Цөлжилт хүний үйл ажиллагаатай салшгүй холбоотой. Тухайлахад тариалангийн талбайг цэвэрлэх, ан хийх, нийгмийн зөрчил хямралыг арилгах зорилгоор түймэр тавих нь цөлжилт үүсгэх нэг шалтгаан болдог байна. Түүнчлэн голын гольдрол урсгалыг өөрийн хүсэл таашаалдаа нийцүүлэн өөрчлөх нь ч цөлжилтөд хүргэдэг нэг шалтгаан юм.
Хүний үйл ажиллагаа, хүний оролцоотойгоор цөлжилт үүсэж байгаа баримтуудыг танилцуулъя. Үүнд салхи, уснаас үүдэн элэгдэлд орсон газар дээр тариалан эрхлэх, хөрс атарших хугацааг нь хүчээр богиносгох, органик, эрдэс бодисын дутагдалд оруулах, эмийн ургамал, өвс, бутлаг ногоотой бэлчээрийг сонгомолоор талхлах, модны нөөцийг ялангуяа түлшний модыг их хэмжээгээр хэрэглэх, гал түймэр тавих, тухайн орчин нөхцөлд тохироогүй машин тоног төхөөрөмж хэрэглэх зэргээр хөрсний бүтцийг эвдлэх, голын гольдролыг өөрчлөх, давстай, шүлтлэг ихтэй усаар хөрс услах зэрэг хүний буруутай үйл ажиллагаа цөлжилт үүсэхэд нөлөөлж байна. Ерөнхийд нь авч үзвэл цөлжилт бэлчээр талхлах, ой мод огтлох, хөдөө аж ахуй, хотжилт, уур амьсгалын өөрчлөлт, уул уурхай, байгалийн гамшиг зэргээс шалтгаалан бий болж байна.
Цөлжилтийн уршгаар газар тариалан эрхлэх боломжгүй болж, тариаланчид нутаг орноо орхисноор цөлийн бүс улам эзгүйдэх, өлсгөлөн нүүрлэх, ядуурал зэрэг олон асуудал шилээ даран гарч ирнэ. Зөвхөн хүн төдийгүй амьтад өлсөж ундаасан, улмаар хүнсний хомстол улам нэмэгддэг. Мөн ургамал ногоогүй газар нутаг үерийн аюулд өртөмтгий болдог. Ургамал усыг цэвэр цэнгэг байлгахад тодорхой үүрэгтэй учраас цөлийн бүсэд усны чанар мууддаг байна.Цөлжилт нь эцэстээ хүн амын хэт төвлөрөлд хүргэж, урт хугацаандаа дахин цөлжилт явагдах эцэс төгсгөлгүй тойргийг бий болгодог байна. Ийм учраас цөлжилтийг зогсоохын тулд ой модыг дахин тарьж ургуулах, ус хэмнэх, саарал ус ашиглах, борооны ус тосох, далайн усыг шүүх, давсанд дуртай ургамлын усалгаанд далайн усыг шууд ашиглах, усны менежментийг сайжруулах, хөрсний бүтцийг баяжуулах, хэрэм, хашаа, далан босгох гэсэн механик аргаар цөлжилтийг зогсоох зэрэг олон ажлыг хийж хэрэгжүүлэх боломжтой.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт