Сири улсад 2011 оноос хойш иргэний дайнаас 4 сая гаруй хүн зугатан, тайван улс, бүсрүү дүрвэсний дотор дайн, үхэл хагацлын учрыг ч мэдэхгүй бага насны хүүхдүүд олон мянга байна. Эцэг эхээ даган эх орноосоо дүрвэсэн олон Сири хүүхдүүд Европын ой мод, эзэнгүй гудамж, бохирын суваг гээд аль нөмөр газарт хоног төөрүүлж байна.
17 настай Абдул Карим Грекийн Афин хотын гудамжинд хоног төөрүүлдэг. Сүүлийн хэдэн еврогоороо тасалбар авч энд иржээ. Афины Омоноя талбайд өдөр бүр олон зуун дүрвэгч нэмэгдэж ирсээр. Саяхан Сирид үлдсэн ээжтэйгээ холбоо барьж чадсан ч, зорин ирсэн газартаа ямархуу амьдарч байгаагаа ээждээ хэлж чадаагүй байна. Хүү орон дээр унтахыг, гэрт үлдсэн дүүгээ тэврэхийг л хамгийн их хүсч байгаа гэнэ.
7 настай Ахмад Унгар, Австрийн хил дээр засмал зам дээр унтдаг. Идлиб хот дахь байшин нь бөмбөгдөлтөнд өртөж, дүү нь нас барж, өөрөө хүнд бэртжээ. Ахмад аав ээжийнхээ хамт Сирийг орхисон цагаасаа хойш автобусны буудал, зам, ой гээд аль салхигүй, нөмөртэй газарт шөнийг өнгөрүүлж байгаа.
5 настай Абдулд Белград хотын вокзалын гадна тавьсан матрассуудын нэг нь оногджээ. Хүү цусны хүнд өвчтэй ч ээж нь эм авах мөнгөгүй. Мөн Сирийн Дара дахь гэртээ эгчийгээ алагдахыг харсан учраас хар дарж зүүдлэн унтаж чаддаггүй байна.
7 настай Ралиа, 13 настай Рахаф хоёр эгч дүүс. Тэд Дамаск хотод амьдардаг байсан ч өнөөдөр аавтайгаа хамт Бейрут хотын гудамжинд картон цаас дэлгэн унтаж байна. Охидын ээж, ах нар нь гар бөмбөгт өртөн амиа алджээ.
Серби улсад зүлгэн дээр унтаж байгаа энэ хүүхэд 6 настай Ахмед. Ахмедын хамаатнууд Европт очих гэж урт замыг алхаж туулж байгаа. Хүү ч өөрийнхөө цүнхийг үүрч явдаг. Ахмедийн аав Сирийн умард хэсэгт алагдсан учраас авга ахтайгаа хамт дүрвэжээ.
6 настай Гулистан өнөөдөр Турк улсад амьдарч байна. Хар дарж зүүдэлдэг учраас шөнө унтаж чадахгүй л байна.
Ээжтэйгээ хамт байгаа азтай гурван охин Эсра, Эсма, Сидра нар. Сидра хамгийн бага нь 6 настай, хоёр эгч нь 11, 8 настай. Ливанд амьдарч байгаа охид аав нэг л өдөр дайнаас буцаж ирнэ гэж хүлээсээр.
Нэг ойтой Шам ээжтэйгээ хамт Австри, Серби улсын хил дээр байна. Тэднийг энд ирэхийн өмнөх өдөр маш олон тооны цагаач Европ руу нэвтэрсэн байжээ. Тэд хоцорсон учраас хил дээр хүлээсээр.
7 настай Шехд зурах авъяастай. Дайны хөлөөс зугатаж чадсан Шехдийн гэр бүл элэг бүтэн байгаа нь хамгийн азтай явдал. Тэд Унгар улсад хоол хайн хэсүүчилж явна.
5 настай Мояад ээжтэйгээ хамт зах дээр явж байтал тэсрэх бөмбөгтэй такси тэдний дэргэд дэлбэрчээ. Ээж нь амь үрэгдэж хүүгийн нуруу, толгой, бэлэг эрхтний орчимд төмрийн хэлтэрхий зоогджээ. Мояад одоо Йорданы эмнэлэгт эмчлүүлж байна.
Ой найман сартай Амир хүү ярьж чаддаггүй. Бүр нэг ч үг хэлдэггүй. Амирын эх хүүг хэвлийдээ байхдаа хэт цочирдсоноос болсон гэж таамагладаг. Тэд Ливанд амьдарч байна.
9 настай Фатима хоёр жил Ливан улсад дүрвэгчдийн хуаранд амьдарсны эцэст Шведэд хөл тавьсан азтай охин. Ливанаас Европ руу хүн ихтэй завиар далайд аялах үед охины ээж амьгүй хүүхэд төрүүлж, хүүхдийг далайд хаяхыг 9 настай охин бүгдийг харжээ.
9 настай Шираз гурван сартайдаа өндөр халуурч, улмаар саа өвчин тусжээ. Турк улсад амьдарч байгаа охины аав ээж шаардлагатай эмчилгээг хийлгэж чадахгүй байна.
2 настай Иман охин уушигны хатгалгаа тусчээ. Охины ээж 19 настай Ола Иманыг элсэн дээр тоглох дуртай, сэргэлэн байсан ч одоо өдөржин, шөнөжин унтдаг болсон гэлээ.
Йорданд амьдарч байгаа Фара охин хоёрхон настай ч хөлбөмбөгт дуртай. Охины аав нэг л өдөр хөлбөмбөг авч, охиноо баярлуулна.
5 настай Тамам тайван унтаж чаддаггүй. Төрөлх Хомс хотод нь шөнийн цагаар агаарын дайралт болдог байв. Тамам Йордан улсад гэр бүлийн хамт амьдарч байна. Тэр зөвхөн өдөр л унтдаг.
2 настай Жулиана гэр бүлийнхний хамт Европт хүрэхээр Сербийн нутгаар алхаж байгаа. Шөнө хил давах гэж оролдох учраас Жулиана өдөр унтах ёстой.
8 настай Марамыг сургуулиасаа гэртээ иртэл байшинг нь пуужин онож, охины дээр байшингийн дээвэр унажээ. Йордан хотод нисэх онгоцоор авчирч тархины мэс засалд орсны дараа бүтэн 11 хоног ухаангүй байсан байна. Одоо охин сэргэсэн ч эрүүний яс хугарснаас ярьж чадахгүй болжээ.
13 настай Мухаммед нэг л өдөр уран барилгач болно. Турк улсын Низип хотод өөрт олдсон орондоо Мухаммед хүү сайхан ирээдүйг мөрөөдөн сууна.
5 настай Валаа дэрэн дээр толгойгоо тавихаас ч айдаг. Охиныг яг унтаж байх үед төрөлх Алеппо хотод нь дайралт эхэлсэн байна.
5 настай Ламар Багдад хотод төрсөн. Яг одоо Серби улсын Хоргосын ойролцоо ойд амьдарч байна. Ламарын гэрийнхэн бүгд дэлгүүр явахаар гэрээсээ гарсан байхад нь байшинг нь бөмбөгдсөн байна. Турк улсаас завиар явсаар гэр бүлийнхнийхээ хамт Унгар улсын хилийн гадна ирчихээд байгаа нь энэ юм. Унгар улс руу Ламарын гэр бүлийн нэвтрүүлсэн тохиолдол л охин арай дээр нөхцөлд унтаж амрах болно.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт