ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Монголчууд угаадаг даавуун живх үйлдвэрлэж байна

    Сүүлийн үед дэлхий нийт нэг удаагийн живхээс татгалзаж экологид ээлтэй угаадаг живхийг хэрэглэх болсон. Тэгвэл ийм живхийг манай улсад үйлдвэрлэдэг болсон байна. Энэ талаар “Tezard” ХХК-ийн менежер Ч.Долгорсүрэнтэй ярилцлаа.

    -Угаадаг живх хийх санаа хэрхэн төрсөн тухайгаас яриагаа эхлэх үү.

    -Нийгмийн халамжийн чиглэлээр ажилладаг маань ийм санаа төрөхөд нөлөөлсөн болов уу. Ажлын шугамаар асрамжийн газрын үйл ажиллагаанд шалгалт хийж явтал өнчин, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд ямар хүнд нөхцөлд өсч, бойжиж байгааг нүдээр үзээд эх хүний хувьд ихээхэн сэтгэл өвдөж  байсан. Хамгийн өрөвдмөөр нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд живх худалдаж авах мөнгө байдаггүйгээс орондоо бие засах тохиолдол байнга шахуу гардаг гэж асрагч нь  хэлж байсан юм. Харин  нэг өдөр хүүхдээ харангаа  интернэтээс элдэв мэдээлэл үзэж байгаад америк ээжийн даавуун живх хэрэглэж байгаа талаар мэдээлэл, бичлэгийг үзээд маш их таалагдаж тэр даавуун живхийг хайж, эрсээр АНУ-аас захиалсан. Захиалсан живх маань их зүгээр санагдсан ч үнэ, тээвэрлэлтийн зардал гээд өртөг нь дундаж амьдралтай над шиг хүний хувьд арай л чангадсан юм шиг санагдсан. Тэр үеэс л хүүхэддээ эрүүл мэндэд нь хоргүй бүтээгдэхүүн хэрэглэх хүсэлтэй над шиг монгол ээж нартаа, мөн өөрийн үзэж харсан тэр хөөрхийлөлтэй дүр төрх, уулзсан хүмүүст нэмэр болох юмсан гэсэн хүсэл маань дийлж  улмаар даавуун живх хийх санаа төрсөн гэж болно.

    Тэгээд ч живх ээж нарын ажлыг хамгийн ихээр хөнгөлж өгдөг гол туслах ч гэлээ нөгөө талаар  эдийн засгийн “дайсан”. Мөн нэг удаагийн памперс дэлхийн  хатуу хог хаягдлын дөрвөн хувийг эзэлдэг. Зөвхөн АНУ-д жил бүр 3.5 сая живх хаягдал болдог, эдгээр нь 100 жилийн турш байгаль дээр усталгүй хэвээр байдаг гэх судалгаа байдаг.

    -Төрсөн санаа бүтээгдэхүүн болох хүртэл хэр хугацаа болсон  бэ?

    -Зургаан сар гаруй болсон. Бид эхлээд импортоор орж ирж буй угаадаг живхийг сонирхож, судалж үзсэн. Зургаан сарын хугацаанд туршилт хийн  энэхүү загвараа худалдаанд гаргасан. Угаадаг живх бол байгальд ээлтэй бүтээгдэхүүн бөгөөд нэг удаагийн живхнээс ялгаагүй хэрэглэж болдог гэдгийг манай ээжүүд төдийлөн сайн ойлгохгүй байгаа юм шиг санагддаг. “Diaperworld” брэндийн угаадаг живхний онцлог тал нь 2-3 цаг шингэнийг шингээдэг яг л нэг удаагийн живхтэй адил бүтээгдэхүүн. Даавуун живхний үнэ таны ямар төрлийг сонгон хэрэглэхээс хамаарч дунджаар нэг хүүхдэд 75,000-150,000 төгрөг болно. Харин нэг удаагийн живхний нэг хүүхдийн нийт хэрэгцээний өртөг 3,000,000 төгрөг болно.
    Живхээ зөв арчилж угааж хэрэглэвэл дахин дахин хэрэглэх боломжтой. Дан ганц санхүү ч биш хүүхдэд харшил өгөхгүй, биенд эвтэйхэн зэрэг олон давуу талтай

    - Мэдээж хүүхдэдээ хэрэглэх учраас ээжүүд ямар материалаар хийсэн хэр найдвартайг мэдэхийг хүснэ. Энэ талаар?

    -Бид гурван төрлын живх үйлдвэрлэж байгаа. Тодруулбал, Халаастай живх маань гадна талаасаа ус нэвтрүүлдэггүй “PUL” материалаар, дотор тал нь “microfleece” хүүхдийн арьсыг хуурай байлгах зориулалттай “stay-dry fleece” буюу даавуугаар хийсэн, дотор талын урд хэсэг нь халаастай учир живхэнд шингээгч хийх боломжтой мөн ташааны болон бүсэлхийн кнопуудаар хүүхдийн жин, насанд нь тохируулан өөрчлөх боломжтой. Энэ живх нь дөрвөн сартайгаас эхлэн 14кг жинтэй болох хүртэл хэрэглэх боломжтой. Дараагийн төрөл болох Живхний бүрхэвч нь таны өөрийн хүссэн болон танд өөрт байгаа даавуу, шингээгчийг хүүхэддээ хэрэглэх боломжтой. Уг бүрхэвч дотор даавуу болон шингээгчийг байрлуулан живхний гадуур шингэн гоожихоос сэргийлэх зорилгоор хэрэглэж болох юм. “PUL” материалаар хийсэн учраас байнга угаалгүйгээр арчиж олон дахин хэрэглэх боломжтой. Живхний бүрхэвчийг хуурай байлгах зориулалттай шингээгч  нэг ширхэг дагалдана. Харин дараагийн төрөл болох Хөтөвчний өмд нь 1-2 хүртэлх насны хөтөвчинд сууж бие засч сурч байгаа хүүхэд өмсөхөд зориулагдсан. Нэг багцдаа хоёр ширхэгтэй. Хөлд орж буй болон мөлхөж буй хүүхдийг тосч шээлгэж сургаж буй үед хэрэглэж болно. Учир нь зарим хөдөлгөөнтэй хүүхдүүд дээш харж хэвтэн живхээ солиулах дургүй байдаг. Хөтөвчний өмдний гол хэсэг нь шингэн нэвтэрдэггүй материалаар хийсэн ба энэ нь хүүхэд санаандгүй өмдөндөө бие зассан тохиолдолд шингэнийг гадагшлуулахгүй барина. Хүүхэд бие зассан тохиолдолд нойтныг даруй мэдэрнэ. Ингэснээр хөтөвчинд сууж сурч байгаа хүүхэд дахин өмдөндөө бие засахгүй байх ёстойгоо ойлгоход тустай. Энэхүү хөтөвчний өмд нь яг дотуур өмд шиг хийсэн учир хүүхдийг бие засах үед нь түргэн доош шувтлан тайлахад хялбархан живх юм. Түүнчлэн  хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд захиалгаар хийдэг.

    Цаашид бид хүүхдийн зөөлөн тоглоом, тоглоомын гудас зэргийг хийх төлөвлөөд байгаа.

    Т.Наран

     

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй