
Өнөөдөр дэлхийд 70 жил оршин тогноод нуран унасан коммунизмын түүхэн баяр болох агуу их Октябрийн баярын өдөр. Энэ өдөр Чингисийн талбайн хоймор байх бунхант индэр дээр нам төрийн удирдлагууд зогсон өмнүүр нь туг лоозон барин “Ура” хашгиран жагсах ард түмэнтэйгээ мэндчилдэг байлаа. ЗХУ тэргүүтэй коммунист үзэл баримтлалтай олон орон энэ өдрийг сүр жавхлантай тэмдэглэдэг байв. Мөн энэ өдрийг коммунизм нуран унасан өдөр ч хэмээж болно. Учир нь одоогоос 25 жилийн тэртээ хоёр Германыг зааглаж байсан Берлины ханыг энэ өдөр нураасан юм.

Хорьдугаар зууны хүйтэн дайны билэг тэмдэг, хоёр системийг заагласан хана нь Герман орныг хоёр хэсэгт хуваасан Берлины хана байлаа. Дэлхийн II дайны дараа Европ тивийг шинээр хувааж социалист, капиталист лагерь хэмээн зааглахад Герман улс ч мөн ялгаагүй зүүн, баруун хэмээн хоёр салсан түүхтэй. Үүний хамт Германы нийслэл Берлин хот ч зүүн, баруун хэмээн хоёр хуваагджээ. Зүүнийг нь ЗХУ, барууныг нь АНУ тэргүүтэй холбоотнууд удирдах болсноор хоёр систем тус бүс нутагт зэрэгцэн орших болсон юм. Харин зүүн Германд хүчээр хуваагдан орсон эгэл жирийн герман иргэд социализмыг дагахаас татгалзаж баруун Берлин рүү сая саяаараа дүрвэх болжээ. Тиймээс л 1961 оны 8 сарын 13 өдөр хоёр Берлиныг заагласан ханыг босгож эхэлсэн юм. Эхэндээ төмөр утсаар хаалт хийсэн ч энэ нь хүмүүсийн хил давах урсгалыг зогсоож дийлээгүй учраас бетоноор хана босгосон түүхтэй. Берлины хана нь таван метр өндөр, дээгүүрээ өргөст тортой, дохиоллын системтэй бөгөөд анх 45 км урт байв. Сүүлд нэмж барьсаар 160 км урт болжээ. Ингэснээр зүүн Герман, Баруун Герман хоёр бүрэн зааглагдсан юм.

Хана барихаас өмнө хоёр сая иргэн амжиж Баруун Герман руу дүрвэж чадсан байдаг. Хана баригдсаны дараа ч хил давах гэсэн оролдлого тасраагүй. Харамсалтай нь хана давах гэсэн иргэдийн олонх нь газар дээрээ буудуулж амь насаа алдсан билээ. Тэдний гэгээн дурсгалд зориулсан “Берлины хана” гэдэг музей Германд байдаг. 2004 онд Берлины ханыг нураасны 15 жилийн ойгоор нэгэн хөшөөний нээлт болсон байдаг. Уг хөшөө нь Чарли шалган нэвтрүүлэх цэгийн хажууд байдаг бөгөөд 1065 загалмайг байрлуулсан гэнэ. 1961-1989 онд Берлины ханыг давах гэж байгаад баригдаж амиа алдсан хүмүүсийн тоо ажээ. Хамгийн анх 1961 оны 8 дугаар сарын 24-нд Литфин Гюнтер хэмээх залуу оргох гэж байгаад амиа алдсан бол 1989 оны 2 дугаар сарын 6-нд Крис Гүдфрой гэх эр сүүлийн хохирогч болон түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.

Литфин Гюнтер

Тэрээр хана давах гэж оролдоод буудуулсан юм.

1989 оны 11-р сарын 9-нд 28 жилийн турш Германыг тусгаарлаж байсан Берлины ханыг нурааснаар зүүн Германд коммунист дэглэм нуран унасан юм. Тэр үед баруун Германы Канцлер байсан Хэлмут Кол хоёр Германыг алхам алхамаар нэгтгэх тухай 10 зүйл бүхий төлөвлөгөөг 11 дүгээр сарын 28-нд Бундестагт танилцуулснаар нэгдэх процесс эхэлсэн гэдэг. 12 дугаар сарын 3-нд зүүн Германы улс төрийн товчоо огцорч 12-р сарын 22-нд Бранденбургийн хаалгыг нээснээр хоёр Герман нэгдсэн түүхтэй.

Хоёр Германыг заагласан Берлины хана. Дундаа 30 м өргөнтэй аюулгүйн бүстэй.


Берлины ханаас үлдэж хоцорсон ханан дээр зурсан уран зураг

Берлины ханхан дээр зурсан дарангуйлагчдын зураг

Берлины ханан дээр зурсан энэ уран зургийг үзэх гэж сая сая жуулчид ирдэг.

Өнөөдрийн Берлин Бранденбургийн хаалга

Өдгөө Берлины хананы дурсгал болгож 8 км ханыг хэвээр үлдээжээ.


Берлины хана байсан газрыг ийнхүү тохижуулжээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт