Өндөр настан, эгч, ээж, аав, эрхэм хүндтэндээ хадаг барьж золгодог. Тогтох төр ван “Аж төрөх сургаалдаа” , “Хүн эцэг эхийн сургаалаар сая хүмүүжсэн тул хэзээд тус, хэзээд ачийг марталгүй санаж явж, адаг нь үргэлж эс чадваас цагаан сарын шинийн нэгэнд их ёслолын дараа эцэг эхдээ сөгдөн ёслон мөргөж, хадаг барин золгож, өдөр бүр уух идэх, дөрв цагийн хувцсыг дутуугүй хичээж олдсон амттайг идүүлж, хөнгөн дулааныг өмсгөж сайхан хүндэл” хэмээн сургасан байдаг.
Хадаг барьж байгаа хүн- Танд өлзий хутаг орших болтугай. Та урт насалж, удаан жаргах болтугай гэх зэргээр ерөөлийн үг хэлж, хадгийг эрхий хуруунд тулган гарынхаа алганд бүрэн багтаан барихад хадгийг авч буй хүн тэр ерөөлөөр болог гэж хариу хэлнэ.
Их урт хадгийг аав ээждээ насны ой, баяраар барихдаа аав ээжийн хүх хүүхэд нэгдэж дамжлан өргөж барих ёс бий. Хадгийг барьж байхдаа мэнд мэддэггүй. Хадгийг хүлээн авсан хүн хүндэтгэн авч цааш тавиад өөрийн хадгаа гарган золгоно. Энэ үед мэндээ мэдэн золгодог.
Хадаг барьж золгохоос гадна хадагтай золгох ёс бий. Хадагтай золгоход хадгаа баруун гарынхаа ядам хуруунд дотор талаас нь нар зөв эргүүлэн ороогоод чигчий хуруутай тал уруу доош унжуулан золгохдоо унжиж буй талыг хүний хөлд хүргэдэггүй. Золгох хадаг гэрийн бүх хүний өөрийн хувь хувийн байдаг. Хадаг барих энэ сайхан ёс өөр хаа ч байдаггүй нандин ёс билээ.
Хадгийг монголчууд хүндэтгэлийн дээд болгон эрхэм дээдэс, бурхан багш, эмч домчдоо барихаас гадна элч илгээх, айлтгал үйлдэх зэрэгт хадаг барьдаг. Монгол хүн хадгийг энгийн байдлаар буюу хоёр гартаа тэнүүн сайхан барихад зориулан, уртааш нь гурав нугалж эвхдэг. Хадгийн амыг тэр барих хүний өөдөөс харуулан барьдаг.
”Ариун сайхан сэтгэлийн үүднээс барьж байгаа бэлэг минь танд өлзийтэй болог” гэсэн утгатай буюу саваар зүйрлэн хэлэхэд амыг нь онгойлгож өгөхтэй адил санаа агуулж байгаа болно.
Хадгийг хүлээн авч байгаа хүн хоёр гардан авч хадгийн толгой талыг баруун гар дээрээ тавьж, баруун гар талыг зүүн гар дээрээ эвхэн нугалж тавихад хадгийн дээрх утга төгөлдөр хээ, үсэг зэрэг толгой талыг доош нь харуулахгүйг хичээж буй хэрэг. Хадгийг барихдаа энгийн маягаар барих, өвдөг нугалж сөхөрч барих ялангуяа лам багш, эцээ эхээ хүндлэн өвдөг сөхрөх заншилтай байлаа. Бас элдэв тахилга, аргадан гуйхад сөхрөн хадаг барих нь олонтаа байжээ.
Хадаг тогтоох ёс гэж бий. Монголчууд хоорондоо хадаг барилцах ёсонд нэг нь нөгөөдөө өглөг бэлгийн журмаар барих нэг ёс байхад бусдаас ямар нэгийг эрэх хүсэх, эрмэлзлэлээ илэрхийлж хадаг барих бас нэг ёс байдаг. Хүн нөхөрсгөөр танилцаад салах үдэхийн цагт баярын хадаг барихдаа:
Буйлаа хугалалгүй
Бурантагаа сугалгүй
Ачаа хүнд
Аянд хөнгөн яваад сайн ирээрэй гэж хэлээд хадаг барихад хэн боловч хадгийг тогтооно. Айлд ямар нэгэн найр хөөр болоход ая бариулж, ерөөл магтаал хэлүүлэхээр хадаг барихад:
“Та найрын гурван дуутай
Наадмын гурван даваатай хүн гэнэ билээ. Нэг ая барь” гэж аяга дүүрэн сүү, архи, сархад дүүргээд хадагтай барина. Тэр хүн дуу дуулах бол энэ гуйлтын хадгийг тогтоож авна.
Ерөөлч магтаалчаар ерөөл халүүлэхдээ тэр айл найрч нар юуг сонирхож ямар үйл үйлдэж байгаа бол түүнийг дурдан тоочиж ерөөл хэлүүлэхийг хүснэ. Ингэхээр ерөөлч уул хүсэлтийг биелүүлэхээр бол ерөөлийг хэлж, хадгийг аятайхан тогтоон өвөртөлнө. Энэ мэтээр хадгийг хүлээн авахыг хадаг тогтоох ёс гэнэ.
Хүний эрэлт хүсэлтийг биелүүлээгүй бо тэр хүний барьсан хадгийг бариулж байгаа хүн бэлэг бодож аваад дараа нь татгалзах учир явдлаа учирлан хэлж хадгийг уг эзэнд эргүүлэн барьдаг. Бас хүн хүнээр дамжуулан хадаг барьж ямар нэгэн юмыг гуйлгахад хадаг буцаад ирж байвал уул хэрэг маань бүтсэнгүй гэдэг нь тодорхой болно. Энэ тухай “Буусан хадаг, булгарсан цорго” гэсэн ардын зүйр үг байдаг билээ. Үүнийг хадаг буцаах ёс гэдэг.
Мөн монголчууд хив татах ёс гэж байлаа. Чингисийн хив тавих ёсны тухай богд Чингис хаан Бага загалд хив татаж сэтэрлэв гэж хоёр загалын туужид бичсэн байдаг.
Сэтэрлэх гэж юу вэ?
Тэнгэр сахиусан морь малыг бэлэглэж өгөөд тэр морь малын дэлнээс хив зүүхийг сэтэрлэх гэдэг. Сэтэрлэсэн тэр мал эзэн хүний мэдлээс гарч тэнгэр сахиусны мэдэлд шилжсэн гэж үздгийн тэмдэг юм.
Монгол хив татах ёс их дэлгэрч, ганц морь биш тэмээ, адуу, үхэр, хонь, ямааг ч сэтэрлэдэг болсон билээ. Малын сэтрийг жилд нэг удаа шинээр сэргээн уядаг байлаа. Бас зүрх цагаан хар нохойг сэтэрлэх ёс байжээ. Ингэж сэтэрлэхэд биет малын оронд уран сийлбэрээр зорж сийлсэн модон морь тэмээг сэтэрлэн хив татах ёс ч байжээ.
Хадгийг монголчууд аз жаргал, сайн сайхны билэг тэмдэг хэмээн үздэг байлаа. Шинэ гэр бариад есөн эрдэнийн зүйл /зэд/ боосон хадгийг тоонондоо аав, ээжээрээ уяулан мялаадаг.
Монголчууд таван хошуу малын дотроос адуу, хонь хоёрыг халуун хошуутай мал гээд халуун хошуутай малын дотроос адуун сүрэг онцын хүндэтгэлтэйгээр үздэг учир ууган унаганд хадаг аядаг ёс бас бий.
Гүү барихад ууган унага уургалахад уургачны уурганы толгойд хадаг уяж унагаа бариулаад тэр хадгаа ууган унаганыхаа ногтонд уяж мялаадаг. Бас түрүүлсэн мориныхоо ногтны магнайг хөндлөн дарж хадаг уяж мялаадаг.
Саалийн хувин, цацал, сүргийн тамганд хадаг уяхын хамт монгол хүн эрхэм нандин зүйлээ хадганд боож хадгалдаг. Олон жилийн наадамд дээгүүр давхисан морь, эцэг эхийн шарилыг хөдөөлүүлсэн тэмээ, морь, шар, уурганы морь зэрэг эрхэмлэн хүндлэх малаа сэтэрлэж хадаг зүүдэг. Овооны сүлд хийморьт хадаг уях ёс ч байлаа. Талийгаачийг оршуулах ёслолд газар авах, нүүрийг бүтээх, газар хөндөхөд хэрэглэх, орон гооны эвэр, очир зэргийг хадгаар ороох зэргээр хэрэглэнэ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт