-ийн Дээд түвшний уулзалтын үеэр БНХАУ-н дарга Си Зинпинь Монгол Улсыг АПЕК-т элсэхийг БНХАУ дэмжинэ гэдгээ илэрхийлсэн юм.

    АПЕК хамгийн сүүлд 16 жилийн өмнө Вьетнамыг эгнээндээ нэгтгэсэн бөгөөд Монгол хэрэв АПЕК-т нэгдвэл 22 дахь орон, анхны далайд гарцгүй улс болох юм. Энэтхэг, Шри-Ланка, Макао, Колумби зэрэг орнууд АПЕК-т элсэхээр хүсэлтээ гаргаад  буй.

    Харин манай улс ПЭКК бу­юу Pacific Economic Coopera­tion Committee  гэдэг АПЕК-ийг са­наачилсан байгууллагад 1998 онд дэд, 2008 онд жинхэнэ гишүү­нээр элссэн бөгөөд ингэснээр АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтаас бусад бүх хуралд ажиглах ста­тустай оролцох боломжтой юм.

    Монгол Улс АПЕК-ийн гишүүн болсноор хоёр хөрштэйгээ ч олон улсын дэг журмаар харьцах нөхцөл бэхжиж хувийн хэвшлийнхэн бус нутгийн хэмжээнд бизне­сээ өр­гөжүүлэхэд нэг алхам урагшилна гэсэн үг. Дэлхий ертөнц улам бүр даяаршиж буй өнөө үед АПЕК нь зах зээлээ тэлэх, хөршүүдтэйгээ худалдаа хөрөнгө оруулалтаа өргөжүүлэх зэрэг боломжийг нээдэг тул улс орнууд нэгдэх сонирхлоо тууштай илэрхийлсээр байна.

    Бээжингээс бид юу хүлээх вэ

    Бээжинд болж буй АПЕК-ийн удирдагчдын чуулганд гишүүн 21 орны 1000 орчим компани, мэдээллийн технологи, санхүү, уул уурхайн чиглэлийн 20 үйлдвэрийг төлөөлж өөр  бусад 16 улс оролцож байна.  Тодруулбал,  АНУ, Шинэ Зеланд, Перу, Папуй Шинэ Гвинейн төлөөлөл, Microsoft Lenovo Rio Tinto Walmart компанийнхан, ОХУ-аас Роснефть болон дэлхийн тэргүүлэх эдийн засагчид оролцож байна. Ойролцоогоор дэлхийн 500 тэргүүлэх чиглэлийн компаниудаас 130 нь өөрсдийн төлөөллөө Бээжин рүү илгээсэн байна. Энэ чуулганаар Ази номхон далайн худалдааны чөлөөт бүс, түншлэлийн харилцаагаа идэвхжүүлэх, дэд бүтцээ хөгжүүлэх зэрэг үндсэн асуудлуудаас гадна дэлхийн санхүүгийн тогтолцоо, тогтвортой хөгжил, эдийн засгийн ялгавартай байдлын эсрэг тэмцэх зэрэг олон улсын чанартай асуудлуудыг ч хэлэлцэх юм.

    Ямартай ч БНХАУ-ын дарга манай улсыг АПЕК-т нэгдэхийг дэмжинэ гэдгээ Ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ хэлсэн бөгөөд энэ удаагийн уулзалтаар гишүүн нэмж элсүүлэх асуудлыг ярихаас урьтаж энэ талаархи дүрэм, хугацаагаа тохирно гэх мэдээлэл байна.

    Т.Наран

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй