Олон улсын хавдрын эрдэм шинжилгээний агентлаг асбест буюу шөрмөсөн чулууг хавдар үүсгэдэг бодисын ангилалд оруулсан. Маш нарийн ширхэг бүхий энэ чулууны ширхэг нь хүний үсийг 5000 хуваасны нэгтэй ойролцоо нарийн. Удаан эдэлгээтэй, бөх бат, халуун дамжуулдаггүй, галд тэсвэртэй гээд олон давуу талтай энэ чулууг анх нээсний дараа “Гайхамшигт эрдэс” хэмээн барилга байгууламж, цахилгаан бараа, автомашин, гэр ахуйн бараанд өргөн хэрэглэж иржээ.
Хамгийн гол аюул нь агаарт тархсан шөрмөсөн чулууны нунтаг уушиганд орсноос 20-40 жилийн дараа хорт хавдрын эх үүсвэр болдог болохыг тогтоож, 2006 оноос “Энх цагийн тэсрэх бөмбөг” гэх болжээ.
Иймээс МХЕГ-ын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын газраас “Асбестын аюулаас сэргийлэх нь” сэдэвт сургалт-хэлэлцүүлэгийг зохион байгууллаа. Асбесттай харьцдаг ажилчид, үйлдвэрийн эмч, улсын байцаагч нар сургалтад хамрагдсан байна. Холбогдох байгууллагууд асбесттай холбоотой өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, импортоор оруулах тусгай зөвшөөрөл, аюултай хог хаягдлыг зайлуулах, хилээр орж ирж байгаа бүтээгдэхүүний хэмжээ, төрлийн талаар танилцууллаа. Түүнчлэн АШУҮИС-ийн хийсэн судалгааны дүн, аюулгүй ажиллагаанд баримтлах зарчмын талаар хичээл заав. Мөн Хөдөлмөрийн яамны боловсруулж байгаа аюулгүй ажиллагааны журмын төслийг хэлэлцэн, хэрэглэгч байгууллагуудаас санал авсан байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 2010 онд гаргасан судалгаагаар дэлхийд 125 сая хүн асбесттай харьцдаг бөгөөд жил бүр 107,000 хүн хорт хавдраар, үүний 4000 нь маш ховор тохиолддог цээж, хэвлийн гялтан хальсны хортой хавдрын улмаас нас барж байна. Манай улсын хувьд хорт хавдар үүсгэдэг энэхүү химийн бодисыг 40 гаруй жил ашигласан, аюулгүй ажиллагааны болон ажилтны эрүүл мэндийг хамгаалах талаар тогтоосон дүрэм, журам хангалтгүй байгаагаас эрсдэлд орж болзошгүй байгаа юм.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт