
Хувийн хэвшлийн автобус компаниудын ажил хаялт үргэлжилсээр. Талуудын байр суурь зөрүүтэй, санал нэгдэж чадахгүй байгаагийн хор хохиролыг нийслэлийн иргэд л энэ өдрүүдэд амсаж байна. Энэ асуудлаар Нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа өнөөдөр мэдээлэл хийлээ.
Энэ оны 4-р сараас цахим төлбөрийн карт унших иж бүрэн тоног төхөөрөмжийг нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 21 аж ахуйн нэгж байгууллагын 1 251 тээврийн хэрэгсэлд бүрэн суурилуулжээ. Шинэ үйлчилгээг хотын иргэд үнэлж, 10-р сарын нэгний байдлаар зорчигчдын 70 гаруй хувь нь буюу 449400 ширхэг цахим төлбөрийн картыг 1.438.080.000 төгрөгөөр худалдан авсан байжээ. Үүнд:
Энгийн карт - 274589 ширхэг
Хүүхдийн карт /Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид/ - 65430 ширхэг
Ахмад настны карт - 78151 ширхэг
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн карт - 23836 ширхэг
Оюутан, сурагчдын карт - 7594 ширхэг тус тус багтаж байна.
“Улаанбаатар смарт карт” компани гэрээнийхээ дагуу нийтийн тээвэрт төвлөрч байгаа орлогын 10 хувийг авч, үлдсэн хувийг Нийслэлийн тээврийн газарт өгч байгаа бөгөөд нийслэлийн Тээврийн газраас нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч компаниудад хувиарлаж байгаа юм. Одоогийн байдлаар нийт 10 гаруй тэрбум төгрөгийг нийслэлийн Тээврийн газар гэрээний дагуу хүлээн авчээ. Харин ажил хаяад буй аж ахуй нэгжүүдэд Нийслэлийн санхүү төрийн сангаас лхагва гарагт 8, 9 дүгээр сарын 1,5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шилжүүлсэн байна. Иймээс гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай биелүүлж, шаардлагатай санхүүжилтийг хийсэн байхад автобус компаниуд удаа дараа ийм шахалт үзүүлвэл дараагийн аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллана гэдгийг Нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа мэдэгдлээ.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт