ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    О.ХУЛАНГААС ХАНЬДАА БИЧСЭН ЗАХИДАЛ

    Гэгээн хайрын өдрийг тохиолдуулан www.hiub.mn сайт, ЭКО телевиз, “Гэгээнтэн энтертайнмент” төвийн хамтран зохион байгуулсан “Ер бусын тэр мэдрэмж” захидлын уралдаанд маань өнгөлсөн захидлуудын нэгийг оролцогчийнхоо зөвшөөрөлтэйгөөр нийтэлж байна.

    Ч.Санжаажамц, О.Хулан Та хоёрын гэгээн хайрын түүх Шалгаруулах комиссын сэтгэлд гүнээ хүрсэн бөгөөд ер бусын мэдрэмжээ илэн далангүй хуваалцан захидал илгээсэн Хуландаа энд бичсэн хүсэл, зорилго бүхэн нь биелэхийн ерөөл өргөе.

    Та хоёртоо, хонгор бяцхан үрд нь Happy Happy Valentine’s Day.

       

    Ер бусын тэр мэдрэмж

                Сайн байна уу? Зүрх сэтгэлийн минь шигтгээ болсон, зөв амьдрах хүслийн минь тэмүүлэл болсон, зүс мэдэх нэгнээс үүрдийн минь хайр болсон, зүүдний минь цорын ганц эзэн хайрт минь. Чамдаа энэ захиа очих эрхэм өдрийн мэндийг хүргэж, хайр дүүрэн халуухан тэврэлт, итгэл дүүрэн зөөлөн үнсэлтийн хамт илгээе.

    2013 оны 06 дугаар сарын 28. Чиний минь надруу мессеж бичиж, энгийн харилцаатай найзуудаас эгэл өөр харилцааг эхлүүлсэн өдөр. Чамтайгаа өдөр, шөнөгүй мессеж бичилцэж, өдөртөө сэмхэн орцонд уулзаж, орой нь болзохоор цэцэрлэгийн зүг алхдаг боллоо. Энэ хугацаанд намайг чин сэтгэлээсээ сонирхож байсан гэж бодолгүй, чинийхээ сэтгэлд “ахиж битгий холбоо бариарай” гэж хэлэн сэв суулгаж билээ. Чи минь тэр үед хайраа алдахгүй, хадгалж үлдэхийг хүссэн үгээ, хоёр гуравхан дусал нулимсийн хамт хэлж билээ. Би ойлгосон. Эр хүний нулимс үнэн байдгыг. Бид албан ёсоор үерхэж эхлэсэн.

    Гайхалтай, ер бусын тэр мэдрэмж зүрхэнд минь...       

                2013 оны 08 дугаар сарын 12. Ах минь энэ хорвоог орхисон өдөр. Цорын ганц хамгаалагч минь, намайг өмөөрдөг, өмгөөлдөг түшиг минь байхгүй боллоо. Энэ хорвоо бүхэлдээ харанхуйлж, ээжийнхээ уйлж байгааг харахад зүрх зүсэгдэх шиг. Гэтэл “Ахынх нь орон зайг би дүүргэж чадахгүй ч. Чинийхээ хажууд үүрд байж, чамайгаа хамгаална аа” гэх мессеж миний утсанд ирлээ. Энэ хүнд, хэцүү цаг үеүдэд чиний минь дулаан үгс, хайр халамж намайг өндийлгөлөө. Чамдаа өдөр ирэх бүр дассаар.

    Эрэлхэг, ер бусын тэр мэдрэмж сэтгэлд минь...

    2013 оны 09 дүгээр сарын  23. Харилцаа минь юунаас болж муудсын бүү мэд. Чи минь оюутан болоод нэг л өөрчлөгдөөд байгаа мэт. Бид холбоогоо тасалсан. Урсан өнгөрдөг өдөр хоног чамгүй бол нэг л зогсонги, нэг л уйтгартай. Энэ үед өмөөрөх ах минь байсан бол ховлоод чамайг зэмлүүлэхгүй юу гэж бодож, орхиод явсан ахыгаа өдөр бүр зүүдлээстэй. Хамгийн анх чин сэтгэлээсээ хайрласан, хамгийн анх үерхэх санал ч авалгүй чамдаа очсон, хамгийн анхны удаа хайр гэдгийг мэдэрсэн. Тиймээ чи миний анхны хайр байсан. Тиймээс би чамайгаа алдахыг хүсээгүй. “Хажууд минь байна гэж амлачихаад, худалч” гэж чамдаа хэлээд харилцаагаа эргэн сэргээж билээ.

    Найдвар тээсэн, ер бусын тэр мэдрэмж итгэлд минь...

                2013 оны 10 дугаар сарын 11. Миний 20 насны төрсөн өдөр. Чамтайгаа тэмдэглэсэн анхны минь төрсөн өдөр. Тэр үед чи минь зайсан дээр лаа асаасан бялууг минь бариад, надад хайртай, хамт байна гэдгээ гэдгээ ичингүйрэн хэлж байсан. Харин би “20  гэсэн энэ лааг минь өөрийнхөө 20 насны төрсөн өдөр хүртэл хадгалвал хүслийг чинь биелүүлнэ ээ” гэж чамдаа амлаж билээ. Магадгүй чамайгаа хажуудаа байлгахыг тэгэж их хүссэн байх.

    Итгэл хүлээлгэсэн, ер бусын тэр мэдрэмж сэтгэлд минь...

    2013 оны 11 дүгээр сарын 20. Сарын тэмдэг маань ирэлгүй сар боллоо. Ариун цэврийн өрөөний хаалга нүдээд хайраа яасан бэ? гэх чиний дуунаар би шокноос гарах шиг. Ямар ч бэлтгэлгүй байсан миний хувьд аав ээждээ юу гэж хэлнээ гэсэн ахархан бодол эргэлдээстэй. Харин чи минь шал өөрөөр хүлээж авсан, жинхэнэ эр хүн. “Юу яах вэ гэж, гаргана шүү дээ” гэсэн чиний үг намайг ухааруулж билээ. 20 гарсан би эргэлзэж байхад, 18 ч хүрээгүй чи минь үүргээ ухамсарлаж, хариуцлагаа хүлээж байна шүү дээ. Чи минь миний цорын ганц хайр.

    Улам их хайрламаар, ер бусын мэдрэмж бодолд минь...

                2014 оны 08 дугаар сарын 26. Чамайг минь өвчсөн юм шиг дуурайсан сахиусан тэнгэр хорвоод мэндэллээ. Эмнэлгийн үүд сахин санаа зовних чиний минь дүр төрх надад төсөөлөгдөөстэй. Өдөр бүр эхнэртээ хоол зөөх үүргийг хүлээж авсан чи минь ямар сайн үүргээ гүйцэтгэсэн гээч. Хурдхан л эмнэлгээс гарч чамдаа очмоор. Цонхоор охиноо харуулахад чи минь уйлж байна уу даа. Хамт ирсэн найз нь мөрөн дээр нь цохиод инээж байгаа харагдана. Үеийнх нь хүүхдүүд тоглож наадан, дэггүйтэж, чөлөөт цагаараа сонирхсон зүйлээ хийж явахад, чи минь хүүхдийнхээ даавууг угааж, хичээл эхэллээ дээ гээд санаа зовнин сууна. Ивий дээ. Чи минь бид хоёрынхоо баатар нь шүү дээ.

    Чинийхээ төлөө бүгдийг зориулмаар, ер бусын тэр мэдрэмж нулимс цийлэгнэсэн нүдэнд минь...

                2015 оны 01 дүгээр сарын 20. Би их сургуулиа төгслөө. “Пөөх 2 жилийн дараа нөхөр чинь төгсөх юм уу? 2 жил тэжээхнэ дээ гэсэн үгс сэм сонсогдоно. Яадын хамтдаа л байвал хэн нь мөнгө олж, хэн нь тэжээх нь хэнд хамаатай юм гэж би дотроо бодно. Харин ч миний хайр наснаасаа эрт их сургуулиа төгсөнө шүү гэж чамайгаа би өмөөрнө. Ажлын гараагаа эхэллээ. Авсан цалингаараа охин, та хоёртоо л юм авч өгөх би хамгаас дуртай. Харин чи минь сүүлийн үед нэг л гундуу. Би эр хүн байж, эхнэрээрээ тэжээлгээд байх юм гэж гомдоллоно. Чамд минь хэн нь юу гээд хэлчихсэн юм дээ. Би чинь чамдаа л бүхнээ зориулдаг болохоор чинийхээ өмнө, бусдын өмнө ямар бардам байдаг гээч. Энэ бүхний хариу энэ жилээс эхлээд л надад ирлээ шүү дээ. Чи минь сургуулиа сайн төгсөж, сайхан ажилтай болно шүү за. Хайр нь арыг нь тэр чигт нь даана.

    Ирээдүй минь нүдэнд харагдсан, ер бусын тэр мэдрэмж  мөрөөдөлд минь...

                2016 оны 03 дугаар сарын 08. Чи минь оюутны тэтгэлэг 70,200-гаа аваад охин бид хоёртоо бэлэг авч өглөө. Чамаасаа тэгэж их бэлэг хүлээдэггүй ч эмэгтэй хүн юм болохоор баярладаг л юм байна. Охин нь хүртэл шинэ хувцас өмссөнийгөө мэдээд байгаа бололтой “Гого гого” гээд салахгүй юм. “Аав нь Март гээд бэлэг авч өгсөн” гэж хичнээн ч хүмүүст гайхуулчихав. Эх хүн болсон би тэр үед хүүхэд шиг л хүнд юмаа гайхуулаад явж байх юм.

    Хүүхэд шиг баярлах, ер бусын тэр мэдрэмж инээмсэглэлд минь...

                2017 оны 01 дүгээр сарын 12. Чиний минь 20 насны төрсөн өдөр. 20-ийн тоотой лааг минь хадгалаад чи минь наддаа “Надтай үүрд хамт байгаарай” гэж хүслээ хэллээ. Тэгэлгүй яахав дээ хайрт минь. Чамтайгаа би үүрд хамт байна. Бидний хайрыг адислаж ирсэн энэ бяцхан ертөнцийг хэзээ ч хагацалтай учруулахгүй. Чи бид хоёр чинь зорьж ирсэн ахын минь сүнс, бяцхан гүнжийнхээ өмнө хариуцлага хүлээсэн эцэг, эх шүү дээ. Тиймээс наддаа итгээрэй. Чамаасаа би хэзээ ч холдохгүй. Ахын минь орон зайг тэр чигт нь дүүргэх бяцхан гүнжийг минь авчирсан, хажууд минь өмөг түшиг болсон чи минь амлалтаа биелүүлж чадсан. Шөнө бүр зүүдлэгддэг байсан ах минь ирсэн болохоороо тэр юм уу? Зүүдлэгдэхээ больж, Баасан гарагийг хүлээж, хурдан ирээсэй гэж боддогтоо ч тэр юм уу? чамайгаа л зүүдлэх юмдаа.

    Гол дүрийн баатар, ер бусын тэр мэдрэмж зүүдэнд минь...

    Өнөөдөр, 2017 оны 02 дугаар сарын 01. 4 жилийнхээ түүхийг сөхөөд, чамдаа хэлэх үгээ дайн, захидал бичиж байгаа энэ өдөр. Хайрыг минь сэвтээх гэж ирдэг гадны мянга мянган хүчин зүйлд хандаж хэлье. Бидний энэ их хайранд та нарыг оруулах зай үгүй. Би сүүдэр дайрсан ч гэр бүлээ хамгаалж үлдэх эх хүн. Миний хань хэзээ ч хугарахгүй ноён нуруу нь. Харин өгүүлсэн бүгдийн минь баталгаа нь миний сахиусан тэнгэр бяцхан гүнж минь.

    Аз жаргалтай амьдрал, ер бусын тэр мэдрэмж ирээдүйд минь...

     

    Чи минь миний анхны бөгөөд сүүлийн минь цорын ганц хайр.

    Хайртай шүү чамдаа.

    Удахгүй уулзъя.

    Үргэлж чинийхээ талд зогсох О.Хулангаас хань Ч.Санжаажамцдаа...

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй