Америкийн эрдэмтэд хуванцрын найрлагад ордог бисфенол А нь бэлгийн гормоны үйл ажиллагааг бууруулж, хөхний хорт хавдар үүсгэж, эр бэлгийн эсийн тоог илэрхий бууруулдаг болохыг тогтоосон.
Тэгвэл манай улсад өнгөрсөн онд гурван аймаг, Улаанбаатар хотын 297 өрхөд хийсэн судалгаагаар нэг өрх дунджаар 20-100 литрийн багтаамжтай 3-4 ширхэг хүнсний зориулалтын бус хуванцар сав хэрэглэдэг нь тогтоогдсон юм.
Түүнчлэн хуванцар савны олон улсын ангиллын 1-7 хүртэлх тоон тэмдэглэгээ, эрүүл мэндэд яаж нөлөөлдөг, хэрхэн зохистой хэрэглэх талаарх иргэдийн мэдлэг бага байжээ.
Иймд эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх бодит хүчин зүйл болж байгаа хүнсний зориулалтын бус хуванцар савыг хэрэглээнээс гаргах, иргэдэд мэдээлэл түгээх зэрэг цогц арга хэмжээ авах шаардлагатай тулгарч, Засгийн газраас “Сав баглаа боодол” үндэсний хөтөлбөр батлан гаргасан байна.
Тус хөтөлбөр нь хүнсний бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйг хангах; сав, баглаа боодлын үйлдвэрлэлийг төрөөс дэмжих; “Хөх сав”-ыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэл, импортын бүтээгдэхүүний асуудалд онцгой анхаарах юм.
Мөн өндөр хөгжилтэй орнуудын сав баглааны техникийн ерөнхий шаардлага, стандартыг эх орондоо нутагшуулах, ногоон худалдан авалт, ногоон хөгжлийн үзэл баримтлалыг нэвтрүүлэх, хэрэглэгчдийн сонголтод нөлөөлж хуванцар савны хэрэглээг халахад энэ хөтөлбөр чиглэж байгаа юм.
Манай улсын хувьд сав, баглаа боодлын нийт хэрэглээнийхээ 30 орчим хувийг дотоодоос, 70 орчим хувийг импортоор хангаж байна.
Хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа боодлын импортын хувьд нийт хэрэглээний 85 хувийг БНХАУ-аас, үлдсэн 15 хувийг ОХУ, БНСУ, Япон улсаас импортолж байгаа юм.
Бэлтгэсэн: Т.Сэмжаантамжид
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт