Буриадын Агинск хотод болсон дуурийн гоцлооч, жүжигчин, найруулагч, багш, ЗХУ-ын ардын жүжигчин Лхасран Линховоины нэрэмжит дуурийн дуу дуулаачдын олон улсын XI уралдаанд ДБЭТ-ын дуучин С.Батчимэг түрүүлжээ. Уралдаанд тус театраас таван дуучин оролцож буй. С.Батчимэг СУИС-ийг 2012 онд Монгол Улсын гавьяат багш Б.Дашамагийн удирдлага дор дүүргэж, өдгөө ДБЭТ-т дуучнаар ажиллаж байгаа. Лхасран Линховоины нэрэмжит олон улсын уралдаанд 70 гаруй дуучин оролцсоны 30 нь Монгол, гурав нь БНХАУ, бусад нь ОХУ, Буриад улсын дуучин аж. Уралдааныг нэрт дуучны нутагт зохион байгуулснаараа онцлог болсон байна.
Л.Линховоин Забайкальск хязгаарын, Агинскийн ойролцоох Ага-Хангил тосгонд 1924 онд төржээ. 1949 оноос Улан-Үдийн Хөгжимт драмын театрт жүжигчнээр ажиллаж байгаад Ленинград хотын Н.А.Римский Корсаковын нэрэмжит Хөгжмийн дээд сургуульд дуулаачийн мэргэжлээр суралцан, 1954 онд дүүргэсэн байна. Буриадын Дуурь бүжгийн эрдмийн театрын уран сайхны удирдагчаар олон жил ажилласан тэрбээр Бүх холбоотын театрын нийгэмлэгийн тэргүүлэгч гишүүн байсан аж. Тэрбээр ЗХУ-д төдийгүй дуурийн урлаг хөгжсөн гадаад орнуудад ч гайхагдаж явсан мэргэжилтэн.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт