Өчигдөр үдээс өмнө эхэлсэн төрийн гурван өндөрлөгийн хуралдаан 18 цагийн орчим өндөрлөсөн. Хурлаар өнөөгийн улс төрийн нөхцөл байдлын талаар ярилцаж тохиролцоонд хүрсэн байна. Энэхүү тохиролцооны талаар төрийн ордонд гурван янзын таамаг хөвөрч байна.
Нэгдүгээрт. Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулалгүй хэвээр нь ажиллуулах. Учир нь Монгол Улсад өрнөсөн сүүлийн гурван ч сонгуулийг удирдан АН-аа ялалтад хүргэсэн гавьяатай түүнийг огцруулчихвал засгийн эрхийг аван мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж буй намдаа муу дүн тавьж, МАН-ыг дэмжсэнтэй ялгаагүй зүйл болно хэмээн үзсэн байж болно. Энэ өнгөнөөс харвал Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаар нь үргэлжлүүлэн ажиллуулах нь зүйтэй гэнэ. Харин түүнээс АН-ын даргынх нь суудлыг авч нам доторх зөрчилдөөнийг намжаая хэмээх шийдвэр гаргаж болох юм. Гэхдээ сонгуульд ялсан намын дарга Ерөнхий сайд байдаг бичигдээгүй хууль АН-д үйлчилсээр удаж буй. Энэ талаас нь харвал шинээр АН-ын дарга болсон эрхэм Ерөнхий сайдын суудлын төлөө мацахгүй гэсэн үг байхгүй юм. Ирэх 2016 оны сонгуульд ялъя гэж бодвол энэ амбицийг дарж болох гэнэ. Улсын төсөв батлах хугацаа хаяанд тулчихсан энэ үед хамгийн магадлалтай хувилбар юм.
Хоердугаарт, сайдын суудлыг сэлгэх. Ерөнхий сайдын албыг хашиж буй Н.Алтанхуягийн суудлыг сэлгэх хувилбарыг ярьж болох юм. Түүнийг УИХ-ын даргаар томилж оронд нь УИХ-ын дарга З.Энхболдыг Ерөнхий сайдаар томилох. Ингэсэн тохиолдолд намын даргын суудлаа Н.Алтанхуяг хадгалж болох бөгөөд эс бөгөөс энэ асуудлыг аажуу уужуу шийдвэрлэж болно. Ерөнхий сайдын суудалд З.Энхболд очсоноор Н.Алтанхуягт дургүйгээ зарлачихаад байгаа АН дахь хэд хэдэн фракциудын зөрчилдөөнийг зохицуулж, учир начрыг нь олох боломжтой гэнэ.
Гуравдугаарт, Ерөнхий сайд, намын даргаас нь огцруулж өөр хүн томилох. Энэ тохиолдолд Ерөнхий сайдын алба, намын даргын албыг хашаад явчих лидер улс төрч АН-д одоогоор харагдахгүй байгаа юм. АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг гээд хүмүүсийн нэрс цуварна. Ийм шийдвэр нь томилгоонд цаг хугацаа их үрж, энэ нь эргээд улс оронд том хохирол дагуулж болзошгүй юм. Үнэхээр АН төр барьсан хоёр жилээ муу ажилласан гэж дүгнэж байгаа бол үлдэх хоёр жилээ эрчимтэй ажиллах сайн нэрийг олох боломжтой.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт