ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    ”Алтангадас”-ын чиглүүлсэн АН-ын ҮЗХ

    Хоёр  өдөр  дамнан хуралдсан ч олон нийтийн хүлээсэн, бас өөрсдийнх нь төлөвлөсөн гол асуудлуудаа АН ҮЗХ-ны хуралдаанаараа цэгцэлж чадсангүй. 28 дахь Ерөнхий сайдын нэр болоод Засгийн газрын бүтцийн асуудлыг ҮЗХ УИХ дахь намын бүлэгтээ даатгаж, ИХ хурлаа ирэх сарын 8-нд товлож, МАХН-тай байгуулсан гэрээг хүчингүй болгож, 8 гишүүнээ хөөхгүй гээд л  хуралдаанаа өндөрлөлөө. Өөрөөр хэлбэл ҮЗХ эрхээ албан бусаар бүлэгтээ шилжүүлж 300 хүний толгойгоор бус 35 хүний толгойгоор гол асуудлуудаа шийдэхээр боллоо. Намын бүлэг Засгийн тамгыг хэн атгах, хэнтэй хамтрахаа шийдсэний дараа дахин ҮЗХ-г хуралдуулахаар энэ удаагийн хурлаа долоо хоногоор хойшлуулав. Сүртэй эхэлсэн АН-ын ҮЗХ-д "Алтангадас"-ийн нөлөөлөл нэлээдгүй байсан бөгөөд хурлын чигийг  Алтангадас заасан гэж ч болно.

    Кноп дарсан 8-ыг уучлалт гуйхыг шаарджээ

    Ерөнхий сайдыг огцруулахад МАН-ын саналд хүчээ өгсөн АН-ын 8 гишүүнийг хөөх эсэх тухай асуудал энэ ҮЗХ-ны хурлын цаг авсан асуудлын нэг байв. Энэ талаар ҮЗХ-ны бараг бүх гишүүд саналаа хэлж намын шийдвэрийн эсрэг ажилласан гишүүдээ буруутгасан байна. Гэхдээ Хяналтын Ерөнхий хороо шийдвэрээ гаргахдаа дээрх наймыг дуудаж уулзаагүй нь алдаа болсон, тэгээд ч улстөрийн нөхцөл байдал эвгүйтэх  хандлагатай ийм үед намаас ингэж олноор нь хөөхийг ҮЗХ төвдсөнгүй. Гэхдээ намын шийдвэрээ үл тоосон том толгойтнуудынхаа толгойг илээд өнгөрөхгүйн тулд хариуцлага тооцох асуудлыг нээлттэй үлдээжээ. Ингэснээр 8 гишүүнийг хөөх тухай  эргэн хэлэлцэх боломжтой болж буй юм. Хурлын үеэр Н.Алтанхуяг “эсэргүү 8-ыг уучлалт гуй гэж шаардсан ч хэн нь ч уучлалт гуйгаагүй байна.

    МАХН-ын гэрээг хүчингүй болгосон ч эзэн нь харуцлагаас мултрав

    АН-ын МАХН-тай байгуулсан 2025 он  хүртэлх гэрээг ҮЗХ-оор хүчингүй болгосон ч энэ  гэрээг байгуулсан эзэнтэй ямар нэгэн  ч хариуцлага ярьж чадаагүй юм. Үнэхээр энэ гэрээ ноцтой, АН-ын нэр хүндийг сэвтүүлсэн юм бол байгуулсан эзэнд нь хариуцлага тооцъё гэсэн санал танхимаас гарсан ч газар аваагүй тэгсгээд дарагдсан байна. Зарим гишүүд Н.Алтанхуягтай хариуцлага тооцож чадалгүй ҮЗХ өндөрлөж байгаад харамсч байна хэмээн хурлын дараа хэлсэн удаатай.

    Дашрамд дурдахад Н.Алтанхуяг МАХН-тай гэрээ байгуулах ажлыг намынхаа Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарьд даалгасан ч өнөөх нь зугатаад хөдөө явчихсан гэнэ билээ.

     

    Алтангадас намын даргын суудлаа авч үлдлээ

    ҮЗХ-ны хуралдаан дээр “Алтангадас”-ийн хүч илүү байсан тул Н.Алтанхуягийг намын даргаас огцруулж чадсангүй.  ҮЗХ-ын хурал дээр З.Энхболд дараагийн Ерөнхий сайдад АН УИХ-ын 33 гишүүний нэрийг дэвшүүлж тэднийг эрэмбэлээд санал хураая гэх санал гаргасан ч энэ нь намын дарга Ерөнхий сайд байх тухай АН-ын дүрэмд харшилсан  тул санал хураалт  явуулаагүй байна.

    Ямартай ч АН-ын бүлэг нэрийн дор фракцуудын тохиролцоо энэ долоо хоногт дахин үргэлжлэх бөгөөд одоогийн  байдлаар “Алтангадас”аас Ч.Сайханбилэг, “МҮДН”-ээс Ц.Баярсайхан нарын нэр яригдаж байна. Шонхор фракцын З.Энхболд Ерөнхий сайдад санаархахгүй гэдгийг АН-ын ЕНБД Ц.Оюундарь өчигдрийн  хэвлэлийн хурлын үеэр хэлсэн билээ.

    Т.Наран

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй