НАСА-гийн агаараас авсан гэрэл зургууд дэлхийн өмнөд туйлын баруун хэсгийн мөс эрдэмтдийн тооцоолсноос илүү хурдтай хайлж байгааг дэлхий дахинд анхаарууллаа. Судалгааны явцад 2100 он гэхэд далайн усны хэмжээ 1.5 метр нэмэгдэж, эрэг дагуух хотууд усанд автана гэсэн урьдчилсан дүн гарчээ.
Мексик улсын газар нутгаас ч том хэмжээтэй энэ мөс нь дэлхийн ихэнх далайгаас гүн, хотгорыг тагласан байдалтай оршдог байна. Тэгвэл дэлхийн дулаарал өчүүхэн нэмэгдэхэд Мексик улсын газар нутгаас ч том хэмжээтэй мөсөн давхарга хайлж, далайн усны түвшинг 3.6 метрээр нэмэгдүүлэх аюултай.
Агаар мандал дахь хүлэмжийн хийн хэмжээ нэмэгдэх тусам өмнөд туйлын мөс дээрээсээ хайлж, бутарч хэдхэн арван жилийн дотор задрах аюул нүүрлээд байгааг шинэ судалгаа баталж байна. Үүний зэрэгцээ далайн усны дулаан нэмэгдэж байгаа нь туйлын мөс доороосоо хайлах, далайн усны түвшин хурдацтай нэмэгдэх шалтгаан болж байна.
Лхагва гарагт Nature сэтгүүлд хэвлэгдэж, олон нийтийн хүртээл болсон тус судалгаанд зөвхөн өмнөд туйлын мөс хайлснаар энэ зууны төгсгөл гэхэд далайн ус 90 смээр нэмэгдэнэ гэжээ. Гэтэл өмнөд туйлаас гадна дэлхийн олон цэгт мөнх цас хайлж улмаар 2100 он гэхэд далайн ус нийт 1.5 метрээр нэмэгдэнэ гэж тооцоолж байна. Гэтэл энэ хэмжээ нь НҮБ-аас гурван жилийн өмнө зарласан далайн түвшин нэмэгдэх дээд хэмжээнээс гурав дахин их байгаа юм. Өөрөөр хэлбэл ирээдүйд төрөх хүүхдүүдийн амьдралд өнөөдрийн хэт дулаарал нөлөөлнө гэсэн үг юм.
22-р зууны дунд үе гэхэд далайн усны хэмжээ арван жил тутамд 30 см-ээр нэмэгдэх дүр зураг ажиглагдаж байна.
Энэ судалгааг танилцуулсан Пеннсилвани мужийн их сургуулийн судлаач Дэвид Поллард “Урт хугацаандаа далайн эрэг дагуух амьдрал, томоохон хотууд живэх төлөвтэй байна” гэж бичжээ. Тухайлахад 400 жилийн настай Нью-Йорк хот 400 жилийн дараа байх эсэх нь тодорхойгүй байна. Өмнөд туйлын мөс, дэлхийн мөсөн бүрхүүл хайлахад Миами, Шинэ Орлеонс зэрэг америкийн томоохон хотууд, Лондон, Венец, Шанхай, Хонконг, Сидней хотууд живэх төлөвтэй байна.
Эрдэмтэд Дэлхийн өмнөд туйлын компьютержсэн загварт тулгуурлаж энэ дүгнэлтийг гаргасан бөгөөд шинэ загварын тусламжтайгаар шинжлэх ухааны түүхэнд анх удаа өнгөрсөн үед далайн түвшин ямар байсан бэ гэдгийг тооцоолжээ. Өөрөөр хэлбэл 125 мянган жилийн өмнө далайн түвшин өнөөдрийнхөөс 6-9 метр илүү байсныг тогтоосон байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт