Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдөр 10-р сарын 10-нд болно. Монгол улсын Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс жил бүр сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг төрийн бодлогын хэмжээнд авч үзэх шаардлагатайг онцолдог. Учир нь улсын хэмжээнд амь насаа бусниулах оролдлого долоо хоногт 10-11 удаа гарч байгааг цагдаагийн байгууллага бүртгэжээ. Энэ хүмүүсийн тал нь амиа алдаж, үлдсэн нь эмнэлгийн тусламж авч чаддаг байна. Гэсэн ч амиа егүүтгэхийг оролдоод амьд үлдсэн хүмүүсийн таван хувь нь дахин амь насаа бусниулахыг завддаг аж.
Мэргэжлийн хүмүүсийн мэдээлснээр нийгэмд архидалт, ажилгүйдэл, бухимдал, хүн амын хэт төвлөрөлт, хотжилтоос үүдэлтэй сэтгэл гутрал ихэд дэлгэрсэн. Энэ баримтыг он гарсаар 216 иргэн амиа егүүтгэн нас барсан явдал баталж байна.

Амиа хорлохыг завдан Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төвд хүргэгдэн ирж буй хүмүүсийн дийлэнх нь 16-35 насны залуус байна. Залуус өөрт тулгамдсан асуудал, бие даан шийдвэрлэх боломжгүй зүйлсээ юун түрүүнд найз нөхдөдөө ярьдаг. Насаар чацуу, амьдралын туршлага ч бага найз нөхөд нь шаардлагатай зөвлөгөө өгдөг гэвэл өрөөсгөл болно. Манай улсад нийгмийн шат бүрт буюу ерөнхий боловсролын сургуулиуд, албан байгууллагууд, өрхийн эрүүл мэндийн төв бүрт сэтгэл зүйч ажилладаг байсан бол байдал ингэтлээ дордохгүй байсан байх талтай. Харамсалтай нь сэтгэл зүйн тусламж үйлчилгээ хүртээмжтэй байж чадахгүй байна.
Хамгийн эхэнд сэтгэл зүйн зөвлөгөө тусламж үзүүлдэг мэргэжилтнүүдийг дүүрэг бүрийн эрүүл мэндийн төвд ажиллуулж, иргэд сар бүр төлдөг ЭМД-аараа шаардлагатай үйлчилгээг үнэ төлбөргүй авдаг тогтолцоог нэвтрүүлэх нь зөв.
Харин өнөөдөр сэтгэл зүйн асуудалд орсон хүмүүс юун түрүүнд хувийн байгууллагад хандаж байна. Угтаа хандаж болох улсын байгууллага гэж бий. Сэтгэл судлалын үндэсний төв. Мөн сэтгэл зүйн төлбөртэй тусламж үйлчилгээ үзүүлдэг хувийн хэвшлүүд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр сэтгэл зүйн төвүүдэд хандсанаар та хэдэн жил ажилласан туршлагатай сэтгэл зүйчтэй уулзахаас хамаарч нэг цагийн зөвлөгөө үйлчилгээг 10 мянган төгрөгөөс дээшх төлбөрөөр авах боломжтой.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт