Амтай болгон Тавантолгойн талаар ярих хэрнээ аврал гарц нь хаана байгааг хэн ч үл дуугарна. Монгол улсын тасралтгүй хөгжил, тогтвортой байдлын шийдэл нь Тавантолгой шиг төслүүд гэдгийг бүгд мэдэх атлаа учрыг нь олж хужрыг нь тунгаасан мэргэжлийн судлаачдыг ойлгож уншихыг ч хичээхгүй, уруу дорой болж бүтэхгүй болгоныг тоочин мэтгэлцсээр цаг хугацааг цахим ертөнцдөө өнгөрүүлнэ. Юутай гаслан, юутай харамсал вэ?
Газар доор байгаа нөөцийг хадгалаад байвал үнэд хүрдэг гэх ойлголт олон нийтийн дунд ихэд тарж, “нэр хүнд” олжээ. Гэтэл түүнийг гаргаж ирээд, зүй зохистойгоор ашиглаад, боловсруулж байж баялаг болдгийг ухаарах цаг болсон баймаар. Барьж үзээгүй, харж ирээгүй нөөцөө аль хэдийнэ зэх зээлийн үнээр үржүүлээд, олон зуун тэрбум доллар болгож хараад байгаа “томчуул”-ыг яалтай билээ. Өнөөдөр бидний ядуу амьдарч байгаа гол шалтгаан нь “Нам хооронд талцаж, лам бөө нар тааж, иргэдийн хөдөлгөөн нь эргүүтүүлж, энгийн ард нь хэрэлдсээр энэ улс хэцүүдлээ”... гэх мэт дэл сул ярианд итгэсэн дорой сэтгэлгээндээ л байгаа юм.
Өөрөөр хэлбэл “Троллдох бодлого” маш хүчтэй өрнөж, Тавантолгой төслийг чөдөрлөж байна. Монгол улсын нийт хүн амын гуравны нэг нь буюу 1.1 сая хүн олон нийтийн сүлжээнд ямар нэг байдлаар профайл хуудастай байна. Бараг 800 мянган хүн соошл сайтыг маш идэвхтэй ашигладаг. Үүнийг нь далимдуулаад массын тархийг угаах супер арга гарч ирсэн нь Troll буюу хар үгээр тайлбарлавал “коментчид”, харин жаахан нарийвчлаад илэрхийлбэл гутаасан, доромжилсон өнгө аясаар сэтгэгдэл бичих технологийг эзэмшсэн бүхэл бүтэн баг “Интернэтийн Вант Улс”-д аль хэдийн тусгаар тогтнолоо зарлажээ.
Сайтад гарсан нийтлэлийн дор хэдэн сэтгэгдэл орсноор нь үнэлдэг гажиг систем хэвлэл мэдээллийн байгууллагад тогтож, яг тэр үзүүлэлтээр нь бизнесийн байгууллагууд харилцаа үүсгэдэг болсноор Троллчдын эгнээ бүр өргөн фронт болсон. Зөвхөн уул уурхайн салбар гэсэн чиглэлээр давшдаг байсан тэд одоо Тавантолгой төслийн үг өгүүлбэр болгон дээр “ажиллаж”, бүр цалин хөлс авч, цаг хугацаа орон зай үл хамааран нийгмийг өдөөн хатгаж, олон нийтийн санаа бодлыг самууруулан турхирахад хамаг бүхнээ зориулсаар байна. Тэдний арга улам нарийссаар. Эрдэс баялгийн талаар сайн агуулга яригдсан нийтлэл бүрийн дор нууц нэрээр нэвтрэн орж янз бүрийн маргаан дэгдээдэг бөгөөд, мэдээлэл мэдлэг багатай иргэд даган хошуурахаас өөр аргагүй байдалд ордог. Ийм байдлаар ямар ч ажлыг хар бараан болгон харагдуулах, хөлсөлсөн эзэндээ өндөр ашиг авчирдаг бохир хэрэгслийг улс төрчид бүр их хэрэглэдгийг троллчид өөрсдөө батлан сайрхах нь бий.
Ханиадны вирус хүртэл мутацид ороод хэр баргийн эмчилгээнд дарагдахаа больсон шиг таны амьдралд тустай, улс орны хөгжилд хэрэгтэй Тавантолгойн төслийг үе үеийн Тролчид яг ийм аргаар зогсоогоод 10 жил өнгөрсөн байна. Бид 10 жил тархиа угаалгаж тэссэн байна. Энэхүү нийтлэлд төслийн талаар ямар нэг тоо баримт, үзүүлэлт, бидний алдсан хэдэн мянган боломжуудын талаар огт дурдсангүй. Учир нь тэр бүхнийг үнэн бодитоор нь сонсох, мэдэх зам хүн бүрт нээлттэй байгаа. Даанч Троллчдын гайгаар тэр замд түм буман уул даваанууд бий болж таныг урагш нь алхуулахгүй байгааг сануулах гэсэн юм!
Эх сурвалж: www.hiub.mn
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт