
УИХ-ын дарга БНХАУ-н айлчлалаа өндөрлөж өчигдөр буцаж ирэв. Тэрээр 3 хоног, 4 өдрийн айлчлал хийхээр төлөвлөсөн ч ийнхүү нэг хоног, хоёр өдрийн айлчлал хийж хугацаагаа богиносгосон нь Засгийн газрын асуудлыг УИХ-аар хэлэлцэхтэй холбоотой гэж зарим эх сурвалж үзэв.

УИХ дахь "Шударга ёс" эвслээс авсан тав хоногийн завсарлага өнөөдрөөр дуусгавар болж Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах, эсэх асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх ёстой байсан ч хурал тодорхойгүй шалтгаанаар хойшлогдсон байна. Үүнтэй холбоотойгоор Аюулгүй байдал, Гадаад бодлогын Байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар тус тус шинээр томилогдох дөрвөн сайдын асуудлыг хэлэлцэх байсан ч мөн л хойшлогдлоо.

Олон улсын хэмжээнд хотууд баяраараа хотын даргын нэрэмжит парад зохион байгуулдаг уламжлалтай. Тэгвэл Нийслэл 375 жилийн ойн өдрөөрөө Их эзэн Чингис хааны талбайд анх удаагаа ийм парад зохион байгууллаа. Парадад төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн байгууллага, их дээд сургуулиуд зэрэг 30 гаруй байгууллагын 8000 орчим ажилтан албан хаагчид, оюутан залуус оролцов.

Нийслэлийн 375 жилийн ойн өдрийн хүрээнд Их хотын хямдрал үзэсгэлэн худалдаа бүх дүүргүүдэд зэрэг эхлэв. “Их хотын хямдрал 375” үзэсгэлэн худалдаанд үндэсний томоохон үйлдвэрлэгч, импортлогч худалдаа, үйлчилгээ эрхлэгч 100 гаруй аж ахуйн нэгж, “Арьс шир үйлдвэрлэгчдийн холбоо”, “Ноос ноолуурын холбоо” зэрэг төрийн бус байгууллагууд оролцож 30-50 хувийн хямдрал зарлалаа.
Өчигдөр буюу 2014 оны 10 дугаар сарын 28-нд Нийслэл хотын Төв цэвэрлэх байгууламжийн лагийг цэвэрлэхээр ажиллаж байсан найман хүн хорт хийнд хордов. Тэдний хоёр нь ГССҮТ-д эмчлүүлж үлдсэн зургаан өвчтөн нь Хордлогын яаралтай тусламжийн төвд хэвтэн эмчлүүлж байна.

Булган аймгийн Гурванбулаг суманд нэг үхэр галзуу өвчнөөр өвчилсөн нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна. Тухайн бүс нутагт 10 дугаар сарын 28-ний өдрөөс эхлэн хорио цээрийн дэглэм тогтоожээ.
Өнөөдөр дэлхийн жүдочдын өдөр. Энэ өдрийг тохиолдуулан Монголын жүдо бөхийн холбооноос дээрх арга хэмжээг зохион байгууллаа.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт