ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Д.Эрдэнэбат: Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах шаардлагагүй

    УИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдөр үдээс хойш хуралдаж, хоёр асуудлыг хэлэлцсэн юм. Хэлэлцсэн асуудлын талаар өнөөдөр Ардчилсан намын бүлгийн удирдлагууд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

    Бүлгийн хуралдааны эхэнд Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлийн зөвшөөрснөөр 2014 оны аравдугаар сарын  18-ны өдөр буюу өнгөрсөн хагас сайн өдөр Ардчилсан нам МАХН-ын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулсантай холбоотойгоор   Ерөнхий сайдын мэдээллийг сонссон. Хоёр нам хоорондын улс төрийн шийдлийн асуудлаар  шийдвэр гаргах эрх Ардчилсан намын бүлэгт байхгүй.  Гэсэн ч үүссэн нөхцөл байдлын талаар гишүүд өөрсдийн байр суурийг илэрхийлж, санал солилцоод АН, МАХН-ын хооронд үзэглэсэн гэрээний зарим заалтуудад өөрчлөлт оруулах шаардлага байна. Хоёр нам хоорондын урт хугацааны  стратегийн асуудлууд туссан байгаа учраас  намын зохих шатны  эрх бүхий байгууллагаар батлах саналын  намын удирдлагуудад хүргүүлэх нь зүйтэй. Тиймээс бүлгийн хуралдаанаар  хэлэлцсэн асуудлын гол протокол болон гишүүдийн саналыг Ардчилсан намын  удирдлагад  хүргүүлэхээр шийдвэрлэжээ.

    2012 оны долоодугаар сарын 19-нд “Шударга ёс” эвсэлтэй байгуулсан хамтран ажиллах гэрээний үйлчлэл  2016 он хүртэл хэрэгжиж, гэрээгээр хүлээсэн үүргээ талууд  биелүүлэн ажиллаж байгаа гэдгийг бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэллээ. 

    Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь МАН-ын 26 гишүүн  бүхий 28 гишүүнээс өргөн барьсан  Ерөнхий сайдыг огцруулах тухай санал. Ерөнхий сайдыг огцруулах уг асуудлыг бүлгийн гишүүд хэлэлцээд дэмжих боломжгүй  гэж үзжээ.

    Д.Эрдэнэбат: Хамтарч ажиллах гэрээтэй холбоотой тодорхой саналаа  намын удирдлагуудад хаяглаж явуулахаар шийдвэр гаргасан

    Мэдээллийн үеэр Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат сэтгүүлчдийн  асуултад хариулт өглөө.

    -Хоёр намын хамтран ажиллах гэрээтэй холбоотойгоор нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл өчигдөр мэдээлэл хийсэн.  Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг дэмжиж байр сууриа илэрхийлэхийн зэрэгцээ АН-ын гишүүддээ     энэ саналаа уриална гэж байсан. Энэ асуудлаар та ямар байр суурь илэрхийлэх  вэ?

    -Нийслэлийн Ардчилсан нам  мэдэгдэл гаргасан байсан. Э.Бат-Үүл дарга намын удирдлагуудын нэг. Хамтарч ажиллах гэрээтэй холбоотой тодорхой саналаа  намын удирдлагуудад хаяглаж явуулах  шийдвэрийг бүлэг гаргасан. Ардчилсан намын удирдлагад  Ардчилсан намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга,  Нийслэлийн Ардчилсан намын дарга багтдаг. Тиймээс Э.Бат-Үүл дарга энэ асуудлыг нам дотроо шийдэх бүрэн боломжтой гэж үзэж байна.

    -Хоёр  намын гэрээнд тусгасан ямар заалтыг зайлшгүй өөрчлөх ёстой гэж үзсэн юм бэ?

    -Хамтран ажиллах гэрээний  гуравдугаар заалт буюу  тойрогтой холбоотой асуудлыг эргэж харах зайлшгүй шаардлагатай гэж гишүүд үзсэн. Есдүгээр заалт дээр байгаа нэр дэвших гэдгийг  хэрхэн ойлгох талаар ойлголттой болох шаардлага байна.  Мөн улс төрийн бодлого, хөрөнгө оруулалтын талаар гэрээнд тусгах нь зөв эсэх талаар анхаарлаа хандуулах шаардлага байна. Урт  хугацааны стратегийн бодлогын гэрээ байгаа учраас  гэрээний хугацааг хэрхэн авч үзэхээ эрх бүхий байгууллагаар авч үзэх шаардлагатай гэж үзсэн.

    -Ерөнхий сайдыг огцруулах тухай асуудлыг эхэлж  хэлэлцэх үү. Эсхүл одоо өргөн баригдаад байгаа сайд нарын бүрэлдэхүүнтэй холбоотой төслөө хэлэлцэх юм уу?

    -Ерөнхий сайдыг огруулах тухай асуудлыг хуулийн дагуу долоо хоногийн дотор байнгын хороогоор хэлэлцэнэ.  Байнгын хороогоор хэлэлцсэний дараа УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх үүрэгтэй.

    Сайдуудыг томилох асуудлаар МАН-ын бүлэг  ажлын тав хоногийн завсарлага авсан байгаа. Завсарлын хугацаа дуусмагц мөн хэлэлцэнэ.

    -Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах шаардлагагүй гэж үзэж буй шалтгаан нь юу юм бэ?

    -Ерөнхий сайдыг огцруулах дөрвөн заалт бүхий шаардлагыг тавьсан. Үүнд тоо хэмжээний тухайд зөрж байгаа, зарим шаардлагууд  Ерөнхий сайдын хувь  хүнийх нь тухайд эрээ цээргүй, үндэслэлгүй халдсан заалтууд орсон байна. Хүнийг гэм буруутай эсэх нь тогтоогдоогүй байхад  хувь хүн рүү халдсан, гэр бүл хамаатан садан найз  нөхөд  гээд хэвлэл мэдээллээр гарсан зүйлсийг үндэслэл болгож тавьсан нь Үндсэн хуулийг зөрчиж байгаа юм.  Ерөнхий сайдыг огцруулсны дараа эхний ээлжинд доорхи хэргүүдийг шалгуулах ёстой гэсэн заалт орж ирсэн. Огцруулчихаад шалгуулна гэсэн ойлголт байхгүй. Хэрэв Ерөнхий сайд буруутай байгаа бол түүнийг нь нотлосны дараа хариуцлага тооцох нөхцөл үүсч болно.

    Хоёрдугаарт, Ерөнхий сайдыг огцруулах тухай Ардын намын санал нь улс зохион байгуулалттай улс төрийн үйл ажиллагаа байна гэсэн дүгнэлтэнд хүрч байна. Тиймээс Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжих боломжгүй гэж үзсэн.

    -УИХ-д суудалтай улс төрийн намуудыг улсын төсвөөс санхүүжүүлдэг болно гэсэн. Улсын төсөвт хэр ачаалал ирэх юм бэ. Тооцоолол байна  уу?

    -Гэрээнд Ерөнхий стратеги зарчимд тусгагдсан байгаа гэж ойлгож болно.  Харин гарах зардлын хэмжээ болон бусад тооцоог гаргах боломжгүй. Улс төрийн намуудын санхүүжилтийн тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг УИХ байгуулаад ажиллаж байна. Үүнд зөвхөн санхүүжилтийн  бус  өмчийн тухай асуудал яригдана.

    -Ж.Батзандан гишүүн Ерөнхий   сайдыг огцруулах саналд  гарын үсэг зурсан байгаа.  Хариуцлага тооцох хөөх  яригдсан сураг байна?

    -Өнөөдөр УИХ-ын гишүүн Д.Батцогт Ардчилсан намын бүлэгт элсэх  хүсэлтээ илэрхийлсэн нь УИХ-д мэдээлэгдээд баталгаажсан.  Яг өнөөдөр Ардчилсан намын бүлэг 35 гишүүнтэй. Харин хариуцлага тооцох асуудлыг Ардчилсан намын бүлэг тогтоодоггүй. Гарсан үр дагавар  тогтоогдвол намынхаа үндсэн дүрмийн хүрээнд шийдвэрлэдэг дүрэмтэй.

    Ж.Ангараг

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй