
Монгол Улсын Зэвсэгт хүчний болон оролцогч улсуудын бие бүрэлдэхүүний энхийг дэмжих ажиллагааны арга техникүүдэд сурган дадлагажуулах, чадавхийг нэмэгдүүлж, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой “Хааны эрэлд-2016” сургуулилт ирэх тавдугаар сарын 22-ноос зургадугаар сарын 04-ний өдрүүдэд болохоор товлож байна.
Энэ жилийн сургуулийг АНУ-ын Номхон далайн командлал, Дэлхийн “Энхийн төлөө байгууллага”, Монгол Улсын Зэвсэгт хүчин хамтран зохион байгуулна. Өнгөрсөн жилийн "Хааны эрэлд 2015" олон улсын сургуульд АНУ, ОХУ, Австрали, Бангладеш, Беларус зэрэг 23 орны Зэвсэгт хүчний алба хаагчид оролцож байсан бол энэ тоо энэ жил хоёр дахин өсөх мэдээлэл байна. Энэ талаар ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын Энхийг дэмжих хэлтсийн дарга, хурандаа Б.Эрдэнэбат "Урьд нь явагдаж байсан хээрийн сургууль команд штабын сургууль, барилга, эмнэлгийн ажил дээр энхийг дэмжих ажиллагааны хүчин чадлыг сайжруулах сургуулийг шинээр оруулж ирж байна. Энэ жил нисгэгчгүй нисэх хэрэгслийг ашиглах, гар хийцний тэсэрч дэлбэрэх бодисын эсрэг тэмцэх зэрэг өмнө нь сургуулилтаар хэрэгжиж байгаагүй арга хэмжээ нэмэгдэж байгаагаараа онцлогтой" гэсэн юм.
Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлалын “Дэлхийн энхийн төлөө байгууллага”-ын ажиллагааны офицер Х.Ловэлл " Жилээс жилд цар хүрээ нь өргөжиж байгаа "Хааны эрэлд" сургуульд 2015 онд дэлхийн 23 орны цэргийн алба хаагчид оролцож байсан бол энэ жил дэлхийн 47 орны 2030 гаруй цэргийн алба хаагчид оролцоно. Энэ нь сургуулийн цар хүрээ, хамрах хүрээг илтгэнэ. Зэвсэгт хүчний Энхийг дэмжих сургалтын нэгдсэн төв гадаадын цэргийн алба хаагчдыг хээрийн байрлалд хүлээн авах бүрэн боломжтой болсон гэж үзэж байна. Өнгөрсөн жил ч энэ чиглэлээр нэлээдгүй бүтээн байгуулалтын ажлууд өрнөлөө. Ирэх сараас зарим нэг барилга байгууламжийг хүлээлгэн өгнө" гэсэн юм.
Монгол Улс болон АНУ-ын зэвсэгт хүчин хамтран зохион байгуулдаг уг сургуулилт 2003 оноос хоёр орны хамтарсан сургуулилтаар эхэлсэн бөгөөд 2006 оноос өргөжин олон улсын сургууль болсон юм. Ялангуяа, нь Ази-Номхон далайн бүс нутгийн орнуудын энхийг дэмжих чадавхийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгждэг 5 гол сургуулийн нэг болж чадсан юм.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт