
Гурван сарын турш Монголчуудын оюуныг баясган, уйлуулж, инээлгэж, уурлуулж, баярлуулж чадсан "Авьяаслаг Монголчууд" шоу маш амжилттай болж өндөрлөлөө. Сүүлийн шатанд шалгарсан шилдэг найман оролцогчдын тоглолтыг харахад үнэхээр онцгой байж чадсан хоёр оролцогч шилдэгт шалгарсан гэдэгтэй маргах хүн үгүй болов уу. Харин үзэгч түмэнд илүүтэй таалагдсанаар "Эгшиглэнт чимээ" хамтлаг тэмцээний ялагчаар тодорлоо.
Тэмцээний дэд байранд орсон Х.Бархүү, Б.Мягмарцэрэн нар Монгол үндэсний хөгжмийн гайхамшгийг мэргэжлийн өндөр түвшинд толилуулж, тоглолт болгосон нь үзэгч түмний сэтгэлд хүрч чадсан. "Эгшиглэнт чимээ" хамтлаг хөгжмийн зэмсэггүйгээр мод, чулуу, төмөр, шил, барилгын материал ашиглан авиа гарган хослуулж хүүхдийн дуу, монгол ардын хөгжим, сонгодог аясыг чадварлаг амилуулан нэг багшийн дор 35 ертөнц нэгдэн нэгэн цогц болж Монголчуудын хайрыг татаж тэмцээний ялагч болж чадсан.
Тэмцээний ялагч болсон хүүхдүүдийг зарим хүмүүс "өхөөрдөж" саналаа өглөө гэсэн шүүмж гарч буй нь харамсалтай. Үүнийг дагаад "Эгшиглэнт чимээ" хамтлаг хэр "хол явж чадах вэ?" гэсэн асуулт гарч ирнэ. Тэгвэл энэ төрлийн эд материалаар "хөгжимддөг" урлагийн төрөл дэлхийд хэр танигдсан талаар сонирхоё.
Хамгийн түрүүнд Английн алдарт Stomp хамтлаг санаанд бууж байна. Тэд цаас, асаагуур, бөмбөг, шүүр, хогийн сав гэх мэт ахуйн ямар ч материалыг ашиглан хөгжим тоглон дэлхийд нэрд гарч чадсан хамтлаг.

Stomp хамтлаг анх 1991 онд Англи улсад байгуулагдаж гараагаа эхэлснээс хойш Англи, АНУ, Австрали зэрэг орнуудад дэлхийн урлагийн дээд шагналуудыг удаа дараа хүртэж, дэлхийн шилдэг хөгжмийн жагсаалтыг гаргадаг billboard-д нэгдүгээрт жагсаж, том гүрнүүдийн ерөнхийлөгчид, дээдсийн арга хэмжээнүүдэд байнга уригдан тоглож, дэлхий даяар бүрэн хэмжээний кино гарган асар их ашиг олон, 2012 оны Лондонгийн олимпийн хаалтын тоглолтод оролцсон гээд тэдний амжилтыг дурьдаад дуусахгүй.
Donald Knaack /Junkman/ материалаар хөгжим тоглогчдийн томоохон төлөөлөгчдийн нэг. Түүний гаргасан "Junk Music" цомог "Гремми Авард"-д нэр дэвшиж байсан бөгөөд тэр дэлхийн хамгийн том театруудад тоглолтоо толилуулдаг нэгэн.
Эд материалаар хөгжим тоглох нь тийм ч нийтлэг бус урлаг юм. Учир нь энэ бол дуртай нэгнийх нь хийж чадах ажил биш. Маш өндөр сонсголын мэдрэмжтэй, авьяастай хүмүүс л үүнийг тоглож чаддаг.
"Эгшиглэнт чимээ" хамтлаг Stomp хамтлагийн зэрэгт, магадгүй тэднээс илүү гарахыг үгүйсгэхгүй. Тэд бол хүүхдүүд. Энэ бол тэдний ердөө л эхлэл нь. Цаашид улам илүү сайжирч хөгжиж дэлхийн хэмжээнд Монголын нэрийг дуурсгана гэдэгт итгэлтэй байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт