
Монгол улс Дэлхийн аялал жуулчлалын байгууллагатай хамтран аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх зорилгоор олон чиглэлээр хамтран ажиллах болжээ. Үүний нэг нь дэлхийд монгол аялалын брэнд бий болгох юм. "Нүүдэлчдийн замаар аялахуй" аяллын брэндийг хөгжүүлэн түүний манлайлагч орон байх, олон улсын зах зээл дээр өрсөлдөхүйц аялалын бүтээгдэхүүнийг хөгжүүлэх өргөн боломж манай улсад байна.
- Аялал жуулчлалын тандалт, судалгааны төвийг /Tourism observatory/ ДАЖБ-ын тусламжтайгаар анх удаа байгуулахаар тохиролцов. Энэхүү төв нь аялал жуулчлалаас байгаль орчинд нөлөөлөх нөлөөлөл, нийгэм эдийн засагт үзүүлэх нөлөөлөл, жуулчны статистик тоон мэдээлэлд дүн шинжилгээ хийх, мэдээллийн сан үүсгэх зорилготой.
- "Нүүдэлчдийн аялал жуулчлал" сэдэвт дэлхийн аялал жуулчлалын анхдугаар форумыг 2016 оны 10 дугаар сард Улаанбаатар хотноо ДАЖБ-тай хамтран зохион байгуулахаар тохиролцов. Энэхүү форумд аялал жуулчлалын сайд, өндөр хэмжээний зочид, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл, эрдэмтэн судлаачдын оролцоог хангах үүргийг ДАЖБ хүлээсэн. "Нүүдэлчдийн аялал жуулчлал" форумыг зохион байгуулснаар "Нүүдэлчдийн замаар аялахуй" аяллын брэндийг хөгжүүлэн түүний манлайлагч орон байх, олон улсын зах зээл дээр өрсөлдөхүйц аялалын бүтээгдэхүүнийг хөгжүүлэх өргөн боломж бий болох юм. Түүнчлэн дэлхийн аялал жуулчлалын хөгжлийг Монгол Улсад хэлэлцэх гэж буй нь томоохон маркетинг болох ба Монгол Улсыг олон улсад хурлын өмнө болон дараа нь сурталчлах өргөн бололцоо бүрдэж байна.

- НҮБ-ын ДАЖБ-ын төвд Монгол Улсаас мэргэжилтнүүдийг урт хугацаанд дадлагажуулан ажиллуулах, ДАЖБ-аас зохион байгуулдаг сургалтад мэргэжилтэнүүдээ хамруулахаар тохиролцов,
- Аялал жуулчлалын салбарын эрх зүйн орчныг сайжруулж, аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн төлөвлөгөөг боловсруулах, олон улсын төлөвлөгөөтэй уялдуулахад мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэхээр тогтов,
- Торгоны замын аялал жуулчлалын хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлэх тал дээр техникийн тусламж үзүүлэх талаар санал солилцсон байна хэмээн БОНХАЖЯ-аас мэдээллээ.