
Дэлхийд тархсан нийт 28 зүйлийн шонхортны овгоос манай улсад нийт 10 зүйл шонхор зуны улиралд нутагшдаг. Зургаан жилийн өмнө хийсэн судалгаагаар манай улсад нийт 6800 орчим толгой идлэг шонхор байна, тархалт хэвийн гэсэн дүгнэлт хийсэн. Гэтэл сүүлийн жилүүдэд идлэг шонхорыг мөнгөний төлөө их хэмжээгээр барьж, хамгаалалт сул байгаагаас болж үхэж үрэгдэх тоо толгой нь цөөрөх эрсдэлтэй нүүр тулаад байгаа юм.
Монгол Улсын Засгийн газар 1994 оноос эхлэн эдийн засаг, найрсаг хамтын ажиллагааны хүрээнд Арабын орнуудын өндөр дээд хэмжээний төлөөлөгчдийн хүсэлтийг харгалзан, гэрээний дагуу тодорхой тооны идлэг шонхор гадаадад гаргаж байсан. Манай улс 1993 онд зургаа, 1995 онд 14 шонхор шувуу гадаадад гаргаж байсан бол 2009 оноос энэ тоо огцом өсч 300-380 болжээ. 2000-2010 онд нийт 2751 толгой идлэг шонхор гаргасан байдаг. Харин өнөөдөр энэ тоо 4000 орчим болж нэмэгдсэн тооцоо байна.

2012 оны 10 дугаар сард Засгийн газрын гаргасан 101 дүгээр тогтоолын дагуу шонхор шувууг Монголын ард түмний эрч хүч, эрх чөлөө, эв нэгдэл, байгаль дэлхийгээ хайрлах үзлийн бэлэгдэл болгон үндэсний бахархалт шувуу болгох шийд гаргажээ. Харин дараагийн жилд тус шувууг арилжааны зориулалтаар худалдахыг таван жилээр хориглосон шийдийг тухайн үеийн салбарын сайд С.Оюун гаргасан байдаг юм. Гэвч энэ тогтоол амьдрал дээр хэрэгжихгүй байгаа юм. Идлэг шонхорыг хамгаалах хориг гаргасан ч түүний хориг үргэлжилж байх хугацаанд буюу 2013 онд 30 толгойг, 2014 онд 40 толгой шонхорыг Арабын орнуудад "Бэлэглэл, соёл судалгаа" нэрийн дор өгсөн байдаг байна. 2015 онд тус тоо улам нэмэгдэж 240 болсныг эх сурвалж мэдээлж байгаа юм.

Зэрлэг амьтанг хамгаалахдаа түүнийг худалдаалсан үнийг 50 хувийг тус амьтнаа хамгаалах ажилд эргүүлэн зарцуулах хуулийн зохицуулалт байдаг. Засгийн газраас идлэг шонхрын үүрлэх нөхцлийг сайжруулж, байгаль дахь хоргодлыг бууруулж, тоо толгойг өсгөх зорилгоор тал хээр, говийн бүсийн таван аймгийн 26 сумын нутагт “Хиймэл үүр” зэрэг төслийг хэрэгжүүлж байсан юм. Гэхдээ эдгээр хөтөлбөр нь хэрэгжилт муутай байгаагаас болж жил бүр олон зуун идлэг шонхор шувуу эрчим хүчний шугамд хүчдэлд охиулж үхсээр байна. Хэрэв эрчим хүчний шугамыг шувуудад ээлтэй болговол 64 тэрбумаар үнэлэгдэх шувуудын амь - экологийн үнэ цэнийг хамгаалж авч үлдэх боломж байгаа гэсэн судалгааг ч мөн шонхор хамгаалагчдын зүгээс гаргасан байдаг.

МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт