Пенциллин тариа бий болохоос өмнө дэлхий даяар төрөлхийн тэмбүү өвчтэй хүүхэд олон төрж байжээ. Хүмүүсийн мартсан энэхүү хар цагаан түүхэн зураг бидэнд нэгийг сануулж байна. Учир нь манай улсад 2012 оны байдлаар нийт халдварт өвчний 45 хувийг бэлгийн замын халдварт өвчин, тэр дундаа тэмбүүгийн өвчлөл тэргүүлж байжээ. Энэхүү өвчлөлтэй холбогдуулж нийслэлийн зургаан дүүрэг, найман аймагт тэмбүүг эрт оношлох зорилготой төсөл хөтөлбөрийг таван жилийн өмнөөс хэрэгжүүлжээ. Энэ төсөл хөтөлбөр хэрэгжихээс өмнө жирэмсэн эмэгтэйчүүд, тэдний хавьтагсдын илрүүлэлт 10 хувьтай байсан бол төсөл хэрэгжсэнээр 52 хувьд хүрлээ. Тэмбүү өвчний халдвартай нь тогтоогдсон өвчтөнүүдэд 100 хувь эмчилгээ хийдэг бөгөөд эрүүлжилт 99.1 хувьтай. Тэмбүү өвчин нь архаг удаан явцтай, олон эрхтэнг гэмтээдэг, жирэмсэн эхээс хүүхдэд дамжиж болдог бэлгийн замын халдвар юм. Тэмбүүгийн халдвар авсан жирэмсэн эмэгтэй эмчлүүлээгүй тохиолдолд тэмбүү өвчин урагт халдварласнаас зулбах, дутуу төрөх, жин багатай, амьгүй хүүхэд төрөх, төрөлхийн тэмбүүтэй хүүхэд төрөх, нярай эндэх зэрэг хүндрэлд хүргэнэ. Иймд жирэмсэн эмэгтэйчүүд хяналтандаа эрт орж, тэмбүү өвчнийг илрүүлэх шинжилгээнд хамрагдах нь чухал бөгөөд ингэснээр дээр дурьдсан гарч болзошгүй хүндрэлүүдээс бүрэн сэргийлж чадна. Төрөлхийн тэмбүүгээс хэрхэн урьдчилан сэргийлэхийн тулд жирэмсэн эмэгтэйчүүд хяналтанд эрт хамрагдаж, тэмбүү өвчнийг илрүүлэх шинжилгээ хийлгэх, өвчин илэрсэн тохиолдолд эмчийн хяналтанд эмчилгээг цаг алдалгүй, бүрэн төгс хийлгэх, бэлгийн хавьтагчаа заавал хамт эмчлүүлэх, тохиолдлын бэлгийн хавьталд хамгаалалтгүй орсон үед өвчний шинж тэмдэг илэрсэн эсэхээс үл хамрагдаж, бэлгийн эрүүл мэндээ шалгуулах нь зүйтэй.
Тэмбүү өвчний халдвар авснаас хойш дунджаар 3 долоо хоногийн дараа бэлэг эрхтэн дээр өвчин эмзэглэлгүй хатуу яр /шархлаа/ гарна. Энэ үед ойролцоох тунгалгийн зангилаа буюу цавины булчирхай цочиж томорно.
Хатуу яр нь эмзэглэлгүй байдаг ба эмэгтэйчүүдэд нүдэнд ил харагдахгүй газар гарч болдог тул энэ шинж тэмдгийг анзааралгүй өнгөрөөх тохиолдол байдаг.
Эмчилгээ хийлгээгүй ч гасэн хатуу яр нь аяндаа алга болох ба тодорхой хугацааны дараа өвчний үе шат даамжирч арьс салстаар тархмал тууралт гарах, үс унах, арьс цайх шинж илэрнэ. Цаашдаа өвчин даамжирч халдвар авснаас хойш 3-6 жилийн дараа арьс салстыг гүн гэмтээсэн тууралт гарахаас гадна дотор эрхтэн, мэдрэлийн тогтолцоонд гүнзгий өөрчлөлт илэрч, яс, үе мөчийг гэмтээдэг онцлогтой.
Тэмбүү өвчний үед ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүй, гаднаасаа эрүүл хүн шиг харагдаж болно.
Ийм үед зөвхөн цусны шинжилгээгээр халдвартай болох нь тогтоогддог.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт