Гэрэл зурагчин Mikel Aristregi хэмээх хүн 2013 онд Улаанбаатар хотод ирэх үедээ доорх зургуудийг авч, энэ дагуу гадны нэгэн цахим сайт http://www.vice.com/-д Улаанбаатар хотын тухай мэдээ бэлтгэсэн байсныг бид танд орчуулан хүргэж байна.
Гэрэл зурагчин Mikel Aristregi Ази тивийн олон янзын сонирхолтой соёл иргэншилт газруудын нэг буюу -40 хэмийн яс янгинам хүйтэн цаг агаартай Монгол Улсын Улаанбаатар хотоор аялан шинэ гэрэл зургийн цувралаа бэлтгэжээ. Тэрээр Улаанбаатар хотын халуун усны сувгуудийг дагаж газар доор амьдардаг хүмүүс (траншей) болон архичдыг тус ажилдаа түлхүү хамруулан гэрэл зургуудийг нь авсан байна.
Микелийн авсан зургуудаас харвал эдгээр зургуудийг энэ хүмүүсийн хаана амьдардаг, юу хийдэг гэдгийг нь сайн мэдэх хүмүүс л авч чадах зургууд мэт харагдаж байгаа ч Микел (Микел Испани хүн) энэ газар дасан зохицож, эдгээр хүмүүсийн нэг мэт дунд нь орж гэрэл зургуудаа авч чаджээ. Би Микелийг хэрхэн замдаа таарсан хүндрэл бэрхшээлүүдийг даван туулж, эдгээр сонирхолтой зургуудийг авч чадсан тухай нь сонсохын тулд түүнтэй ярилцсан юм.
- Таньтай уулзсандаа таатай байна Микел. Та хэдийгээр Испаний Баск хотод төрж өссөн, одоог хүртэл тэндээ амьдардаг ч ажлаа ихэвчлэн Ази тивийн улс орнуудыг сонгон хийх юм. Та сонгож авсан сэдэвтэйгээ хэрхэн холбогддог вэ? Та очих гэж буй улсынхаа хэлийг тодорхой хэмжээгээр сурдаг уу эсвэл хэлний бэрхшээл гарсан ч гэсэн ажлаа үргэлжлүүлэн хийдэг үү?
Микел: Зургийг нь авах гэж буй хүнээ эсвэл сэдвээ сайтар ойлгоно гэдэг бол хамгийн анхны ухагдахуун. Ийм учраас би Монголд Англи хэлний чиглэлээр суралцдаг, хотынхоо эрээн бараан бүгдийг надад зоригтой танилцуулж чадах Золбоо хэмээх оюутныг хэлний тал дээр надад туслахыг хүссэн юм. Гэхдээ орчуулагчгүй үедээ хүнтэй ойлголцох үүднээс би хэд хэдэн хэрэгцээтэй Монгол үгсийг сурсан. Монгол хүмүүс гадны иргэд тэдний хэлийг сурч байхыг хараад маш их үнэлж, таатай хүлээн авдаг учраас хэдий муу ярьсан ч тэд муу ярьж байна гэлгүй туслахыг хичээдэг нь намайг тэдэнтэй илүү хурдан бас найрсаг харьцахад нөлөөлдөг байсан. Соёл уламжлалыг нь хүндэтгэж буйг хүн бүр хараад тааламжтай ханддаг шүү дээ.
- Та тэдгээр хүмүүсийг хүндэтгэж, дэлхий нийтээс нуугдмал байдалд байсан тэдний соёл уламжлалын зургуудийг өөрийн дууранд буулгадаг. Нөгөө талаар таны сонгосон сэдэв -40 хэмийн хүйтэнд архи дарснаас болж аймшигтай цөхрөл, амьдралын хүнд орсон хүмүүсийн зураг мэт сэтгэгдэл төрж байна. Та яаж энэ хүмүүсийн зургийг ийм хүнд байдалд, бас хэцүү нөхцөлд авч чадсанаа бидэнтэй хуваалцаач?
Микел: Би Улаанбаатар хотын баруун хэсэг болох Хар хорин захын дэргэд энэ хотын архичин хүмүүсийн цугладаг хоёр том газрын нэгэнд нь ойр ойрхон очдог болсон юм. Би тэдэнд хийж буй ажлаа тайлбарлан, өөрсөдтэй нь хамт хэсэгхэн хугацааг өнгөрүүлэхийг хүссэн ч үнэндээ тэдэнтэй харилцах маш хүндрэлтэй байсан. Гэхдээ тэд намайг хүлээн зөвшөөрсөн ч үүний гол шалтгаан нь тэд надаас мөнгө, идэх хоол, тамхи гэх мэт зүйлс буцааж оронд нь авахыг бодож байсан юм. Тэд шууд л надаас иймэрхүү хэрэгцээт зүйлсээ салгаж авахыг бодож байсан учраас үнэндээ тэдэнтэй аятайхан харилцаатай болохын тулд хэсэг хугацаа шаардлагатай болсон.
Орчуулагчтай харилцаж байсан ч гэсэн тэр хүмүүс үргэлж л согтуу байдаг, бас амьдралын хүнд нөхцөл байдлаас болж Монгол хүнтэйгээ ч ойлголцож чадахаа бараг больсон байсан. Заримдаа тэд Золбоо бид хоёрыг заналхийлж, айлгаж, мөнгө шаарддаг байсан. Энэ үед нь бид тэднээс холдож, тайвшрахыг нь хүлээдэг байв. Тэдний зан ааш үнэхээр ойлгомжгүй, бараг л минут тутамд өөрчлөгддөг байв.



- Гэхдээ л тогтворгүй нөхцөл байдлыг үл хамааран та өөрийн сонгосон сэдвүүдтэйгээ маш сайн холбогдож чадсан байна. Нийгмийн ийм гашуун, харанхуй, тусламж хэрэгцээтэй талыг сонгон ажилладаг фото сэтгүүлч хүний хувьд та тэдгээр хүмүүст туслаж, дэмжихийг хүсэж байсан тохиолдол байдаг уу? Эсвэл зүгээр л чимээгүй ажиглаж, бодит нөхцөл байдлыг өөрийн дуранд байгаагаар нь буулгасан нь дээр гэж боддог уу?
Микел: Би хамгийн эхлээд ерөнхий байдлыг чимээгүй ажиглая гэж боддог. Үнэндээ бол зураг авч байх үед, богино хугацаанд тийм олон хүмүүст чиний туслаж чадах зүйл үнэхээр бага. Ийм үед хийж буй ажилдаа төвлөрч, тэр зургууд ирээдүйд тэдэнд тусламж болж ирнэ гэж найдан зургуудаа авах нь илүү үр бүтээлтэй. Гэхдээ мэдээж тэр хүмүүсийн аль нэгэнтэй нь илүү ойр дотно болсон тохиолдолд огт туслахгүй байна гэдэг боломжгүй зүйл. Жишээ нь шаардлагатай үед эмнэлэг хүргэж өгөх, хоол авч өгөх гэх мэт. Цаг хугацаа өнгөрөх тусам тэднийг хүнийхээ хувьд өрөвдөж, хайрлаж эхэлдэг учраас зүгээр л зургаа авчихаад бусад үед нь тоохгүй байна гэдэг боломжгүй зүйл.
Жишээлбэл би 25 настай Энхбаатар гэдэг 15 настайгаасаа хойш архи ууж байгаа залуутай танилцсан юм. Түүний эцэг эх багад нь нас барсан учир тэр улсын асрамжийн газар бусад хүүхдүүдтэй хамт өссөн. Харин одоо тэр Улаанбаатар хотын гудамжинд амьдардаг. Тэр хэдий нэг охинтой ч, эхнэр нь охинтой нь уулзуулдаггүй. Энхбаатар зодооны улмаас нэг нүднийхээ харааг алдсан ба одоо толгой нь үе үе маш хүчтэй өвддөг.
Би түүнтэй нэгэн протестант шашны сүмд танилцсан юм. Тэр "муу амьдрал"-аасаа холдохын тулд сүмд явж байгаа гэж надад хэлсэн. Библи бол эдгээр хүмүүсийн хувьд зүгээр л түр зуурын сэтгэл санааны дэмжлэг, тайвшрал төдий. Тийм учраас 10 хоноод л Энхбаатар сүмээс гарч дахиад л архи ууж эхэлсэн. Хэд хоногийн дараа Энхбаатарын бие үнэхээр муудсан байх үед нь би түүнтэй тааралдаж, эмнэлэгт хүргэн эмнэлэгийн төлбөр, хэрэгцээтэй эм тарианых нь төлбөрийг төлсөн. Ийм үед хэн ч, хэнд ч үгүй гэж хэлж туслахаас татгалзаж чадахгүй шүү дээ.

- Хэнд ямар үед туслах вэ, ямар асуудалд оролцох вэ гэдэг мэдээж зурагчин хүний өөрийнх нь шийдэх асуудал. Нэг зураг миний сонирхолыг нилээд татлаа. Цэргийн хувцастай хүмүүсээр өргүүлсэн нуруун дээрээ дугуй сорвитой эмэгтэй хаана байгаа юм бэ? Бусад зургуудаасаа ганцаараа цэргийн хүмүүсээр өргүүлсэн байгаа учраас анхаарал татаж байна.
Микел: Үнэхээр сэтгэгдэл төрүүлэм зураг л даа. Гэхдээ түүний нуруун дээрх сорви цагдаа нар түүнийг харгислан ийм болгосон гэсэн үг биш шүү. Энэ бол цусны эргэлтийг сайжруулах үүднээс шилэн хундага мэт зүйлсийг нуруун дээр нь хэсэг хугацааны турш тавьдаг эртний Хятадын анагаах ухааны арга юм. Түүний ул мөр хүний бие дээр ингэж үлддэг юм билээ. Энэ эмчилгээний арга Азийн улс орнуудад түгээмэл байдаг. Энэ эмэгтэй зүгээр л эмх замбараагүй байдал үүсгэсэн согтуу байх үедээ цагдаа нарт баригдаж буй байдал юм.
- Таны талаар надад онцолсон нэг зүйл байна л даа. Вебсайтаас тань үзэхэд таны зургууд дандаа л Азийн өөр өөр орнуудад авсан зургууд байх юм. Та Ази тивд дуртай учраас ингэж байна уу эсвэл өөр ямар нэг шалтгаан байна уу?
Онцын шалтгаан байхгүй ээ. Хамгийн анх экс найз охин маань Азид очиж үзэхийг хүссэн учраас би Зүүн-Өмнөд Азид очиж байсан юм. Камбожид очоод, намайг дахиж тэнд очмоор сэтгэгдэл үлдээсэн хүмүүстэй би танилцсан. Тэнд дахин очихдоо гудамжны хүүхдүүдийн зургуудийг авсан. Мөнгөтэй байсан учраас би тэнд таван сар амьдарсан. Харин дараа нь Улаанбаатар хотод ажиллах даалгавар авсан учраас энэ хотод ирсэн. Ийм учраас магадгүй аялал, гэрэл зургууд маань надтай холбогдсон мэт санагдаж байгаа байх.





















Эх сурвалж: http://www.vice.com/
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт