Эх орны баруун хязгаар, бат цайз Байтаг богд түүнийг сахин хамгаалагч буурал түүхт Үенчийн отрядод томилолтоор ажиллах аз тохиолоо. Миний бие үүнийг хүн болж төрсөн заяанд минь тохиосон бас нэгэн хүндэтгэх хувь тохиол гэж хүлээн авав. Хилийн цэрэг гэх энэ айлын өндөр босгыг давж, халуун ам бүлд багтсанаас хойш наран мандах нутаг, ээрэм их тал, алтран шаргалтах их говийг туулж, баялаг түүх намтрыг нь сонсч, бахархам сайхан хилчидтэйгээ уулзаж байсан удаатай билээ. Энэ уулзалт бүрийг сэтгүүлч миний бие дээдийн их хувь тохиол гэж хүндэтгэнэм. Энэхүү хүндэтгэлийн минь үргэлжлэл энэ удаад эх орны баруун хязгаарт хөлгийн жолоо залснаар өртөөлж байгаа минь энэ билээ.
Бүлгийг ХХЕГ-ын дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын дарга, хурандаа Ц.Гансүх ахалж, түүний бүрэлдэхүүнд СМССХ-ийн дарга, хурандаа Х.Энхтайван, ОНХА-ны хэсэг нөхөд болон замын хол, бартааг үл ажирах жолооч, ахлах ахлагч Б.Эрдэнэбат нар багтсан юм. Холын замд дээдлэх олон сайхан тогтсон уламжлал, жаяг ёсон бий. Бид ч бэлгэдэл юугаан бодож тухайн өдрийн морин цагт хөлгийн жолоог залав. Бүлгийн гишүүн бүр 1500 км замыг хамтдаа эмхэрдэж сайн сайхан, хоржоонтой хөгжөөнтэй яриагаар аян замаа түргэвчлүүлэн давхина. Нэгэн бүлэг болсон бид эх орны баруун хязгаар, баатарлаг хилчдийн өлгий нутаг, баялаг түүхт, Хилийн цэргийн ууган отряд Хилийн 0130 дугаар ангийн зүг тэмүүлэн зорьж яваа нь энэ. Ингэж тэмүүлэх эхний зорилго нь Монгол Улсын 8252.6 км торгон шугамыг бүтэн жилийн турш тойрох зөвхөн хилчин хүнээс гарах зоригийг өвөртөлж яваа бэлтгэл хурандаа В.Дамдинсүрэнтэй уулзаж нийт хилчдийнхээ өмнөөс хүндэтгэл үзүүлэх явдал байлаа. Түүнтэй бид эх орныхоо дархан хилийн төлөө халуун амь, бүлээн цусаа урсгасан Байтаг богдын өвөрт уулзахаар болзоо тавьсан юм. Мөн Хилийн цэргийн штабын дарга тус ангийн ажил байдалтай давхар танилцах зорилгыг агуулсан байлаа.
Хотоос гарсаар нэг шөнө, хоёр өдрийн турш довтолгох зуурт хонгор нутгийн тал хөндий биднийг үдэхтэй зэрэгцэн Алтайн их уулс аав шиг минь дүнхийн тосон угтах аж. Энэ цаг мөчөөс эхлэн Алтайн сүрлэг уулс бидний замыг түшин хамтдаа өндөлзөн давхина. Холын зам эвхээс нь эмхэрдэх тусам уулсын сүр хүч улам тодрох нь уулга алдуулам сайхан аж. Ийнхүү явсаар хадан хавцал дунд хурдан хар хөлөг минь шургалан оров. Ихэд өндөр хадан хавцал. Тэгсэн атал тэрхүү сүрдэм хадан хавцлын голд малчин айл хаваржина. Хонь, ямаа нь хадан дундаа хэзээний дасал болсон янзтай бэлчээрлэх юм. Тэр ч бүү хэл сүүлийн үед хөдөөний ганц уналга болсон саарал УАЗ-469 хөлөг нь хүртэл энэ эгц хадны хаагуур гараад тэхий голд нь гэрийн хажууд зогсчихсон нь гайхшрал төрүүлнэ. Хэдэн мянганы турш Ховд аймгийн Цэцэг сумын ардууд нүүдэллэж, өвөлжөө, хаваржаагаа зэхэж ирсэн энэ газар нутгийг Барлагийн хавцал гэдэг аж. Харин өдгөө энэ хавцал дундуур нямбайлан тавьсан “Нүүрсний зам” зурайна. Нутгийнхан ингэж нэрлэдэг юм билээ. Учир нь Хөшигтөөс нүүрсээ төвөггүй зөөвөрлөхийн тулд энэхүү урт холын хавцал дундуур тахиралдуулан Барлагийн голтой сүлжилдэх хавцлын энэхүү замыг тавьжээ. Ингэж үүлс шүргэм уулсын дундуур давхисаар Үенчийн отрядод оройн 22.00 цагт буув. Ховдын Дарви сумаас эхлэн цагийн бүсийн зөрүүнд баруун аймгийнхан шилждэг тул Улаанбаатарын цагаар 21.00 цагт аяны тоосоо гөвж, хоол, цайгаараа аянчдын алжаалыг ор мөргүй хөөх хилчин бүсгүйчүүдийнхээ сэтгэл шингэсэн зоогийг хүртэв. Биднийг тус ангийн захирагч, хурандаа Э.Энхтайван, ангийн нэгдүгээр орлогч, штабын дарга, дэд хурандаа О.Азхүү, Ар тал, хангалтын албаны дарга, дэд хурандаа М.Хуанган нар тосон авсан юм. Ингээд бидний алсаас зорьсон ажил маргааш өдрөөс эхлэн шил шилээ даран өрнөлөө.
ҮҮЛС ШҮРГЭМ УУЛСЫН НУТАГ ҮЕНЧИЙН ОТРЯДООС
Олон ястны өлгий нутаг Ховд нутагт хавар авхай аль хэдийнэ айлчилжээ. Миний зураглалд баруун аймгууд цас ихтэй, хүйтэн байна гэж төсөөлөгдсөн нь ийнхүү байдал дээрээ зөрүүтэй байв. Алтай уулсын оргил, замд таарсан мөнх цаст Сутай хайрханы оройд цайран харагдах цаснаас өөр өвлийн шинж тэмдгийг олж харсангүй. Үенчийн отряд их уулсаар хүрээлэгдэх атал говийн элсэрхэг хөрс бүхий нутаг юм. Тиймээс ч Үенч сум модлог ургамал багатай хэдий ч анги дотор, хашааны гадна талд хангай нутгийг санагдуулам хус, улиас олон харагдана. Жагсаалын талбайг тойруулан чацарганы мод тарьжээ. Өглөөний цайн дээр дайлсан чацарганын шүүс эндээс улбаатай аж. Сумын төвд хилийн анги байрлах нь олон давуу талтайг засаг дарга нар ёстой андахгүй. Хилчдийн ажилсаг, орчин ахуйдаа ихэд анхаардаг нь сум орон нутгийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулдаг. Энэ жишгээр Үенч сум Ховд аймгийн тэргүүний сум болсон аж. Ангийн хашаанд ургасан төд удалгүй гөлөглөх модон дээр шувуу үүрээ зассан харагдана. Үүрнээс өнгөлзөх бяцхан ангаахайнуудын ганганаа хаврын цаанаа л элчтэй ээх нартай хослох нь таатай. Өглөө эртлэн боссон миний бие энэ бүхнийг ажиглан харж амжив.
Өглөөний 08.00 цаг. Хилийн 0130 дугаар ангийн бие бүрэлдэхүүн аранзал улаан тугаа ёслол төгөлдөр залж, жагсаалд бэлэн зогсчээ. Бидний гол ажил төв дээр биш заставт өрнөх тул ангиас яаравчлан хөдлөв. Бүлгийн машинаас гадна ангийн төвөөс нэг машин нэмэгдэн гарлаа. Энэ машинд Хилийн 0130 дугаар ангийн Хилийн албаны дарга, хошууч Д.Даваахүү болон Олон нийттэй харилцах албаны багийнхан багтсан юм. Энэ нутгийн суугуул хүнтэй нэг машинд суусан тул замд таарах сонин содон гэсэн бүхнийг асуухад төвөггүйхэн хошууч маань тайлбарлан заана. Бид Ярантын заставын зүг ийнхүү хөдөллөө. Ярант ороод Ховд аймгийн Булган сумын хажуугаар өнгөрнө. Булган сум орохын наахна талд 10 гаруй метр өндөртэй яст мэлхий дээр мөнгөн гэрэг суурилуулж “Халуун амийг минь хамгаалан манаж, хаан сууринд хүргэсэн, хайр ивээлт Торгууд түмэн минь” гэсэн үгийг худам хийгээд кирилл үсгээр хослуулан сийлсэн боржин чулуун хөшөөтэй тааралдав. Үүнийг 2015 оны зун “Дэлхийн торгуудууд” Олон улсын эрдэм шинжилгээний хурал, чуулганы үер босгожээ. Энэ хөшөөг ХЗЯ-ны бодлого хэрэжилтийг зохицуулах газрын дарга Б.Үнэнбатын санаачилга оролцоотой босгохоос гадна байрлуулж босголцоход хүн хүчээр манай хилчид ихээхэн тус болсон тухайгаа бидэнд хуучиллаа. Чингис хаан Их Монгол Улсыг байгуулсны дараагаар баруун зүгт явуулсан аян дайны замдаа Булган голын савд буудаллаж амраад явсан гэдэг. Энэ үйл явдалд зориулан Булган сум орох их замын дэргэдэх хадан толгойн оройд ийнхүү хөшөөг сүндэрлүүлжээ. Монгол Улсад байгаа хамгийн том хөшөө аж. Булган сум торгууд түмний өлгий нутаг. Тэр дундаа БНМАУ-ын баатар Э.Шийлэг, Б.Бадам нарын өлгий нутаг юм. Булган сум тэднийхээ гэрэлт хөшөөг мөн сүндэрлүүлжээ. Энд Хилийн 0130 дугаар ангийн анхны төв байр байрлаж байсан аж. Одоо харин Зэвсэгт хүчний анги байрлаж буй.
Булган сумын сонин сайхныг ийнхүү сонирхоод төд удалгүй Ярантын заставт хүрэлцэн ирэв. Хурандаа Ц.Гансүх заставын аж байдалтай танилцаж цагийн байдал өгч, бэлэн байдлын шалгалт ч аваад амжлаа. Энэ хооронд сэтгүүлч миний бие заставын орчин тойронтой танилцаад амжив. Тун тохилог тоосгоор өнгөлсөн хоёр давхар байртай. Заставын байр объектоор орохоос эхлээд англи үгнүүд өөрийн эрхгүй нүдэнд тусна. Хэл сурахын үндэс нь үг цээжлэх гэдэг. Ингэхийн тулд нүдэнд харагдах газар бүртээ үг наадаг шилмэл арга бий. Энэ зарчмаар нэг давхрынхаа хананы хоёр тал болон шатаар өгсөхөд эдгээр англи үгнүүд хэний ч нүдэн харагдахуйц аж. Хэл сурах эрдэмдээ Ярантын заставынхан ихэд шамдаж буй нь энэ үйлдлээс тодорхой харагдана. Заставт ийнхүү богино хугацаанд ч гэлээ шуурхай ажилласан бүлэг цааш Уушиг, Булган боомт, Байтагийн заставууд хүлээж байгаа тул яаравчлан хөдлөв. Бидний дараагийн зогсоол Булган боомт байлаа. Булган боомт өнгө төрхөө ихэд өөрчилснийг урьд өмнө нь байсан хүмүүс дуулгалаа. Урьд нь ажилчид гэр барин амьдардаг байсан бол өнгөрсөн жил 12 айлын цэвэр, бохир, дулаан нь шийдэгдсэн орон сууц барьсан аж. Ажилчдад тав тухтай орон сууц гэдэг ажлаа үр бүтээлтэй хийх томоохон хөшүүрэг нь болдог гэдгийг энэ үеэр хилчид тун олзуурхан хуваалцаж байлаа. Үйл явдал ихтэй нэг өдөр ийнхүү хэвийж нар жаргах тун дөхөв. Нар жаргах гэснээс энд нар жаргаж, мандах нь зүүн зүгийн нутгаас арай өөр юм билээ. Нар удаан аажуухнаар хөөрдөггүй. Уулны цаанаас нар мандах нь гэж хүлээх зуур гэв гэнэт зулай дээр гартал хөөрчихнө. Жаргахнуудаа гэтэл гэнэт уулсын цаагуур ороод алга болчихно. Бид Байтагт хүрч хонох төлөвлөгөөтэй байсан боловч оройтсон тул Уушигийн заставт үдлэв. Өглөө эртлэн заставын бие бүрэлдэхүүнтэй уулзалт хийгээд хөдлөх үүргийг бүлгийн дарга өгсөн юм. Уулзалт уламжлал ёсоор болж өнгөрлөө. Гэхдээ онцлох зүйл бий. Хил хамгаалах байгууллагаас дэвшүүлсэн зорилт нэг. Харин зорилтод хүрэх арга зам олон бий гэдэг нь Уушигийн заставт харагдсан юм. Уушигийн заставынхан “Бие бялдраар манлайлагчид”-ын самбартай болжээ. Самбарын эхний эгнээнд алба хаагчдын цээж нүцгэн зураг байх бөгөөд зургийн харалдаа доод талд сар бүрийн цэргийн хэргийн шалгалтын үзүүлэлт дүн, биеийн өндөр, жинг нь өнгийн цаасан дээр ярайтал бичжээ. Энэ дүн, үзүүлэлттэй цаас сар бүр шинэчлэн тавигдана. Ингэж явсаар жилийн эцэст өөрчлөлтөө дүгнэж, аваргаа шалгаруулах аж. Бие бүрэлдэхүүний үзүүлэлт, мэдээлэл олны өмнө нээлттэй тул өрсөлдөөн илүү ширүүн болж байгааг энэ үеэр заставынхан ярьж байлаа.
БИДЭНД ҮЛДЭЭСЭН ЭХ ОРОН МИНЬ БУЮУ БАЙТАГ БОГДЫН ӨВӨРТ УЧРАН ЗОЛГОВ
БНМАУ-ын баатар Б.Гивааны нэрэмжит Байтагийн заставын хариуцсан Байтаг богдын энгэрт иржээ. Баруун суганд нь Бүдүүнхаргайт шуугин урсана. Энэ эрхэм нутагт хөл тавьсан хэнбугай ч баруун хилээр халдаж ирсэн дээрэмчдээс эх орныхоо дархан хилийг хамгаалж байгаад баатарлагаар амь үрэгдсэн хилчдийн өлмий дор хүндэтгэл үзүүлэх нь аминаас үнэтэй эх орны минь үнэ цэнийг үеийн үед нэхэн санагалзуулах аж. Өөдөөс минь дүнхийх Байтаг богд таныг дархлан авч үлдэхийн тулд хичнээн хилчин эрс амиа өргөө бол... Энэ ууланд мөнх нойрссон эрэлхэг баатруудын гавьяагаар бид амар жимэр амьдран сууна гэж бодоход дотор минь бодол хурж, сэтгэл хөндүүрлэнэ.
Эх орноо авч үлдэхийн төлөө тэмцсэн хилчид, түүнийг нь түүчээлэн хамгаалж буй хилчдээрээ бахархах басхүү талархах сэтгэл хослож, энх цагийн үнэ цэнийг улам ихээр мэдрэх ажээ. Ийнхүү бодол сэтгэл ухаарал уужрал хослуулсан хоромд удтал хүлээсэн учрал тохиов. Зөвхөн хилчин хүнээс гарах зориг тэвчээр, холч ухаанаар жигүүрлэн аялж яваа Монголын адал явдалт аяллын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, “Тэмүүлэл” спорт клубын гишүүн, улсын шүүгч, нийгмийн эрүүл мэндийн элч, бэлтгэл хурандаа В.Дамдинсүрэнтэй аяллынх нь 95 дахь хоног дээр Байтаг богдын баруун суга Бүдүүнхаргайт дээр учран золгосон юм. Хурандаатай уулзахаас 30 минутын өмнө бид болзсон газартаа түүнийг угтан зогслоо. Ангиас бүлэг гарч эмнэлгийн үйлчилгээний болон хоолны асар, бэлтгэл ажлын хоёр гэр барьжээ. Бүдүүнхаргайт голын хүчтэй урсгалаас өөр чимээгүй энэ бэлд бяцхан найр хурим болох нь уу гэлтэй хөл хөдөлгөөн ихтэй байв. Өсвөрийн хилчид цэнхэр ёслолын хувцсаа өмсөн гүйлдэж, үлээвэр хөгжмийнхөн аялагчдын тугны үзүүр уулсын цаанаас харагдах төдийд цэргийн марш тоглож хүмүүсийн хөл хөдөлгөөнийг уламW түргэсгэнэ.
Даамиа хурандаа гарсан цагаасаа хойш зургаан аймгийн 25 сумыг дайраад 2800 гаруй км-ийг туулан ийнхүү ирж байгаа нь энэ юм. Бэлтгэл хурандаа В.Дамдинсүрэнтэй яагаад заавал Байтаг богд дээр уулзахаар төлөвлөсөн юм бэ гэж та бодож магад. Учрал болгон учиртай. Хилийн 0130 дугаар анги бол түүний амьдралынхаа дөрвөн жилийг өнгөрүүлсэн дурсамж дүүрэн отряд. Хилчин хүн ажил, амьдралаа холбосон отряд, застав бүрээ төрсөн гэр шиээ санаж, угтаж авах хилчдийг ах, дүү шигээ санан тосон золгодог. Энэ бол нэг тийм гээд үгээр хэлэхийн аргагүй зөвхөн хилчид дунд байдаг нандин холбоо юм. Даамиа хурандаагийн хувьд ажиллаж, амьдарч байсан отряд тэр тусмаа эх орны үнэ цэнийг насан туршид санагалзуулсан үнэт тамга болсон Байтаг богдын өвөрт амрыг эрэн, нүдэндээ нулимс дүүрэн учран золголоо. Сэтгэл догдолж, огшихгүй байхын аргагүй учрал. БНМАУ-ын баатар Б.Тэгшээ, Л.Даваадорж, Б.Гиваан нарын гурван баатрын эцсийн цусаа дуустал тулалдсан өндөрлөг ч баясан байх шиг.
Холын хүнээс үг сонс гэдэг дээ. Аяллын тухай, 95 хоног явсан өдрүүдийн тухай бид харилцан ярилцлаа. Тэрбээр гарсан цагаасаа эхлэн цагт 6-7 км алхаж, өдөрт дунджаар 40 км замыг туулж яваа аж. Говь-Алтай аймгийн говийн их уудам талд хамгийн дээд тал нь 70 км алхсан амжилт тогтоогоод байгаагаа бидэнд дуулгасан юм. Өвлийн хахир хүйтэн цаг ард хоцорч, хаврын урин цагт уулын бүстэй тэрбээр золгож байна. Мэдээж аяллыг эхлэхдээ зүгээр нэг өдөр товлоод гараагүй нь ойлгомжтой. Хилчин хүн эргэх дөрвөн улирал, бүсийн онцлог, байгаль цаг уур гээд бүгдийг нарийн сайн мэддэг байгаль ээжтэйгээ хамгийн ойрхон хүмүүс. Эх орныхоо ааш аягийг мэддэг хүний хувьд бүгдийг тооцоолон төлөвлөж, нарийн ухаан гаргасан нь илт. Түүний энэ зоригийг ч ХХЕГ-аас урамшуулан анхнаасаа дэмжсэн. Тиймээс ч эл өдөр ХХЕГ-ын дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын дарга, хурандаа Ц.Гансүх, СМССХ-ийн дарга, хурандаа Х.Энхтайван нар түүнийг алс баруун хязгаарт тосон уулзаж хүндэтгэл үзүүлж байгаа билээ. Хурандаа Ц.Гансүх залуу хойч үедээ эх орныхоо газар шорооны үнэ цэнэ, түүхийг сурталчилах, таниулах онцгой ач холбогдолтой аялал болж буйг онцлоод байгууллагын төдийгүй Монгол Улсын түүхэнд нэрээ үлдээх үйл явдал болохыг тэмдэглэв. Бэлтгэл хурандаа маань энэ аяллыг цор ганцаар туулаагүй гэдгийг хэн бүхэн мэднэ. Түүний аяллын багийг олон хилчид хамтдаа бүрдүүлж байгаа. Сэтгэлээрээ бол мянга, мянган хилчид хамтдаа эх орноо тойрч буй. Харин биеэр 180 гаруй хилчид одоогийн байдлаар өөрийн хариуцсан хэсгээрээ хамтдаа аялаад байна. Олон залуус хамт аялах хүсэлтээ анги, отряддоо урьдчилсан байдлаар хүсэлтээ гаргачихсан дуулдана билээ. Нэг талаас энэ аялал залуу хойч үеэ сэрээсэн алхам болжээ. Нас 60 гарсан ахмад хилчин өдрийн турш, тэр дундаа бүтэн жил зогсолтгүйгээр алхана гэдэг элдэв уриа, лоозонгүйгээр залуусын сэтгэлийг өөдөө дээшээ асаасан үйлдэл юм. Түүнийг замынхаа гуравны нэгийг туулах явцад нь ийнхүү бид учирлаа. Байтагт учирсан бидний тохиол сайхан байв. Түүнийг угтах олон хилчид, түүхээр баялаг хилийн застав харуул, эх орны торгон шугам хүлээж байна. Хилчдийнхээ нэр, эр зоригийг олон түмэндээ түүчээлэн таниулж буй хилчин таны аян зам өлзий учралаар дүүрэн байг хэмээн эх орны баруун хязгаар Үенчийн отярдод ажилласан тэмдэглэлээ жаргаая.
Дэд ахлагч О.БАЯРМАА
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт