
Монгол Улсын Засгийн газар Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг баталсан билээ. Тэгвэл уг хөтөлбөрийн талаар өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн яам, ЦЕГ-аас сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.
Манай улсад сүүлийн гурван жилийн дотор хар тамхитай холбоотой гэмт хэргийн гаралт огцом нэмэгдэж, тээвэрлэгч орноос хэрэглэгч орон болж, бүртгэгдээд буй. Ялангуяа гэмт хэрэгт холбогдсон иргэдийн нас залуужиж байгаа нь аюулын харанга дэлдээж байгааг мэргэжилтнүүд онцолж байгаа. Тухайлбал, 2015 онд цагдаагийн байгууллага энэ төрлийн гэмт хэрэг 79-ыг илрүүлэхэд 10 хүүхэд, 2016 онд 6 хүүхэд тус бүр холбогджээ. Мөн нийт хар тамхины гэмт хэрэгт холбогдогчдын дийлэнх хувийг 25-30 насныхан эзэлж байгаа юм байна.
Тиймээс дээрх хар тамхи , мансууруулах бодистой үндэсний хэмжээнд тэмцэж, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг бүхий хууль сахиулах, эрүүл мэнд, шүүх эрх мэдлийн байгууллагуудын алба хаагчдыг мэргэшүүлж, орчин үеийн шинэ технологи нэвтрүүлэх шаардлага бий болсон талаар Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн ажлын албаны дарга Л.Мөнхгэрэл онцоллоо.
Түүнчлэн гэмт хэрэг өсөхөд нөлөөлсөн хүчин зүйл нь энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд төсөв тусгайлан батлаагүйгээс болдог гэнэ. ЦЕГ-аас Хүнс, хөдөө аж ахуйн яамтай хамтран сүүлийн гурван жилийн турш хар тамхи, мансууруулах бодис ургадаг талбайд устгал хийжээ. Гэхдээ 2016 онд энэ ажил төсвийн хүндрэлээс үүдэн зогссон байна. Манай улсын хэмжээнд 15 мянга орчим га талбайд мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис бүхий ургамал ургадаг ажээ. Одоогоор 1000 орчим га талбайд устгал хийсэн байна. Энэ үеэр сэтгүүлчид шатаах тусам илүү талбай хамран дахин ургадаг тухай тодруулахад мэргэжлийн байгууллагын судалгаа, эрдэмтдийн санал дээр үндэслэн энэ ажлыг зохион байгуулсан гэдэг тайлбарыг Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн дарга Ж.Болд өглөө.
Ингэхдээ гар аргаар түүсний дараа шатаах эсвэл химийн бодис ургасан талбайд нь цацах гэсэн хоёр аргыг ашигладаг гэв. Үүнээс гадна манай улсад хэдийгээр энэ төрлийн ургамал ургаж, түүнийг иргэд ашиглаж байгаа ч мэдээллийн мөрөөр хяналт тавьдаг гэдгийг онцолж байв.
Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гэмт хэргийн дийлэнх нь хил, гаалиар нэвтэрсэн, тэр дундаа ОХУ, БНХАУ-аас тээвэрлэн орж ирэх тохиолдол их байдаг аж. Тиймээс хоёр хөрштэй хамтран хяналт, шалгалтын ажлыг эрчимжүүлэхээр болсон байна.
Хар тамхи, мансууруулах бодис тээвэрлэсэн, худалдан борлуулсан, хадгалсан, үйлдвэрлэсэн иргэдэд зүйл ангиас нь хамааран дээд тал нь 25 жилийн ял оногдуулдаг. Хэдийгээр хууль үйлчилж байгаа боловч хэрэглэгч нь хуулиас гадуур өнгөрөх сөрөг тал байгааг эмч, мэргэжилтнүүд мэдээлж байсан. Харин Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хэрэглэгч иргэдийг хэдий хугацаанд хэр хэмжээтэй хэрэглэсэн зэргээс хамааран ял шийтгэл оногдуулах хуулийн заалт нэмэгджээ. Түүнчлэн нас залуужиж байгаатай холбогдуулан эцэг эхчүүдийг өсвөр насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг анхааруулсан юм.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг 2017-2021 онд хэрэгжүүлэх бөгөөд 2017-2019, 2019-2021 оны хооронд хоёр үе шаттайгаар зохион байгуулна. Тухайлбал, 2017-2019 онд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын хор хөнөөлийг иргэдэд тайлбарлан таниулах, сурталчлах ажлыг хийх ажээ. Харин 2019-2021 онд мансууруулах болон сэтгэц нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх ажилд шинэ төрлийн техник хэрэгсэл ашиглахын зэрэгцээ харилцаа, техник хэрэгсэл, мэдээллийн бааз суурийг бэхжүүлэх юм байна.
Мөн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын шалтгаант эмгэгтэй болон мансуурсан хүнд сайн дурын болон албадан эмчилгээ, сэтгэл зүйн тусламж үзүүлэх, нийгэмшүүлэх үйлчилгээний төвтэй болохоор төлөвлөөд байгаа аж.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт