Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Батхишиг болон тус Элчин сайдын яамны ажилтнууд 2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Анкара хот дахь Чингис хааны хөшөөнд цэцэг өргөв.
Цэцэг өргөсний дараа Монгол, Туркийн төрийн дуулал эгшиглүүлж, Элчин сайд Б.Батхишиг, тус хотын Чанкаяа дүүргийн орлогч дарга Гүлсүн Бор Гүнер нар харилцан баяр хүргэж үг хэлэв. Элчин сайд Б.Батхишиг хэлсэн үгэндээ эзэн Чингис хаан Евразийн өргөн уудам орон зайд Монголын эзэнт гүрнийг байгуулж, Ази, Европын улс төр, эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсныг тэмдэглээд орчин цагийн даяаршлын үйл явцыг үндэслэгч мөн хэмээн онцлов.

Чанкаяа дүүргийн орлогч дарга Гүлсүн Бор Гүнер Монгол, Турк ах, дүүгийн найрсаг харилцаатай улсууд болохыг онцлон тэмдэглээд, улс эх орны томоохон удирдагчдыг санан дурсах нь тэдний түүхэн гавъяа, зүтгэлийг алдаршуулж, мөнхжүүлэхэд чухал гэв.Уг ёслолд Туркийн Анкара хот, дүүргийн захиргааны хариуцлагатай ажилтнууд, тус хотод суралцаж, ажиллаж байгаа Монголын иргэд оролцов.
Анкара хотын Цагдаагийн академийн монгол оюутнууд дүрэмт хувцастайгаа жагсаж хүндэтгэл үзүүлэв.Эзэн Чингис хааны хөшөөг тус хотын төв дүүрэг Чанкаяа дахь үзэсгэлэнт цэцэрлэгт 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан босгосон.

МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт