ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Зургийн тайлбар ямар чухал болохыг эндээс харж болно.

    Бидэнтэй дэндүү ойрхон хэрнээ, хол хүн гэж түүнийг тодорхойлчихсон байдаг зохиолч, яруу найрагч Л.Өлзийтөгс фэйсбүүк хуудаснаа О. Баярсайхан гэх хүний зургуудаас мэдэрсэн мэдрэмжээ уншигчидтайгаа хуваалцлаа. 

    БОСС-ГЭРЭЛ ЗУРАГЧИН
    Өнөөдөр нэгэн гэрэл зургийн page-ийг санаандгүй үзтэл их таалагдлаа. Зурагчны нэр Оросоогийн Баярсайхан. Уг нь германд геофизикийн мэргэжлээр төгссөн хүн. “Магнет Импорт” компанийн захирал. Нөхрийн минь “нутгийн найз”, Баянхонгорын уугуул юм. 
    Баярааг бизнесийн хүрээнийхэн андахгүй биз ээ, харин урлаг сонирхогчид төдийлөн сайн танихгүй. Тиймээс урлагт дуртай уншигчиддаа танилцуулъя гэж бодлоо. 
    Нэг удаа би түүний удирддаг компанийн ажилтантай санаандгүй танилцаад хэдэн үг сольтол Баярааг үргэлж БОСС гэж нэрлэж, дуудаад байв. “Баяраа гэдэг шүү дээ, нэрээр нь хэлээч!” гэсэнд “Миний хувьд бол үргэлж БОСС л доо. Баяраа ахыг би өөрөөр төсөөлж ч чадахгүй, босс бол зөвхөн босс л байдаг” гэж билээ.
    Үгүй шүү, Боссууд зөвхөн БОСС л байдаггүй :)) Тэдний зарим нь олон төрлийн авьяастай, өндөр боловсролтой, бүтээлч сэтгэлгээтэй, уран бүтээлчийн сэтгэлтэй байдаг. Баяраа ГЭРЭЛ ЗУРАГЧИН болоод удаагүй ч их сайхан зураг авдаг болжээ. Зураач аавынх нь мэдрэмж, сэтгэл өвлөгдсөн бололтой, нуугдмал авьяас нь гэнэт илэрч, эгээ л шүлэг шиг агшинг ЗУРАХ болсон түүний “амьдралын шинэ сонголт” надад их сонирхолтой санагдав. Компанийн нүсэр ажил, бизнесийн үймээнт ертөнцөөс татгалзаад урлагт өөрийгөө зориулах болсон түүний сэтгэлийн баян ертөнцөөр таныг аялуулъя. Өөрийгөө олох нь амьдралыг таньсны шинж гэх. ӨӨРИЙГӨӨ ОЛОХ. Хэзээ олох нь чухал биш, олох нь л чухал!
    Orsoo Bayarsaikhan Photography хуудсаас энэ зургуудыг авлаа.

    Маш их таалагдсан зураг. “Сумын наадмын үзэгч” гэдэг нэртэй. 
    Монголчууд бид бол морин дээрээ зогсож байгаад ч болов хананы цаадхийг харах гэж хичээж буй хүмүүс! Ертөнцийн соёлоос ийм аргаар ч болов хүртэж л байна, болж л байна. Гэхдээ нэг л дутуу! Нүүдэлчдийн тулж очсон хана. Суурин амьдрал ба хязгааргүй тал нутаг.

    Хамт төрсөн хоёр гөлөг өвлийг хамтдаа давж чадсангүй. Нэг нь хөлдөж үхээд, нөгөө нь халуун амьсгалтайгаа л байна... Амьсгаа хураасан тэр гөлгийг ч, амьсгаатайгаа буй гөлгийг ч өрөвдөнө. Цасны хүйтнээс болоогүй, хүмүүний хүйтнээс л болсон юм шиг санагдах үхэл!

    Хүүхэд байхад усны гутал их гоё санагддаг байж билээ. Тэр үед их ховор байсан л даа. Нэг удаа Эрдэнэтээс эгч маань ягаан өнгөтэй, бөөрөн дээрээ гурван улаан зураастай, усны гутал явуулжээ. Тэгэхэд би таван настай байсан санагдана. Өдөржингөө, бүр халуун наранд хөлөө хөөтөл нь усны гуталтайгаа гадуур гүйлээ, тайлахыг ч хүсэхгүй байлаа. Гэвч “Хөл нь бүр хөөчихөж, муухай резин гутал” гэж уурлаад ээж нөгөө гутлыг минь далдын далд хийчихэв. Гэтэл маргааш нь, ээжийг ажилдаа явсан хойгуур гэнэт бороо ороход би усны гутлаа хайгаад олоогүй тул өглөөнөөс орой хүртэл сандаалтайгаа ус туучив, хөл минь даарсандаа болоод агшиж, час улайсан байж билээ:))
    Ус туучин гүйх, гэхдээ бүр хөлөөрөө дэвслэн дэвслэн хавь ойртоо ус үсэргэн тоглох гоё шүү.

    Өмнөговь аймгийн НОМГОН сум хэмээх хаягтай энэ зургийг харангуут Явуухулангийн гайхамшигт шүлэг сэтгэлд амилав:
    Хар ус нуурын шагшуурга
    намрын салхинд исгэрнэ. 
    Харахад нэг л уйтгартай
    намс намс бөхөлзөнө...

    УУЛС ямар өөр өөр өнгөтэйг хараач!
    Цаана байгаа энэ хөх уулс наана байгаа хэдэн бор толгодынхоо бараан өнгийг хурцатган, тодруулж өгч байна. Хүчирхэг хүмүүсийн нөлөөн дор хүч муутай хүмүүсийн ааш аяг ийнхүү тодордог. Цаана буй тэр өндөр хөх уулс зөвхөн өөдөө, тэнгэр өөд харна. Тэр ч байтугай жижигхэн толгодыг нөмөрлөн, нар салхинаас хамгаалан, оршин тогтнохуйд нь нэмэр болж байна. Гэвч хүмүүс ихэнхдээ наад талын жижиг толгодыг л тойрон эргэлдэнэ. 
    Нөгөө талаас нь харъя. Жижиг бор толгод ч гэсэн өөрийн өнгөгүй, сүргүй байдлаараа цаадах өндөр хөх уулсын өнгийг ч, сүр хүчийг ч, гоо сайхныг ч улам тодотгожээ. Атаархуу хүмүүс дайрч давшлах бүрийдээ өндөр хүмүүсийн өндөрт оршиж буйг улам л сануулж, өөрийн намхан жижгийг улам тодотгодог. Авьяасыг хэрэв өгөгдөл гэх юм бол ийм л хөх уулстай, цаанаасаа төрчихсөн гоо сайхантай зүйрлэлтэй. 
    Яг энэ зураг дээрх шиг уулсын хажуугаар бид олонтаа явж өнгөрсөн байж таарна. Харин яг энэ гоё өнгийг, энэ тод ялгааг, энэ эсрэг тэсрэгийн гоо сайхныг ихэнх маань хараагүй, анзаараагүй өнгөрсөн биз ээ. Урлаг яг л ийм. Бидний ихэнхэд нь наадах бор толгод ойрхон тул цаадах өндөр уулын аугаа ихийг анзаардаггүй ээ.

    Баяраа энэ зургаа “Улаанбаатар”” хэмээн нэрлэжээ. Жирийн л нэгэн бүсгүй. Гэвч энэ зураг нэг л сайхан. Учир нь энэ залуу бүсгүй асар том гинжний наад талд биш, цаад талд сууж байна.

    ТЭРЭЛЖ гэдэг нэртэй энэ зургийг хараад эртний нэгэн хүсэл минь сэргэв. Нэг охин надаас “Та яруу найрагч болоогүй бол ямар ажил эрхлэх байсан бэ?” гэж асуусан юм. ОЙН МАНААЧ гэж би хариулсан. “Тоглож байна” гэж бодох шиг болсон. Гэвч үнэнээ хэлсэн юм. Битүү модтой уулын нөмөрт жижигхэн байшин бариад, тэр уулыг МАНАЖ ширтэж суух шиг сайхан ажил хаана байх вэ. Ууланд манан татахыг үзэх гоё. Тэгээд эгээ л Нямсүрэн ахын шүлэг шиг “манан дундаас бугын нүд тодрох”-ыг хүлээх гоё. Ингэхэд Баяраа! Манан дундаас бүдэгхэн тодорч буй бугын дүр, бүр чадвал, манан дундаас нэвт харж буй бугын нүдний зураг заавал аваарай.

    Хүрээгүй байхад уулс өчнөөн өндөр харагддаг. Хүрчихсэн хойноо л тийм ч өндөр биш болохыг нь мэддэг. Яагаад гэвэл цаана нь үүнээс өндөр уулс хүлээж байгааг оргил дээр гарсан хойноо л олж үздэг юм. Утга зохиол яг үүнтэй адил. Өөрсдөө ном бичдэггүй, дөрвөн мөр ч холбож үзээгүй хүн бол утга зохиол дахь уулсын өндрийг ч намханыг ч мэдэхгүй. “Энэ муу уул их намхан юм аа, тэр өндөр уулын дэргэд бол жижигхэн юм аа” гэж муучилна. Гэвч өөрөө нэг ч уулын орой дээр гарч үзээгүй тул жинхэнэ өндөр гэж юу болох, бас жижиг намхан гэж ямар болохыг үнэндээ мэдэхгүй. Эхний өндөр уулан дээр гарчихсан хүнд бол доор зогсоод донгодож буй “тахианууд”ямар жижигхэн харагдаж буйгаа төсөөлөх ч үгүй. Шумуулууд тасралтгүй шунгиналаа ч бид “үгийг” нь сонсдоггүй шүү дээ. Намагт шигдсэн нэгнийг юу ч гэж орилсон, хашгирсан гэсэн УУЛЫН ОРОЙ дээр байгаа хүн сонсохгүй. Ойрхон зуурханыг ярин, орилж үсчих түүнийг бол холыг зорьсон аянчид хорвоогийн өндрөөс хараад шоолж, тохуурхлаа ч доор байгаа хүнд үг нь ч, дуу нь ч сонсогдохгүй, инээмсэглэл нь ёжлол нь үзэгдэхгүй. Мэлхийнүүд намаг дотроо тасралтгүй шаагиж, жигүүртнүүд харин өндрийн өндөрт чив чимээгүй хөвөн нисч байдаг.

    Миний бодол. Миний л бодол шүү: Алив ХӨРӨГ-ийн хамгийн төгс дүр төрх бол өвгөд, эмгэд. Надад нялх хүүхдийн хөрөг, алдартнуудын хөрөг, сайхан бүсгүйн хөрөг хэзээ ч сонин санагдаж байгаагүй. Харин өвгөд эмгэдийн хөрөг үргэлж гоё байдаг.

    Хонгорын Элс. Сайн гэрэл зурагчид бол МОНГОЛЫГ СУРТАЛЧЛАГЧ эх оронч- сэтгүүлчид юм. Ийм зураг хараад ийшээ ирэхийг хүсэхгүй хэн байх билээ.

    Хөөрхөн зураг байгаа биз! Баяраа энэ зургийг СЕЛФИ хэмээн нэрлэжээ. Цасан дунд зогсоод өөрийнхөө зургийг авч байна. Цастай селфи, бороотой селфи, бодож авсан селфи!Магад тэр өөрийн зургийг биш цасны зургийг авч байж ч мэднэ. Өөрийнхөө зургийг авахдаа ч өөр ямар нэгэн юмны тухай өгүүлж чаддаг байвал сайн сан.

    Багадаа Өгий нуур руу хэд хэд очиж байсан. Маш их шувуутай нуур байв. Харин өнгөрсөн жил очтол огт өөр болжээ. Гэхдээ л Өгий нуурын энэ зургийг хараад их гайхав. Олонтаа очиж байсан нуурынхаа энэ гоё хөх өнгийг яагаад олж харсангүй вэ!

    Баяраа энэ зургаа НАМАР ГӨЛӨГЛӨСӨН МОД гэж нэрлэжээ. Буруу нэр өгсөн байна. Миний өгөх нэр бол ШҮЛЭГ.


    “ЛИ мөрний загасчин өвгөн” хэмээх энэ зургийг харах үед дорнын өвгөдийн тухай ном уншиж байгаа мэт сэтгэгдэл төрөв. Хэдий нас дээр гарсан ч гэлээ энэ өвгөн өөрийнх нь дээр нүүгэлтэх сүрдэм бараан үүлс шиг нууцлаг бас хүчирхэг санагдана.

    АГШИН. Гэрэл зураг дахь АГШИН бол цаг хугацааг зогсоож чадсаны үр дүн! Яруу найрагч, гэрэл зурагчин хоёр л цагийг зогсоож чаддаг.
    Загасчин өвгөний шидсэн тор бол хөдөлгөөнгүй хөдөлгөөн.

    БӨӨН ЦАГААН НУУР бөөн шар өнгөөр тунарна.

    Энэ зураг сая надад их хэрэг болов. Хүүхэд маань надаас “Ээж ээ заг гэж ямар мод байдаг юм бэ?” гэж хэд хоногийн өмнө асуусан. Би муухан тайлбарласан бололтой тэр нэг л сайн төсөөлж чадаагүй үлдсэн. Тэгсхийгээд хэн хэн нь мартчихаж. Харин энэ зургийг хараад өнөөх асуулт гэнэт санагдахад хүүхдээ дуудаж үзүүлэв. Гэрэл зурагчид бол үнэгүй БАГШ, байгаль хамгаалагчид, бас амьд ТОЛЬ БИЧИГ-үүд юм аа.

    Энэ зургийн яг тэр үүлийг харахад Мирогийн зураг эрхгүй санаанд оров. Цагаан өнгөний олон талыг бид мэддэггүй. Цав цагаан өнгө рүү ямар гэрэл тусахаас шалтгаалж цагаан өнгө өөр өөр харагддаг юм билээ. Хүмүүс бид цагаан өнгөтэй л адил. Хэрэв ХАР хүн чам руу харвал чи нэлдээ ХАР л болж харагдана. Харин ШАР хүн чам руу харвал чи алтран гэрэлтэж эхэлнэ. Олон өнгийг ялгах чадвартай, хурц нүдтэй хүмүүс чиний ягаан өнгийг бусдаас ялган хараад магтах үед чи сарнай шиг дэлгэрч эхэлнэ.

    Үүлсийг хараад би тэнгэрийг биш Айвазовскийн далайг харав.

    Энэ зураг харин СЭТГҮҮЛЧ-ийн ажил юм. Фото сэтгүүл зүйн гайхамшигтай тал бол нэг ч үг хэлэхгүйгээр мянган үгийг хэлж байдагт оршино. Ямар хүнийг ТЭНЭГ гэх вэ хэмээн нэг уншигч асууж билээ. Энэ модыг боож хүлсэн тэр хүнийг лав ТЭНЭГ гэнэ. 
    Энэ тэндээсээ тайруулж огтлуулсан, хүлүүлж ороолгосон энэ МОД бол хотын бидний дүр төрх ч мөн. Бид ингэж л амьдардаг.

    Амар амгалан. Бас хүлцэл. 
    Магад энэ морь цасны хүндийг мэдрэх агшиндаа санаа алдаа биз ээ.

    Энэ зургийн гайхамшиг нь тэр модод ч биш, сүүдэр бас өнгө нь ч биш. Харин зурагчны нүд юм.

     

     
     
    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй