Монголын 55 сүмочдоос Японы хэвлэлүүд Ичиножёог жинхэнэ малчин айлын хүү хэмээн ихэд онцолж байгаа. Тэрбээр Японд сургуульд суралцаж байхдаа гэр рүүгээ тэр бүр яриад байж чаддаггүй байв. Мэргэжлийн сүмогийн ёс дэглэм хатуу тул эрхлэх боломжгүй. Хүний нутагт томоохон зорилго өвөртөлж ирсэн залуу нутаг, эцэг эхээ санах эхэндээ хэцүү байсан гэдэг. Тиймээс хааяа бороонд зогсох нэрийдлээр аав ээжээ санаж уйлдаг байжээ. Дэвжээний багшийнх нь эхнэр түүнийг эх орноо санагалзаж, сэтгэл нь хүндхэн байгааг мэддэг байсан тул монгол дуу сонсгож, дэм өгөхийг хичээдэг байсан аж. “Япон ээж” хэмээн нэрлэгдсэн тэр эмэгтэй түүнийг Японд дасаж, хөлөө олоход нь тусалсан байна.
Ичиножёо 192 сантиметр өндөр, 199 кг жинтэй хэрнээ дугуй сурмаг унадаг япончуудыг гайхшруулдаг. Тэрбээр сургууль руу таван километр зам туулж унадаг дугуйгаар очдог байсан гэнэ. Түүнийг Япончууд өдгөө “Монгол араатан”, “Монгол мангас” хэмээн нэрлэдэг.
Тэрбээр “ Би ийм өндөр эрэмбэд хүрнэ гэж бодоогүй. Есдүгээр сарын башё миний хувьд дээд зиндааны эхний тэмцээн байлаа. Би маэгаширагийн 10-аас босч барилдсан. Гэвч 13 даваа минь намайг ийм гайхалтай өндөрт гаргалаа. Жилийн дотор итгэмээргүй амжилтад хүрсэндээ их баяртай байна. Ердөө жилийн өмнө л би мэргэжлийн сүмогийн дохёд анх хөл тавьсан шүү дээ. Аравдугаар сарын үзүүлэх барилдаануудад оролцож чадаагүйдээ харамсаж байна. Эмч нар намайг сэтгэл шаналж, нервт өртсөн байна гэж хэлсэн. 10 хоног эмнэлэгт хэвтсэний дараа бүх зүйл хэвэндээ орсон. Одоо бэлтгэлээ сайн базааж байгаа. Надад итгэж байгаа хүмүүсийн итгэлийг алдалгүй, хүрсэн цолоо хамгаалж барилдахыг хичээнэ” хэмээн Ичиножёо өгүүлсэн байна.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт