ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Төсвийн хэрүүл намаа хоёр хуваагдахад хүргэв

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл намын дарга Н.Алтанхуяг хоёрын харьцаа хүйтэн дайны үеийн АНУ, Зөвлөлт улс шиг болчихоод байна. Шалтгаан нь Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хууль юм. Энэ хуулиар нийслэлийн төсвийг нэлээдгүй хумьж ачааллыг нь нэмсэн. Үүнд эгдүүцсэн Э.Бат-Үүл дарга “Бидэнд багш, эмч, соёлын байгууллагын цалин, урсгал зардал гээд 280 тэрбум төгрөгийг олго, 53,4 тэрбум төгрөгийн ахмадууд, оюутнууд, цагдаа нарын нийтийн тээврээр үнэгүй зорчуулсныг татаасыг өг, 94 тэрбум төгрөгийн халамжийн санг олго. Эдгээр нь сар бүр өгч байх ёстой төсвийн урсгал зардал. Төсөв энэ чигээрээ батлагдвал нэгдүгээр сард 30 тэрбум, 4 дүгээр сард 60 тэрбумын алдагдалд орж дампуурах аюулд хүрээд байна. Нийслэлийн эдийн засагт “тэсрэх бөмбөг” хаядаг нь яаж байгаа юм. Энэ талаар Ерөнхий сайдад удаа дараа мэдэгдсэн боловч тун хайхрамжгүй хандаад байна” хэмээн ярилцлага өгч байлаа. Харамсалтай нь Ерөнхий сайд түүний ярьсныг тоосонгүй шинээр өргөн барьсан төсвийн хуульдаа хотын хүссэн төсвөөс 150 тэрбум төгрөг сох дутаагаад оруулаад ирэв.

    Үүнд нь эгдүүцсэн хотын захирагч үгийг нь юман чинээ бодоогүй Ерөнхий сайд, АН-ын дарга Н.Алтанхуягийгаа МАХН-тай 2024 он хүртэл хамтран ажиллах гэрээ байгуулмагц түүнийг нь шүүрэн авч өөрийнх нь хэлдгээр нийслэлд биш нийгэмд тэсрэх бөмбөг хаяж орхив. Энэ үйлдэл нь төсвийн хуулиар хамтарсан гэрээг барьцаалж байгаа утгатай юм. Э.Бат-Үүл даргын хувьд төсвийн хууль энэ чигээр батлагдвал Улаанбаатар хотод эхлүүлсэн бүх бүтээн байгуулалтын ажил нь таг зогсож, үлдэх хоёр жилийн хугацааг цалингийн хэрүүл хийсээр дуусгана. Ингэвэл Нийслэлийн АН том цохилт амсаж 2016 оны орон нутгийн сонгуульд МАН-д далаараа тавиулна. Ийм л сөрөг үр дүнг Э.Бат-Үүл дарга харчихаад бухимдаж сууна. Энэ төсвийн хууль дахь нийслэлтэй холбоотой асуудлыг чуулганаар хэлэцэхэд МАН үг дуугүй дэмжиж гар өргөх нь тодорхой. Тиймээс л тэрээр намын даргатайгаа арсалдаж сайдуудын томилгоонд сэтгэл дундуур байгаа МоАХ фракцтай хамтарч байгаа хэрэг. Түүнээс бус хэн сайд болох нь хотынхонд уг нь ямар ч падлий байхгүй. Тиймээс өнөөдрийн чуулган дээр Н.Алтахуяг “Тэр нэхээд байгаа 150 тэрбумаа аваад та нар бордюр, уут муутаа хий л дээ, хотынхоон" хэмээн даапаалав. Гол нь нийслэлийн иргэдэд хүчтэй, чадалтай, ажил хэрэгч харагдуулж буй төсөвт нь Ерөнхий сайд гар дүрсэнд Э.Бат-Үүл дарга давчдаад байгаа юм. Хоосон төсөв дээр сандайлж суун толгойдоо булуу хураагаад ч яах юм билээ. Аягүйтвэл ажлаа өгнө гэж ч мэдэх хүн шүү Үүл баатар.

     Ж.Ангараг

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй