Хүн бүр л хамрын ханиад хүрч, тэгсгээд эдгэчихдэг учраас судалж, сонирхоод байх чухал зүйл биш гэж боддог. Гэхдээ энгийн энэ ханиад томууг улс орны хэмжээнд авч үзвэл хохирлын дүр зураг том харагдана. Тухайлахад АНУ-д хамрын ханиаднаас улбаалан 60 сая өдөр хүүхдүүд хичээлээс чөлөө авч, харин томчууд 50 сая өдөр ажилдаа явж чаддаггүй байна. Мөнгөн дүнд шилжүүлвэл хамрын ханиаднаас 25 тэрбум ам.долларын алдагдал хүлээдэг.
Монгол улсын хэмжээнд жишээ нь ханиад хүрч халуурсан хүүхдээ цэцэрлэг сургуулиас нь чөлөө авч, гэртээ асарч үлдсэн ээж нэг өдөрт хэдэн төгрөгийн цалингаа хасуулдаг вэ гэдгийг тогтоож, өрхийн эрүүл мэндийн төв болон бусад шатлалын эмнэлгээс бичсэн чөлөөний актын тоогоор үржүүлвэл манай улсад хамрын ханиаднаас болж учирсан хохирол гарч ирэх юм.

Энэ хүрээд эдийн засгийн тооцооллоо завсарлаж ханиадны талаар 13 баримтыг хүргэе.
- Насанд хүрэгсэд жилдээ 2-4 удаа, харин хүүхэд 6-10 удаа ханиад хүрдэг.
- Ханиад томууны 200 орчим вирус бий бөгөөд хамгийн түгээмэл болох хүний риновирус нь нийт ханиадны 40 хувийг үүсгэнэ.
- Хүний риновирусын 100 өөр төрөл байдгаас яагаад урьчилан сэргийлэх вакцин үр дүнгүй байдаг нь харагдаж байна.
- Риновирус нь хүний биеийн гадна 3-4 цаг амьдрах тэсвэртэй. Зарим үед хаалганы бариул, дэлгүүрийн түрдэг тэрэг, гэрлийн унтраалга гээд хүний хүрдэг газарт 48 цаг амьдардаг.
- Ханиад томууны ганцхан ширхэг вирус 24 цагийн хугацаанд 16 сая болж үрждэг.
- Ханиад дамжихдаа нэгд өвчтэй хүн найтааж, ханиах үеэр агаарт цацагдсан бохирдлыг амьсгалсан хүн, хоёрт халдвартай талбай буюу хамар, нүд зэрэгт хүрсэн гараараа бусдад хүрснээр дамждаг байна.
- Хүний амьсгалаас гарсан хий нэг секундэд 1.3 метр аялдаг. Харин найтаах үед цацагдсан шүлс 160 км/цаг хурдтай тархдаг.
- Найтаах үед үсэрсэн шүлсний бяцхан ширхэг 0.6 метр цацагдана.
- Нэг удаа найтаахад агаарт 100 мянган нян тараана. Тийм ч учраас ханиадтай хүнээс дор хаяж 60 см зай барь.
- Ханиад хүрч, нус нулимсандаа холилдсон үедээ бусдад халдвар тарааж байна гэж өөрийгөө буруутгаж суудаг уу? Тэгвэл санаа зовох хэрэггүй ханиадны вирус энэ бүх хурц шинж тэмдэг илрэхээс өмнө маш хүчтэй байдаг.
- Агаарын чийг бага бол ханиаж, найтаах үед шүлс, вирусыг агаар өөртөө чийг мэт шингээж авдаг. Улмаар томууны нян бүр л хол зайд тархана. Түүнчлэн агаар хуурай үед хүний амьсгалын зам хуурайшиж тус замаар нян оруулахгүй байх үүрэгтэй хаалтууд сулардаг. Хүйтэн, хуурай цаг агаартай үед томуу тархах нэг үндэс нь энэ юм.
- C витамин ханиадыг эмчлэхгүй. Гэхдээ Smithsonian сэтгүүлд дурдсанаар ханиадны эхний хоёр өдөрт 0.2 грамм витамин С хэрэглэснээр ханиад үргэлжлэх хугацааг цөөрдөг байна.
- Ханиаднаас сэргийлэх үр дүнтэй арга бол гараа угаах. Маш олон. Дор хаяж 20 секунд гараа савандаж угаана. Гараа ингэж угаах нь спиртэн суурьтай гар ариутгагчаас илүү хямд, амар, үр дүнтэй арга юм. Мэдээж ус, савангүй үед гар ариутгагч хэрэглэх нь зүйтэй.