ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Төсөөллөөс зөрсөн улсын төсвүүд

    Бэлэн мөнгөний тараалт эхэлсэн төсөв

    2009 оны 11 сарын 27нд батлагдсан

    2010 онд Монголчууд бид эдийн засгийн тогтвортой орчинд амьдарч, нийгэм, эдийн засгийн том том зорилтуудыг хэрэгжүүлэх болно гэж Ерөнхий сайд С.Батболд төсөв батлагдсаны дараа амалж байв.

    УИХ санхүү, эдийн засгийн хямрал үргэлжилнэ гэж үзэж Монгол Улсын 2010 оны төсвийн хөрөнгө оруулалтын зардлыг 2009 оныхоос нэмэгдүүлэн тооцсон. Оюу толгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсанаар ашигт малтмалын орлогоос иргэдэд хувь хүртээх боломж нөхцөл бүрдлээ гэж УИХ сайрхаж Хүний хөгжил сангийн тухай хуулийг баталж, улс төрийн намуудын сонгуулийн амлалтыг 2010 оноос хэрэгжүүлж эхэлсэн юм. Тэтгэвэр, тэтгэмж, тусламж нэртэй бэлэн мөнгөний тараалт  эхэлсэн.

    Сонгуулийн замаа зассан  төсөв

    2010 оны 11 сарын 25нд батлагдсан

    Сүйрэл дагуулсан төсөв болох нь хэмээн эдийн засагчид сануулсан  удаатай. Мөн сонгуулийнхаа замыг засч бэлэн мөнгө тарааж иргэдэд таалагдах тойрогтоо 1 тэрбум төгрөг хуваарилах зэрэг  “улстөрийн халуун”-тай төсөв баталсан. Энэ оны төсвийн алдагдал 779.5 тэрбум төгрөг болсон.

    УИХ-ын гишүүд “Манай нам улс төрийн хариуцлагатай хүчний хувьд амлалтаа биелүүлэх ёстой” гэсээр 2011 оны улсын төсөвт Хүний хөгжил сангаас иргэн бүрт 21 мянган төгрөг тараахаар баталсан. Гэвч баталсныхаа дараа “Нэгэнт шийдчихсэн юм чинь хэрэгжүүлэхээс аргагүй” хэмээн тайлбарлаж тэгсэн мөртлөө ард иргэдэд хандаж мөнгөө бэлнээр авахгүй байхыг уриалж байв.

     Хүний хөгжил сангийн хөрөнгөөр 2011 онд иргэн бүрт сар бүр 21 мянган төгрөг олгох, Өмчийн хэлбэр харгалзахгүйгээр их, дээд сургууль коллежид суралцаж байгаа оюутны 2010 – 2011 оны сургалтын төлбөрөөс оюутан тус бүрт 500 мянган төгрөгөөр тооцож дэмжлэг олгохоор уг төсвөөс шийдсэн.

    Өөдрөг төсөөлөлд автсан  төсөв

     

    2011 оны 11 сарын 31нд баталсан

    Улсын нэгдсэн төсвийн 2012 оны нийт зарлага өмнөх 3 жилийн дундажтай харьцуулахад 72.4 хувиар, 2011 оныхоос 20.4 хувиар өссөн байна.

    Мөн иргэн бүрт 1.5 сая төгрөгийн хишиг хувь хүртээх зорилтыг дэмжсэн бөгөөд Эдийн засгийн өөдрөг төсөөлөлд автан  төсвийн орлогыг нэмэгдүүлэн төлөвлөж, тэр хэрээр зардлыг нэмэгдүүлсэн нь төсвийн орлого бүрдэхгүй тохиолдолд санхүүжилтийн эх үүсвэр дутагдах эрсдэлд хүргэх, төсвийн тэнцлийн алдагдлыг ихэсгэх үр дагавартай гэж Аудитаас уг төсвийг дүгнэсэн юм. Мөн нэгдсэн төсвийн тэнцлийн алдагдал ДНБ-ий 8.2 хувьд хүрсэн нь сүүлийн жилүүдийн хамгийн өндөр үзүүлэлт болов.

    2013 оны "Том" төсөв

    2012 оны 11 сарын 08-нд батлагдсан

    2012 оны арваннэгдүгээр сард орон нутгийн сонгууль болсон тул намрын чуулган эхлэнгүүтээ л улс төржилт эхэлж төсвийн хэлэлцүүлэг оройтож эхэлсэн юм. 2012 оны арваннэгдүгээр сарын 07-нд өөрөөр хэлбэл төсөв батлагдах ёстой хуулийн хугацаа дуусахаас долоохон хоногийн өмнө 2013 оны төсвийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг дөнгөж хоёрдугаар шатандаа байв.  Тухайн үед төсвийн төслийн гуравдугаар хэлэлцүүлгийг нь хийх гэтэл нь орон нутгийн сонгуульд санаа нь зовсон гишүүд хөдөөг зорьсноос байнгын хороод хуралдаж өгөхгүй, хүндрэлтэй байдал үүсч байв.

    Гэвч УИХ орон нутгийн сонгуульд яарч 2013 оны төсвийн төслийн үлдсэн хоёр шатны хэлэлцүүлгийг гэрлийн хурдаар хийж, төсвийг баталж орхисон.

    Мөн энэ төсвөөс  Ерөнхий сайдын мэдлийн 50 тэрбум төгрөг гэгч хардалт, шүүмжлэл дагуулсан асуудал үүссэн. Түүнчлэн 2013 оны төсвийг батлахдаа парламент эдийн засгийн хүндрэлийг урьдчилан харж чадаагүй гэх шүүмжлэл бий.

    2013 оны төсөв нь АН-ынхан МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, ИЗНН-ын төлөөлөлтэй хамтран байгуулсан шинэтгэлийн Засгийн газрын хэрэгжүүлсэн  анхны төсөв. Бас Монгол Улс хэзээ ч долоон их наяд төгрөгөөр хэмжигдэх том төсөв баталж байгаагүй гэдгээрээ онцлог.

    2014 оны авилгажсан төсөв

    2013 оны 11 сарын 15нд батлагдсан

    2014 оны төсөв авилгажсан гэдэг тодотгол зүүсэн. Төсөвт суусан 243 барилга байгууламжийн хөрөнгө оруулалтыг царцааж Аудитын байгууллагаар шалгуулахаар шилжүүлсэн юм. Мөн энэ оны төсөв уул уурхайн үнийн хэт өөдрөг төсөөлөл дээр суурилаагүй арай өөр төсөв гэж Сангийн сайд тухайн  үед онцолж байв.

    Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгийн тодорхойлсноор 2014 оны төсвийн нэг онцлог нь өмнөх жилтэй харьцуулахад өсөлт нь наймхан хувь байв.  2011, 2012 оны төсөв уул уурхайн бүтээгдэхүүнийхээ үнийг өндрөөр тооцож 20-33 хувийн өсөлттэй байсан. Ялангуяа сүүлийн гурван жилийн төсөвт хэмжээ  хязгаараа алдаж, төрийн данхайлгасан, цатгалан төсөв баталж байжээ. Ард түмний хөрөнгө, мөнгөөр задгайдуу явж ирсэн төсөв болсон гэдгийг бид хаана хаанаа хүлээн зөвшөөрч байна. Тийм учраас 2014 оны төсөв анх удаа царцаж байна гэж ам алдсан юм.

    Иргэдийн халаас тэмтэрсэн төсөв

     Засгийн газар гаднаас авсан “Чингис”, “Самурай” бондын зээлээ төлөхийн тулд татвар нэмэх замаар ард олныхоо халаас руу гар дүрж болохгүй гэж 2015 оны төсвийн төслийн талаар М.Баямбацогт гишүүн шүүмжлээд байгаа.

    Ирэх онд 4 татвар нэмэхээр төлөвлөсөн.

    Нэгдүгээрт, малчин өрх, мал бүхий этгээдийн албан татвар. Малын хөлийн тоогоор хонин толгойд шилжүүлэн татварыг 0-1000 төгрөгийн хязгаарт багтаан  аймаг, нийслэлийн ИТХ-аас тогтоохоор төсөлд тусгажээ. Нэг хонинд 500 төгрөгөөр тооцоход гурван ам бүлтэй, 250 хоньтой айл жилд 95000 төгрөгийн татвар төлж таарах нь.

    Хоёрдугаарт, үл хөдлөх хөрөнгийн татварын дээд хязгаарыг хоёр дахин нэмэгдүүлэхээр тооцжээ. Өмнө нь 0.6- 1.0 хувьтай татвар байсныг 0.6-2.0 хувь хуулийн төслөөр болгосноор хотод 80 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй хүн жилд 800 мянган төгрөгийн татвар төлж байсан бол 1.6 сая төгрөг төлнө.

    Тээврийн хэрэгслийн татварыг Улаанбаатар, Дархан-Уул, Орхон аймгийн төвүүдэд ногдуулж, татварын дээд хэмжээг хоёр дахин нэмэгдүүлнэ. Жишээлбэл,“Pruis” суудлын автомашины татвар 36 мянгаас 72 мянган төгрөг болж нэмэгдэнэ.

    Сүүлийнх нь нийслэлийн татвар бөгөөд татварын хувь хэмжээг НИТХ шийдвэрлэнэ гэж тооцсон байна.

    Б.Наран

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй