ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Гэрээ шатаачихаад гэнэт сандардаг АН-ынхан

    АН-ын  Хяналтын хороо уржигдар хуралдаж Ерөнхий сайдыг огцруулах МАН-ын  саналыг дэмжсэн 8 гишүүнээ хөөх шийдвэр гаргалаа. Тодруулбал Р.Амаржаргал, Х.Баттулга, Р.Бурмаа, Ж.Батзандан, М.Зоригт, Б.Наранхүү, Д.Батцогт, Л.Эрдэнэчимэг гэсэн 8 гишүүнээ тэрслүү аашилсан хэмээн намаасаа хөөхөөр болсон байна. Өмнө ч тус нам 1998 онд Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг унагахад оролцсон гишүүдээ хөөж байсан түүхтэй.

    Н.Алтанхуягийг огцруулах саналыг МАН анх гаргасан ч Ерөнхий сайдаа унагах ажлыг АН-ынхан өөрсдөө хийчихсэн. Өөрөөр хэлбэл тэд МАН-ын овоолсон бухалд өөрсдөө гал тавьж хашаа хороогоо шатаасан.  Ингэж галдан шатааж засгаа унагах ажлыг АН-ынхан өмнө нь хийж гаршсаныг 1997 онд М.Энхсайханы Засгийн газрыг, 1998 онд Ц.Элбэгдоржийн, мөн ондоо Ж.Наранцацралтын, 1999 онд Р.Амаржаргалын гээд дөрвөн ч Засгийн газрыг өөрсдөө унагаснаас харж болно. Энэ бүхнээс ажиглавал эр бяр нь жигдэрсэн байх ёстой Ардчилсан нам одоо хэр нь төлөвшөөгүй хэвээр байна. 

    Р.Бурмаагийн оронд хэн УИХ-д  суух вэ

    Хөөгдөж буй гишүүдийн зарим нь өмнө нь ч бас АН-ын хаалгаар өшиглүүлэхдээ тулж л  байв. Хяналтын Ерөнхий хороо өнгөрсөн жил Давхар дээл”-ийн хуулийн төслийг 2014 оны долдугаар сарын 1-нээс мөрдөж эхлэхийг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүн Х.Баттулга, Ж.Батзандан, О.Бурмаа нар дэмжиж санал өгөхөд намынхаа эсрэг санал гаргалаа гэж О.Бурмаа, Х.Баттулга, Ж.Батзандан нарыг хөөх тухай хэлэлцээд Р.Бурмааг ганцааранг нь явуулахаар шийдэж байв. Ж.Батзандан, Х.Баттулга нар тойргоос сонгогдсон учраас намаас өөр намын бүлэгт орж болзошгүй гэж эмээж, харин  Р.Бурмааг  УИХ-д намын жагсаалтаар гарч ирсэн учраас “Хяналтын хорооноос түүнийг сугалж хөөх шийдвэр гаргасан ч энэ асуудал удалгүй дарагдсан. Энэ удаад үнэхээр Р.Бурмааг намаас хөөж байгаа бол 2012 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намын жагсаалтад Р.Бурмаагийн ард буюу жагсаалтын 11-т бичигдэж байсан Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Б.Мэдрээ УИХ-ын гишүүн болох бололцоо бүрдэх юм. Ямартай ч энэ талаар өнөөдөр болох ҮЗХ ямар шийд гаргахыг харах л үлдлээ. Дүрмийн бус ҮЗХ-ноос биднийг хөөхөөр шийдвэл хүчингүй гэж үзнэ хэмээн М.Зоригт гишүүн хэлээд буй билээ.

    АН хөөдөг буцаагаад л авдаг

    Ийм дүгнэлт  хийж болох нэлээд олон жишээ АН-д бий. Тухайлбал, Р.Амаржаргал, Я.Санжмятав нарыг “Намын бодлогоос зөрсөн” гэдэг үндэслэлээр намаасаа хөөж явуулсан боловч УИХ-ын 2004 оны сонгуульд бие даан нэр дэвшиж ялалт байгуулахаар нь буцаад элсүүлчихсэн. Тухайн үед дээрх хоёр эрхэмтэй хамт бие даагч Д.Одхүү АН-ын батлахыг гардаж байлаа. Тиймээс ч энэ үед АН-ыг бие дагаад ялвал намдаа эргээд ирээрэй гэх урилгатай нам гэх яриа хүртэл гарч байв. Энэ мэтээр аар саархан шалтгаанаас болж, намдаа гомдон хаяж явсан, намаасаа хөөгдсөн  зэрэг гишүүдээ АН- буцаад л  даллаад дууддаг.

    АН цөөнх болох уу

     АН 8 гишүүнээ эгнээнээсээ хөөснөөр УИХ-д цөөнх болно, Н.Алтанхуяг би биш  бол  хэн ч биш  гэсэн үзлээр хандаж МАН-ын Засгийн газрын Шадар сайд болохоор гүйж эхэллээ гэх бор  шувууд нисч эхэллээ. АН-ын ҮЗХ өнөөдөр 15  цагаас эхлэх бөгөөд ҮЗХ-ноос 8 гишүүнээ хөөх Хяналтын Ерөнхий хорооны шийдвэрийг хэрхэн авч үзэхээс энэ бүхэн шийдэгдэнэ. Ямартай ч АН тойрсон улстөрийн халуун халууны шилээр хэмжвэл 40 дөхөж АН дотооддоо  бужигнаж эхэллээ. ҮЗХ-нд ойрын жилүүдэд салхи оруулаагүй, ротаци хийгдээгүй учраас ҮЗХ дүрмийн бус гэж АН-ын зарим гишүүд үзэж байна.  ҮЗХ-ны хурлыг бойкотлож, МоАХ,АХХ-ний холбооны гишүүдийг хуралд суухгүй байхыг МоАХ-ны зарим гишүүн уриалаад  байна.

    Т.Наран

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй