ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Говь-Алтай аймгийн есөн гайхамшигийг нэрлэж байна

    Байгаль эхийн өвөрмөц бүрдэл, түүх соёлын үнэт ховор дурсгалууд, ихэс дээдсийн улбаа нүүдэлчин ахуй соёл, ёс заншил нь бидний үнэт өв бөгөөд Цаст богд Төрийн тахилгат Сутай хайрхан уул, Хасагт хайрхан, Бурхан буудай, Ээж хайрхан уул,  үзэсгэлэнт Эрээн нуур, дэлхийд ганцхан бөхөнгийн байршил нутаг Шаргын говь,  мазаалай, хавтгай, тахийн  өлгий нутаг Говийн их дархан цаазат газар, байгалийн бүс бүслүүрүүдийг нэгэн зэрэг цогцлоосон Монгол Алтайн их уулс Хантайшир, Хар азаргын нуруу зэрэг байгаль, түүх соёл, өв уламжлалын давтагдашгүй онцлогтой газар нутгууд манай аймагт олон бий. Говь-Алтай аймаг нь эртний хүмүүсийн оршин сууж байсан бууц, багаж зэвсэг төдийгүй Монголын чулуун зэвсгийн үйлдвэрлэлийн үеийн болон дундад шинэ үеийн түүхийг багтаасан ховор нандин дурсгал бүхий түүх соёлын өлгий нутаг юм.  Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 04 сарын 09-ний өдрийн хуралдаанаар иргэдийн олонхийн санал авсан байгалийн үзэсгэлэнт газар, нэн ховор амьтан, хүний гараар бүтээсэн гайхамшиг, музейн хосгүй үзмэрүүдийг “Говь-Алтай аймгийн есөн гайхамшиг”-аар тодруулсан.

    1.Ээж хайрхан уулын байгалийн дурсгалт газар  

    “Ээж Хайрхан уул" нь манай орны баруун өмнөд хязгаарт орших өвөрмөц тогтоцтой байгалийн үзэсгэлэнт газрын нэг бөгөөд Говь-Алтай аймгийн Цогт сумын нутагт оршино.       Алтайн өвөр говийн хязгаар дахь үзэсгэлэнт уул нуруудын дотор өөрийн өвөрмөц дүр төрхөөрөө “Ээж Хайрхан уул” тод ялгардаг билээ. Байгалийн дурсгал болохоос гадна түүхийн дурсгал болсон Ээж Хайрхан уулыг 1992 онд УБХ-ын 11-р тогтоолоор тусгай хамгаалалтанд авч улмаар  Монгол Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолоор байгалийн дурсгалт газар болгон улсын тусгай хамгаалалттай газрын сүлжээнд хамрагдсан. Ээж хайрхан ууланд гадаад дотоодын аялагчдыг татах байгалийн өвөрмөц тогтоц  ховор сонин үзмэрүүд олон бий. Тухайлбал: Чулуулгийн судал даган тогтсон 9 тогоон хонхортой,  9 тогооны эхэндээ бяцхан баян бүрдтэй бөгөөд энэ баян бүрдийг нутгийн хөгшид даяанч ламын зуслан гэлцэн ам дамжин домог болгон яригдаж байдаг билээ. Эдгээрээс гадна  Ембүү хаданд, мэлхий хад, эхийн хэвлий хад , тагтаа хад, хүүхэн хэл, театрын суудал, түшмэдийн суудал, боов хад зэрэг сонин тогтоц бүхий хаднууд бий. Ембүү хаданд мөргөн залибарсан хүн 9 үеэрээ эд мөнгөөр элбэг, дэлбэг явна гэж сүсэглэдэг, Эхийн хэвлий хадаар гарсан хүн болгон ахин төрсөнтэй адил болно гэж сүсэглэдэг, Тагтаа хаданд үр хүүхэд тогтдоггүй айл ирж сүсэглэн үр хүүхэдтэй болсон жишээ олон бий.      

    2.Төрийн тахилгат Сутай хайрхан уул

    Говь-Алтай аймгийн хамгийн өндөр цэг далайн түвшнээс дээш 4090 метр өргөгдсөн 60 орчим км сунаж тогтсон. Сутай хайрхан уул тус аймгийн Тонхил, Дарви, Ховд аймгийн Цэцэг, Дарви сумдын дунд оршино. Монгол-Алтайн нурууны 11 орчим ам дөрвөлжин км талбай эзэлсэн 13 мөнх цаст оргилын нэг юм. Энэ уул сарлагийн маш сайхан нутаг. Сүү саалиар арвин сарлаг үхэр ихтэй энэ хайрханы нэрийг Сүүтэй уул гэж нэрлэдэг байсан гэдэг. Сутай хайрхан янгир, аргаль, ирвэс, үнэг, чоно гээд ан амьтанаар арвин мал аж ахуйд маш сайхан өгөөжтэй нутаг. Хайрханы өврөөс Усан зүйлийн гол эх авч урсан Тонхил нуурт цутгана. Сутай хайрханы өврийн нэг бага шиг өндөрлөг дээр Их овоо гэж дээр үед тахиж байсан нэг их сонин овоо бий. Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Их овоог төрийн тахилгатай болгож 2008 онд анхны тахилгыг хийсэн байна. Сутай хайрхан нь Говь-Алтай нутгийн үзэсгэлэн төгс байгальтай хамгийн өндөр хайрхан юм.

    3.Монгол элсний байгалийн цогцолбор газар

    /Эрээн нуур, Ажиг нуур, Сангийн далай нуур, Дөргөн нуур, Гүн нуур/ Байгаль орчны тэнцлийг хангах, унаган төрхийг хадгалах, хамгаалах болон байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Монгол элсний орчмын нийт 349200 га газар нутгийг УИХ-ын 2010 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 06 дугаар тогтоолоор байгалийн цогцолборт газрын ангилалаар авсан.  Монгол элс нь Завхан голын хөндий дагуу баруун, баруун хойноос зүүн, зүүн ургаш чиглэн 300 шахам км үргэлжлэн тогтсон элсэн хуримтлал юм. Элсэн хуримтлалд бөөрөг, хонхорт бөөрөг, манханжсан хонхорт бөөрөг манхан хэлхээ, цац суварган оргил бүхий өндөр манхан, бүрхэвч зэрэг элсэн хуримтлалд ялгарах хотгор гүдгэрийн бүхийл хэлбэрүүд байдаг бөгөөд Монгол элсний хойд захаар Завхан гол эмжин урсахын хамт Эрээн,  Ажиг, Сангийн далай, Гүн зэрэг олон нуур тогтсон байдаг нь байгалийн үзэсгэлэнт байдал  эко системийн өвөрмөц хослолыг бий болгожээ. Монгол элсэнд элсний бэлчээрийн үндсэн ургамал болох хар , цагаан суль нь хур бороо, ган гачигаас үл хамааран зөвхөн хөрсний чийгээр ургадаг онцлогтой. Иймээс ч нутгийн ард иргэд Монгол элсийг ган зудын аюулаас хамгаалдаг хэмээн их шүтдэг билээ. Эргэн тойрон өндөр өндөр элсэн манхануудаар хүрээлэгдэн элсэн дунд үүссэн өвөрмөц тогтоцтой үзэсгэлэнт нууруудын ойролцоо  Завхан голын тохойрч мушгирсан хөндий арлуудаар бургас, хус мод ургах ба элсэнд нь бор бургас, боролзгоно, суль, сульхир, чацаргана их хэмжээгээр ургадаг нь байгалийн сонин содон гайхамшигуудын нэг юм.

    4.Хасагт хайрхан уул, Хүнхэр зуслан

    Хасагт Хайрхан уул нь Говь-Алтай аймгийн Шарга, Жаргалан, Баян-Уул, Тайшир сумдын нутагт Их Нууруудын хотгор руу гүн түрж орсон Алтайн салбар уулсын нэг билээ. Энэ уулын буга, аргаль, янгир, ирвэс зэрэг ховор ан амьтдын өлгий нутаг бөгөөд байгалийн үзэсгэлэнт байдлыг хамгаалах зорилгоор 1965 онд онд АИХ-ын Тэргүүлэгчдийн 17 дугаар зарлигаар дархан газар болгожээ. Улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох тухай УИХ-ын 1995 оны 26 дугаар тогтоолоор дархан цаазат газрын ангиллаар баталгаажуулжээ. Талбайн хэмжээ нь 27448 га. Хасагт Хайрхан нь эгц цавчим хажуутай, хурц шовх оргилтой 2 зэрэгцээ нуруунаас бүрдэх бөгөөд хойтохыг Хасагт Хайрханы нуруу, өмнөхийг Гурван Богдын нуруу гэнэ.  Эдгээр нурууд нь гүн хавцал, ам хөндийгөөр олонтоо зүсэгдсэн хадат шовх оргил, байц цохио, үхэр чулуут сайр, мөстлийн мөлгөр чулуун дайрга, нуранги асга бүхий Алтайн сүрлэг уулсын дүр төрхийг агуулсан ан амьтан, араатан жигүүртэн шивээлсэн гоо үзэсгэлэнт баян тансаг нутаг билээ. Хаcагт Хайрханы шохойн чулуу, гантиган уулсад том жижиг агуй хонгил цөөнгүй бий. Монгол Алтайн нурууны салбар уулсын ойтой хэсэг бөгөөд энд хангай, хээр тал, говь гурван бүсийн ургамал, амьтан хослон оршино. Хасагт Хайрхан уул нь амьтны аймгаар баян. Энэ ууланд Монгол Алтайд тархсан ховор амьтад нутаглана. Монгол улсын улаан номонд орсон буга, суусар, аргаль, янгир, хойлог, ирвэс, ёл бий. Мөн ойд хад асгаар шилүүс, цагаан үен, жирх, тагуудад цагаан ахууна элбэг байдаг. Ийм ч учраас дархлан хамгаалж ирсэн бөгөөд сүүлийн жилүүдэд буга, янгирын тоо өсөж байна.

    Хүнхэр: Байгалийн үзэсгэлэнт  “Хүнхэр зуслан” амралт-аялал жуулчлалын цогцолбор нь “Говь-Алтайн Швейцарь” хэмээх алдаршсан дархан цаазат “Хасагт хайрхан” уулын ар хажууд тусгай хамгаалалттай бүс нутагт далайн түвшнээс дээш 2200-2600 метр өргөгдсөн Говь-Алтай аймгийн Жаргалан сумын нутаг хүнхрийн голд Алтай хотоос 73 км зайтай оршдог. Амралтын бүсэд орших Хүнхэрийн голын рашааныг нутгийн ард олон 200-гаад жилийн тэртээгээс ходоод, элэг, цөс, дотрын эрхтнийг анагаан сувилахад ууж хэрэглэж ирсэн түүхэн уламжлалтай. Рашаан нь хлорид-гидрокбонат-кальци-магни натрийн найрлагатай, нүүрсхүчлийн хийтэй хүйтэн рашаан юм. Амралтын орчин нь  хангайн бүсийн шинжийг агуулсан Алтайн сүрлэг уулс, бэлдээ хээрийн бүс, алсдаа говь цөлийн бүсийг багтаасан аргагүй л дөрвөн бүсийн үзэсгэлэн бүрдсэн нутаг юм. Шинэсэн ойтой голынхоо дагуу бургас, улиас, хар мод ургасан, тошлой, уулын зэрлэг сонгино, жимс элбэгтэй.

    5.Бурхан буудай уулын нөөц газар

    Говь-Алтай аймгийн Бигэр, Цогт, Халиун сумдын нутагт орших Бурхан буудай уулын өвөрмөц үзэсгэлэнт тогтоц, эртнээс шүтэж ирсэн уламжлалыг хадгалан үлдээх, ашиглалт, хамгаалалтыг зүй зохистойгоор явуулах зорилгоор УИХ-ын 1996 оны 43 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтанд авсан. Бурхан буудай уул нь Монгол Алтайн бөөн цулдам уулт өндөрлөгийн мужийн уулын нуга, уулын хээрийн дэд мужид багтдаг бөгөөд ноён оргил нь 3765м өндөр мөнх цастай уул юм. Уулын их бие, ам хөндийд эртний мөстлийн ул мөр болох хотгор гүдгэрийн тавцан дэнж, хунх нилээд их байхын зэрэгцээ асга нуранги ихтэй. Бурхан буудай уулнаас Урд гол, Дунд гол, Хойт гол, Уст чацран голууд эх авч урсдаг.  Монгол Алтайн нурууны салбар энэхүү үзэсгэлэнт ууланд аргаль, янгир, ирвэс, хойлог, ёл, тас зэрэг амьтан, шувууд элбэгээс гадна вансэмбэрүү, алтангагнуур, гандигар, цэнхэр цагаан манчин, банздоо зэрэг олон зүйлийн эмийн ургамал, чацаргана, тошлой зэрэг жимс жимсгэнэ ургана. Бурхан буудай уулын Хярын нуурын мянган булш, Үертийн цагаан хаалга зэрэг өвөрмөц тогтоцтой цавчим өндөр сүрлэг байц хад, хадан хавцал хясаагаар хүрээлэгдсэн аль ч талаараа очиход таг хэмээн нэрлэгдэх байгаль эхийн бүтээл ихтэй. Бурхан буудай уулын Нам богдын орой дахь буудай хэлбэрийн улаан чулууг нутгийн ардууд эрт дээр үеэс тахин шүтэж ирсэн нь одоог хүртэл хадгалагдаж байна.

     

    6.Гэгээн нуурын цогцолбор /Усан цахилгаан станц, Гэгээн нуур, Харандаа хад, Нарванчин гэгээний хийдийн туурь/     

    Тайширын усан цахилгаан станц, Гэгээн нуур:   130м өндөр хадан хавцлыг газрын гүнд 20 м голын эргээс дээш 50 м өндөр, 75 м өргөнтэй, 190 м урт далан барьж байгуулсанаар 50 км/кв талбайтай, 930 сая шоо метр эзлэхүүн бүхий усан сантай нуур үүсгэсэн, хүмүүс болон техник хэрэгслийг далан дээр хүргэх 350 метр урттай тунел бүхий хүний гараар бүтсэн гайхамшигт бүтээл мөн.          

    Харандаа хад: Сумын төвөөс 3 км зайд орших энэхүү хад нь галт уулын дэлбэрэлтээс үүссэн лавын урсацаас тогтсон өвөрмөц тогтоцтой, 6 талтай баганан хүрмэн чулуунаас тогтсон толгой юм. 6 талтай хүрмэн чулуу ховор. Ийм толгой Дорноговьд аймгийн Дэлгэр сумд байдаг.          

    Нарванчин гэгээний хийдийн туурь:  Халхын 88 шидтэн Нарванчин гэгээн Б.Пүрэвжав, Дэмчиг бурханы  хувилгаан        Дүвчин  дилав хутагт Б.Жамсранжав  нарын Халх даяар алдартай хүрээ хийд  эдүгээ чулуун  туурь болон үлджээ.          Хийдийн  туурь 250-300 м2  орчим талбайтай.  Тэнд  12,5м урт, 5 м өндөр 85 см өргөнтэй  гол сүмийн  хойд хана , түүний баруун, зүүн  талд байх 8-10м урт, 1,6 м өндөр, 40 см өргөнтэй  2 хананы  үлдэц байдаг.        

    Хананы үлдэцийг ажиглахад  хавтгай  чулуугаар суурь  тавиад дээр нь түүхий тоосгыг босоогоор нь өрж,  үйлджээ.        

    Барилгын дээврийн зориулалттай  хээтэй, хээгүй ваар шаазан эдлэлийн үлдэгдэл, нөмрөг ваар, хөх тоосгоны хагархай , энд  тэндгүй  хөглөрнө. Зэс  аяга, тахилын  цөгц зэрэг  чимэглэл зэрэг зүйлсийг хананы хөндийд шургуулсан байна.

    7.ГИДЦГ-ын “А” хэсэг, Мазаалай

    Говийн Их дархан цаазат газрын “А” хэсэг нь Төв Азийн хэт гандуу, эрс, тэс уур амьсгалтай, цөлийн бүсэд хамаарах ба энд ил задгай ус ховор, ургамалан бүрхэвч сийрэг, ядмаг, хүн, мал нутаглахад тохиромжгүй зэлүүд нутаг бөгөөд Эдрэнгийн нуруунаас баруун өмнө зүг улсын хил хүртэлх 1085 нутгийг хамарна. Говийн их дархан газрын баруунаас зүүнээ чиглэн тогтсон урт урт хотгорууд бол эртний их гүн ан цав бөгөөд эртний галт уулсын эвдэрч үйрсэн хүрмэн чулуу үлэмжхэн байдаг. Тус дархан газрын “А” хэсгийн төв дундуур баруун, зүүнээ чиглэн сунаж үргэлжилсэн Атас, Ингэс, Зүүн тооройн нуруу, Зараа хайрхан зэрэг их уулсаас хойш Эдрэнгийн нурууны өврөөр, мөн баруун, зүүнээс чиглэн сунаж орших уул, нуруу, шил сэрвэн, оорцог, уул толгод зэрэг бий. Уур амьсгалын хувьд Говийн их дархан цаазат газар нь Монгол орны хамгийн халуун хуурай, хур тунадас багатай нутгийн нэгэнд тооцогддог. Алтайн цаадах говийн амьд байгаль хэдийгээр тодорхой хэмжээгээр хомс боловч Төв Азийн хэт гандуу цөлийн онцлогийг төлөөлсөн өөрийн өвөрмөц онцлог бүхий амьтан ургамалтай. Энд Төв Азийн говь, цөлийн унаган төрхийг хадгалсан дэлхийд ховордсон, Олон улсын болон Монгол улсын улаан номонд орсон мазаалай, хавтгай, хулан, хар сүүт, ирвэс, аргаль, янгир зэрэг ан амьтны өлгий нутаг юм. Алтайн өвөр говьд Монгол орны хамгийн том гүрвэл болох Замба гүрвэл, мөн түүнчлэн нохой гүрвэл, говийн нүцгэн сарвуут геккон гүрвэл, говийн гүрвэл, монгол гүрвэл, загалт гүрвэл, нарийн могой, тэмээн сүүл могой, сум могой зэрэг ховор мөлхөгчид бий.        

    Мазаалай:    Монголын говьд эртний амьтад үүсч, өсч үржиж, мөхсөн гэдэг бөгөөд тэр үед мазаалайн төрөл амьдарч байсан гэж үздэг. Мазаалай бусад баавгайн төрлөөс хавьгүй эрт буюу 500-700 жилийн өмнө үүссэн байна. Мазаалай нь баавгайн төрөл дотроо хамгийн дасан зохицох чадвар сайтайд ордог гэжээ. Тодруулбал өвлийн хүйтэнд дунджаар -34 хэмээс зуны оргил үед 46 хэмFigure 1 хүртэл халуунд амьдардаг.         

    Манай говьд 20 гаруй  толгой мазаалай үлджээ. Говийн их дархан цаазат газрын 2.1 сая га талбайн Цагаан богд, Атас-Ингэс, Шар хулсны нуруунд 3-4 бүл үүсгэн амьдарч байгаа аж. Хэдхэн жилийн өмнө 50 гаруй мазаалай байсан ч дэлхийн дулаарал болон бусад шалтгаанаар хоёр дахин хоргодоод байна.            

    Мазаалай бол Монголын "Улаан ном"-ын нэн ховор амьтны жагсаалтад бүртгэгдсэн амьтан. Нас биенд хүрсэн эр мазаалайг шармаахай, эмийг нь эвш гэдэг. Эвш нь жил өнжөөд ихэвчлэн ихэр аламцаг төрүүлдэг байна. Харин шармаахай зун нь хүрэн бор, өвөл хаварт бор саарал зүстэй болдог ажээ. Хүзүү хөл нь их биеэсээ бараан байдаг бөгөөд хэнхдэг хүзүүнийхээ угт цайвар толботой байдаг. Мазаалайн биеийн дундаж жин 90-100 килограмм, урт нь 150, өндөр нь 80-92 сантиметр байдаг

    8.    Бигэрийн Таван элс      

    Говь-Алтай аймгийн төвөөс 134 км, Бигэр сумын төвөөс 17 км-торших эртний хотын туурь дээр тогтсон элсэн манханыг “Таван элс” гэдэг. Элсэн манхан дотроос элсний нүүлтээр байн байн гарч ирэх их хотын туурь нь түүхчдийн анхаарлыг их татдаг. Энэ хот нь битүү бургас, модон дотор байж байгаад дайны хөлд үрэгдэн сөнөжээ гэж нутгийн өтгөс үе дамжин хуучилсаар иржээ. Үүний ул мөр нь одоо маш элбэг байгаа шатсан чулуунаас гадна ганц бургас, таван бургас зэрэг эргэн тойрны үлдэгдэл бургас туурийн өмнө талд одоо бий.      Бигэрийн бөөр сувиллын “Таван элс” нь хужир ихтэй учир чийгийг сайн шингээхээс гадна бие махбодь дахь исэлдэх процессыг ихэсгэх үйлчилгээтэй. Элсэн хучилгын үед бие махбодийн усны тэнцвэрт өөрчлөлт орж чөлөөт усны хэмжээг багасгадаг. Мөн халсан элснээс дулаан цацралт гарч биед шингэдэг. Дулаан цацаргалт бүхий цахилгаан соронзон  долгион нь нил улаан туяаны мужид оршдог. Таван элсний орчин нь цаг уур, геофизикийн хүчин зүйлийн харилцан үйлчлэлийн улмаас холын нил улаан туяа үүсэх боломжтой гэж үзэн “байгалийн нил ягаан туяаны саун” гэж нэрлэсэн байдаг.

    9.Хүрэл морь

    /MЭӨ III-YII/; Хүрэл морины дүрсийг урт сайхан биетэй, гоёмсог согоо чихтэй, нүдийг нь дугариг хэлбэртэй, нэвт цоорхой, дэлийг нь нарийсган өвдөг борвины үеийг залгаатай байдлаар урласнаас гадна сүүлийг мушгин гоёсон, эржгэр хээтэй хавтгай суурин дээр ихэд бодит байдлаар бүтэн хүрлээр урласнаараа онцлог юм. Ур хийцийн хувьд ордосоос олдсон морины дүрс, мөн Өмнөд Сибирийн Минусын хонхороос олдсон янгирын дүрстэй төстэй төмөр зэвсгийн эхэн үе, МЭӨ 3-7 р зуунд хамаарагдана. Уг хүрэл морийг Жаргалан сумын нутгаас олсон бөгөөд 1965 онд цуглуулгаар сан хөмрөгт авсан. Морины хэлбэр, хэв шинжийн дүрслэл нь хүлгийн бие галбирыг нарийн уран чамин хийцтэй, гоёмсог согоо чихтэй, ихэд бодитойгоор бүрэн баримлаар хавтгай суурин дээр цутгаж урлажээ. Түүний сүүлийг мушгиж гоёсон ба нүдийг дугариг нэвт цоорхой, дэлийг нарийсган, өвдөг, боривны үеийг залгаатай байдлаар урласнаас гадна суурь нь эргэн тойрон иржгэр хээтэй ажээ. Уг хүрэл морь нь 2005 онд болсон Монголын музейн шилдэг үзмэрийн уралдаанд түрүүлж байсан.  

    Эх сурвалж: www.govi-altai.gov.mn

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй