Зураач С.Мөнхбаатар “Хотын төрх” анхны бие даасан үзэсгэлэнгээ Нийслэлийн 375 жилийн ойг угтаж, Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд дэлгэжээ. Түүний туурвисан бүтээлүүд бусдынхаас өөр. Их хотын амьдрал, өнгө төрхийг харуулсан зураг ойрын хэдэн жилдээ энд гараагүй санагдана.
Хөрөг зургаар уран бүтээлийнхээ гарааг эхэлж байсан тэрбээр бүтээлдээ гэр хорооллын эгэл жирийн амьдралыг бодитоор харуулсан нь сонирхолтой байлаа. Зураач залуу “Гэр хороолол ч гэсэн хотын нэгэн өнгө төрх шүү дээ. Түүнээс биш өндөр барилга байшин, янз бүрийн хөшөө дурсгал, зогсоо зайгүй хөлхөх унаа машин төдийхнөөр харж ойлговол өрөөсгөлдөнө. Тиймээс гэр хорооллын хүмүүсийн өдөр тутмын амьдрал, үйл явдал хэрхэн өрнөдөг, хүүхдүүд амралтынхаа өдрийг яаж өнгөрүүлдэг энгийн дүр зургийг байгаагаар нь харуулахыг хүссэн юм” хэмээн өгүүлсэн.
Хурдацтай урагшилж буй хөгжлийн түүчээнд хэтдээ гэр хороолол үгүй болох тул тэрбээр бүтээлдээ зураг болгон үлдээхийг зорьжээ. “Хотын төрх”-ийг харуулсан 55 бүтээлээ усан будгаар зурсан нь учиртай. Үүгээрээ усан будгаар олон бүтээл туурвиж болдог гэдгийг харуулсан байв.
Тэрбээр үзэсгэлэнгийнхээ хойморт бийр будагтай нөхөрлөж, өөртэй нь 10 жил хамтдаа уран бүтээл туурвиж буй зураач Ж.Төмөрбатын хөргийг залжээ. Энэ хүн түүний уран бүтээлийн хамгийн ойр дотнын зөвлөх багш, бас шүүмжлэгч нь. С.Мөнхбаатар өмнө нь багшийнхаа хөргийг зурж, “Миний найзын хөрөг” үзэсгэлэнд оролцоод тэргүүн байрын шагнал хүртэж байсан гэдэг.
Ирэх жилийн гуравдугаар сард хоёр дахь бие даасан үзэсгэлэнгээ гаргах тэрбээр 2005 онд МУБИС-ийн Дүрслэх урлаг технологийн сургуулийг урлаг техникийн багш мэргэжлээр дүүргэсэн. Одоо Улаанбаатар Их Сургуульд мэргэжлээрээ ажиллаж байгаа. 2010 онд Монголын Залуучуудын Холбооны “Тэргүүний залуу” алтан медалиар шагнуулжээ.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт