ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    “Монголын чопперчин ахан дүүсийн холбоо” намрын хаалтаа хийлээ

    Мотороо хүржигнүүлэн элдэв гоёл чимэг зүүсгэлээ гялалзуулан давхилдах сүрлэг чопперчин залуус нийслэлчүүд бидний хувьд харь үзэгдэл байхаа болиод удлаа. Өмнө нь хэсэг бүлгээрээ давхилддаг байсан бол тэд 3 жилийн өмнөөс холбоо болон өргөжиж энэ жилээс дэлхийд данстай MC club болсон гэнэ.

    Өнгөрсөн бямба гарагт тэд бас дахин бөөгнөрч мото үзэсгэлэн гарган 60 гаруй чопперчид нийслэл хотоор цувран давхихыг харах үнэхээр бахархалтай байлаа. Тэд ийн чуулах болсон нь “Монголын чопперчин ахан дүүсийн холбоо”-ны намрын хаалтын ажиллагаа байжээ. Өөр өөрийн эрхэлсэн ажилтай залуус чоппер унан салхи татуулан давхилдав.

    Гишүүд нь сар тутам холбоондоо татвар төлдөг бөгөөд хуримтлалын олон сая төгрөгийг нийгэмд тустай, хүмүүнлэгийн ажлуудад зориулдаг байна. Жил бүр нийгмийн нэн ядуу, эмзэг бүлгийн олон зуун хүүхдэд хичээлийн хэрэглэл цүнх хувцсаар тусалдаг. Энэ удаад тэдэнтэй байнга хамтран ажилладаг "Ган үзэг" компаний хамт олонтой хамтран БЗД-ийн нэгэн сургуулийн хичээл сурлагаараа тэргүүлж яваа онц сурлагатан 30 хүүхдийг шагнаж, мөн бага ангийн 30 хүүхэд хичээлийн хэрэгсэл бэлэглэжээ.

    Тус холбооны гишүүдээс дурдвал Холбооны тэргүүн Б.Сүхбаяр, “Рок мангас” Р.Мөнхсайхан, УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх, холбооны удирдах зөвлөл NTV телевизийн “Чухал яриа” нэвтрүүлгийн сэтгүүлч Б.Болдбаатар, Замын цагдаагийн хурандаа Ч.Энхтөр, Замын цагдаагийн хурандаа н.Жаргалсайхан, барилга угсралтын салбарын залуу манлайлагч н.Александр нарыг нэрлэж болно. Мөн тус холбооны холын замын цуваанд Ч.Мөнхтуул гэх эмэгтэй мотоциклч байнга оролцдог болжээ. Одоогоор тус холбоо Red Falcons мс клуб мөн ганцаарчлан мотоцикл сонирхогчид гэж хуваагдаад байна. Мөн хувьдаа мотоциклтой, холбооны дотоод журамд тэнцэж шалгуур давсан, гишүүдэд танигдсан 80 орчим үндсэн гишүүнтэй болжээ.

    Байгуулагдаад гурван жил өнгөрөхөд ахан дүүсийн холбоо 80 гаруй мотоциклтой 200 шахам гишүүнийг өөртөө нэгтгэж, олон бүтээлч ажил гүйцэтгэхийн зэрэгцээ дэлхийд данстай motorcycle club болж, олон орны мото холбоотой харилцаатай болсон байна.

    Энэ жил л гэхэд ОХУ-аас 40 орчим мотоциклчид цувран ирж англи, франц, америк, хятад, солонгос, япон, турк улсуудаас ч мото аялагчид ирж монголын замаар аялсан нь аялал жуулчлалын салбарт мото аялал гэсэн шинэ чиглэлийг гаргаж ирэхэд чухал түлхэц болсон.

    Мөн өвлийн улиралд Болдко сэтгүүлч тэргүүтэй зарим мотциклчид Вьетнам, Тайланд, Хонгконг, Тайван хотууд руу аялж, мотоциклоо унадаг бөгөөд ийм сонирхолтой аялагч гишүүдийн тоо ч нэмэгдэж байгаа гэнэ.

    Мотоциклчид урин дулаан цагийг алдалгүй томоохон үйл ажиллагаа зохион байгуулдаг байна. Энэ зуныг ч ахан дүүс тун адал явдалтай гайхалтай өнгөрүүлжээ. Тэд холын замын олон аялал хийсний заримаас дурдвал Хамрын хийд /хоёр талдаа 1500 км/, Хэнтий аймаг /хоёр талдаа 1000 км/, ОХУ-ын Улаан-Үүд, Эрхүү хот /хоёр талдаа 3000 км/ чиглэлд аялсан байна.

    Түүнчлэн замын хөдөлгөөнд соёлтой оролцох, холбогдох дүрэм журмыг хэрэгжүүлэх зорилгоор 3жилийн өмнөөс Замын цагдаагийн газартай хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Гэрээний дагуу чопперчид тусгай үнэмлэхтэй болж, хэн гэдэг ямар мотоциклчин явж байгааг нь энгэртээ өөрийн овог нэр, ар нуруундаа таних тэмдэг лого байрлуулсан хантааз зэргээр таньдаг болсон байна.

    Нэг Чоппер мотоцикл ойролцоогоор 20 орчим сая төгрөгийн үнэтэй. Тэгвэл ахан дүүсийн холбоо үйл ажиллагаа явуулсан гурван жилийн хугацаанд манай улсад чоппер ангилалын мотоциклын тоо 200-д хүрчээ гэвэл залуус маань энэ хобби сонирхлынхоо төлөө хичнээн их хөрөнгө зардал сэтгэл зүрхээ зарцуулж байгаа нь харагдаж байна. Чоппер мотоциклыг АНУ, Японоос оруулж ирэхэд холбооны тэргүүн Б.Сүхбаяр, “Moto Travel Shop” компаний захирал н.Хэрлэнбаяр нар нэн хүч хөдөлмөрөө зориулсаныг энэ тэмдэглэх нь зүйтэй гэнэ. Чоппер сонирхогч залуус чөлөөт цагаараа аялалд гарч, мотоциклоо тордох зэргээр завгүй өнгөрүүлдэг учраас өнөөгийн залуучуудын дунд асуудал болоод байгаа архидан согтуурах явдал тэдний сонирхлын гадна үлдэж хоцорчээ. Уншигчиддаа сонирхуулахад АНУ-д “The Mongols” хэмээх гурван мянган гишүүнтэй, дэлхийн 27 улсад үйл ажиллагаа явуулдаг чопперчдын хамгийн том холбоо бий.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй