ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Д.Бурмаа: Байгалийн баялаг миний урладаг бүтээлийн гол түүхий эд

    Гэрт хэрэглэдэггүй олон зүйл байдаг. Тэгвэл хаяхаасаа өмнө сайн ажиглаарай. Д.Бурмаа декорын төрлөөр бүтээл урладаг. Түүний урласан бүтээлийн гол түүхий эд нь байгалийн баялаг, mэр дундаа модны үндэс, хожуул, мөчир, навч, холтос, боргоцой гээд бидний тоож, анзаарахгүй өнгөрдөг зүйл. Энэ нь өөрийн эрхгүй гайхал төрүүлсэн юм.

    Д.Бурмаа: Хийсэн зүйлүүдээ харахаар дахиж шинийг хиймээр санагддаг

    Д.Бурмаа МҮОНТВ-ийн "Дөрвөн урилга" нэвтрүүлэгт зочноор уригдсан нь

    -Таны бүтээлүүд сонирхол их татлаа. Эдгээрийг хообийдоо хөтлөгдөж урлав уу?

    -Би интернэтээр аялж, янз бүрийн зүйл судлах дуртай. Хүн ажилтай, завгүй байх тусмаа өөрийнхөө сонирхсон зүйлд цаг гаргадаг юм билээ. Хийсэн зүйлүүдээ харахаар дахиж шинийг хиймээр санагддаг. Энэ бүхнийг урлахад багагүй хугацаа зарцуулсан. Чимэглэлийн (декор) зориулалттай бүтээгдэхүүн урлахад технологийн дагуу хийх арга, ашиглах материалын өнгө, зохицол, онцлогоос гадна мэдрэмж их чухал байдаг. Энэ бүхнийг суртлаа багагүй хугацаа зарцуулсан. Сүүлийн үед бүтээлээ баяжуулж, янз бүрийн зүйл, тэр дундаа эртний хийц, загвартай бүтээл урлаж байгаа.

    -Чимэглэх урлалын бүтээл урлах санаа хэзээ төрсөн бэ?

    -Би өмнө нь гар урлалын бүтээл урладаг байв. Шинэ байранд орсны дараахан  гэрээ тохижуулахаар аятайхан загвартай бүтээл хайтал сэтгэлд хүрэхээр зүйл олдоогүй. Тиймээс өөрөө сэтгэж  урлахаар шийдсэн. Хообийдоо хөтлөгдөж хийсэн бүтээл минь сүүлдээ урлан боллоо. Надад кофе оролцуулсан бүтээл урлах санаа анх төрж, кофетэй аяга  суурь таваг, гүц, шанцтай  нь урласан. Дараа нь олсон утсаар хос аяга, ваар хийв. Бүтээл хийх явцдаа (декупаж (decoupage) аргыг судалсан юм. Үүнийгээ туршиж  шил, хуванцар,төмөр материал дээр хийсэн. Хойшдоо модон эдлэл дээр хийж үзэх бодол бий.

    -Үнэтэй кофегоор бүтээл урлах юм. Яагаад заавал кофег олсон утастай хослуулдаг юм бэ?

    -Дикорын чиглэлээр ажилладаг Европын гар урчууд бүтээлдээ олсон утас түгээмэл ашигладаг. Гар урлалын бүтээл цаг хугацаа, чимхлүүр ажил их шаарддаг. Хийсэн бүтээл маань хүмүүст таалагдан, зарим нь хүссэн загвараараа захиалдаг боллоо. Сүүлийн үед гар урчууд бүтээлдээ байгалийн гаралтай түүхий эдийг түлхүү ашиглаж байна. Кофег олсон утсаар нэхсэн шуудайнд савлаж хадгалдаг. Тиймээс олсон утастай хамт чимэглэлийн урлалд түгээмэл хэрэглэдэг. Уух дуртай зүйлээ декорын зориулалтай чимэглэлд ашиглах нь хүмүүст таатай санагддаг байх. Миний ашигладаг үрлэн кофе бол машинд хийж бутлаад уудаг кофе. Олсон утсаар урласан энэ хос бүтээлд 80-100 гаруй метр утас ороож, үрлэн кофег нэг бүрчлэн наасан.

    -Аяга, ваар дээр чимэглэсэн  цэцэг гоё харагдах юм. Та өөрөө зурж чимэглэдэг үү?

    -Чимэглэж байна гээд зүгээр нэг зураг зурдаггүй. Хийж буй бүтээл хаана, юунд, хэнд зориулахаас хамаарч өөрийн гэсэн загвар, хийцтэй байх ёстой. Декупаж чимэглэлийн урлаг төрлөөсөө хамаараад зураг, будалт, өнгө, чимэглэл нь өөр байдаг. Тухайлбал, прованс төрлийн бүтээл урлахад байгалийн өнгө ашигладаг, будалтын технологи нь ч өвөрмөц.

    Уран зураг зурдаг байсан маань бүтээл урлахад их нөлөөлсөн

    -Бүтээлд тань байгалийн өнгө түлхүү шингэсэн байх юм ?

    -Би байгалийн өнгөнд дуртай. Хийхээсээ өмнө өнгөний зохицол, өнгөний тойргийг их анхаардаг. Байгалийн баялаг миний урладаг бүтээлийн гол түүхий эд. Уран зураг зурдаг байсан маань бүтээл урлахад их нөлөөлсөн. Хүмүүсийн нүдэнд хог болж харагдах зүйл зарим үед урлагийн бүтээл болж амилах тохиолдол олон бий.   

    -Бүтээлийнхээ санааг энгийн зүйлээс ч олох тохиолдол олон биз. Хийх эд хэрэгслээ хаанаас олж авдаг вэ?

    -Монголд ийм бүтээл хийхэд материалын олдоц ховор. Харин байгалийн гаралтай зүйлээр хийхэд боломжтой санагдсан. Бүтээлдээ ашиглаж болох байгалийн гаралтай зүйлийг нэлээд судаллаа. Хүн байгальтай ойр байх тусмаа тайвшралыг илүү мэдэрдэг. Нам гүм, тохь тухтай орчинд хүмүүс ажиллаж, амьдрахыг хүсдэг шүү дээ. Тиймээс гэр, албан тасалгаанд зориулж, байгальтай ойр буй мэт сэтгэгдэл төрүүлэх бүтээл урлах бодол бий.

    -Хүмүүс таны хийсэн бүтээлийг сонирхож их авдаг байх аа?

    -Миний хийсэн зүйлээс ойр дотнынхон маань бэлэг сонгох болсон. Би ч ах дүү, найз нөхдөдөө урласан бүтээлээсээ бэлэглэдэг. Тэд баглаа боолт, чимэглэлийг нь хараад “Ямар гоё бэлэг вэ, задлахаас ч хайран байна” гэдэг юм. Сүүлийн үед Европт олон жил амьдарсан, тэндхийн амьдралын хэв маягийг мэддэг, кофе, цай, дарсыг нь хэрэглэж сурсан хүмүүс их сонирхож худалдаж авдаг болсон.

    -Бүтээлийнхээ түүхий эдийг хаанаас цуглуулдаг  вэ?

    -Шил, хуванцар, төмөр суурь, гүц аяга, таваг, даавуу, тууз, чимэглэлийн зүүлт, утас, материалаа хүнс, гэр ахуй, бөс бараа, зургийн хэрэгслийн дэлгүүрээс сонгодог. Зориулалтын цавуу, салфеткa, цаас, лак, чимэглэлийн зүйлээ гадаадаас найз нөхдөөрөө дамжуулж, мөн онлайнаар захиалж авдаг. Би  таалагдсан зүйлээ сонирхож цуглуулдаг. Хэрэгтэй гэж цуглуулсан зүйлүүд маань хэдийнэ бүтээл болжээ.

     

    -Бүтээлдээ янз бүрийн бийр ашигладаг нь ямар учиртай юм?

    -Чимэглэх урлалын бүтээлд бийр чухал үүрэг гүйцэтгэдэг. Амьтны үсээр хийсэн бийрээр будаг будахад, хиймэл үстэй бийрээр зураг наах, цавуудах, лак түрхэхэд ашигладаг.

    -Та өмнө нь гар урлалын ямар бүтээл урладаг байв?

    -Намайг сурагч байхад нийгэм зах зээлийн тогтолцоо руу шилжсэн. Би найман хүүхэдтэй өнөр айлд өссөн. Ямар нэгэн хөдөлмөр эрхэлж байж, хармаандаа мөнгөтэй явах хэрэгтэй гэдгийг бага байхаасаа бид ойлгосон. Би хүүхэд байхдаа чихмэл тоглоомд дуртай байлаа. Европоос ирсэн чихмэл тоглоомуудын загварыг харж байгаад цаасан дээр эсгүүр гаргаад, материалаа сонгож  хийдэг байсан. Хамгийн анх эгч нарынхаа хүүхдүүдэд зориулж  нэхий бээлий, бойтог, малгай, өмд, цамц урлан бэлэглэж байлаа.

          

            Би өөрөө урласан гэхээр хүмүүс их гайхдаг

    -Хүүхдүүдэд тань бүтээл урлах сонирхол байдаг уу?

    -Манай хүүхдүүд чимэглэх урлалын бүтээл урлах сонирхолтой. Өнгөрсөн зун зуслангийнхаа ойролцоох уулнаас авчирсан боргоцой, мөчир ашиглан хүүхдүүдтэйгээ жижиг сажиг зүйл урласан. Намайг дэлгүүр нээхэд хүмүүс “Ойрд үзэж, хараагүй содон зүйл байна, хаанахын бүтээгдэхүүн бэ, Франц, Англиас ирсэн үү. Хэр өндөр өртөгтэй вэ” гэж  асуухад нь “Би өөрөө урласан юм” гэхээр их гайхдаг юм.

    -Хамгийн сүүлд интернэтээс ямар бүтээл хийхээр судалсан бэ?

    -Надад модоор бүтээл урлах хүсэл төрж байгаа. Миний урласан бүтээлийг Европт амьдардаг хүмүүс их сонирхдог. Тэр дундаа Франц, Англид амьдардаг монголчууд надаар баяр ёслолын үеэр дарсныхаа шил дээр чимэглэл хийлгэх дуртай. Хааяа найз нөхөд, ах дүүсийнхээрээ зочилдог. Урласан бүтээлээ гэрт нь байхыг хараад баярладаг юм. Сүүлийн үед бүтээлийн маань хүрээ тэлж байна.

    -Ээжийнхээ үйл мэтгэх эрдмээс өвлөсөн үү?

    -Манай ээж арьсан эдлэлийн эсгүүрчин. Мэргэжлээрээ олон жил ажилласан сайхан буурал бий. Бид хүүхэд байхдаа ээжийнхээ оёсон хувцсаар гоёдог байлаа. Бага байхдаа хийж буй зүйлийг нь харсаар байгаад оёж, эсгэж сурсан. Хоёр эгч маань гар урлалын бүтээл урлахдаа гаргууд. Ээждээ зориулж зүү утасны хайрцаг анх урлаж билээ. Ээж минь цэцэг, ногоо тарих дуртай. Өнгөрсөн зун эцэг тарихад зориулсан иж бүрдэл бэлэглэсэн.

    -Танд дизайнер болох  юмсан гэдэг хүсэл төрж байгаагүй юү?

    -Би хуульч мэргэжил эзэмшсэн. Ажлынхаа зав чөлөөгөөр өөрийн дуртай зүйлээ хийж алжаал тайлах дуртай. Зун болохоор манай гэр цэцгийн хүлэмж шиг болдог. Миний хийж буй зүйлийг гэр бүл маань сайн дэмждэг. Надад олон хүн урам, дэм хайрладаг. Өнөөг хүртэл  хуримтлуулсан жаахан мэдлэгээ бусадтай хуваалцах, зааж сургах боломжтой болсон гэж өөрийгөө жаахан “тоож” декупаж /decoupage/  чимэглэх урлагийн талаарх анхан шатны сургалт хичээллүүлж байна.

                                                                                                                                                                                              Г.Батцэцэг

     

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй