Дуучин, сийлбэрч Т.Баттогтох уран бүтээлийнхээ хажуугаар далны ясаар сийлбэр урлаад 20 гаруй жил болж буй. Тэрбээр морин жилийг тохиолдуулан өнгөрсөн тавдугаар сарын 23-30-нд “Далны морьд” хэмээх долоо дахь үзэсгэлэнгээ “Маршал арт галерей”-д дэлгэсэн билээ.

Түүний бүтээлүүд дэлхий нийтийн сийлбэрийн урлагийн хөгжлийг Монголынхоо хөрсөн дээр буулгаж, уламжлалт болон орчин цагийн өнгө аястай бүтээл олноор багтсанаараа онцлог байсан. Өмнө нь гадаад хэргийн сайд Малайзад айлчлахдаа Малайзын хатан хаан ясан сийлбэрт дуртай тул дуучин залуугийн “Хатан” бүтээлийг бэлэглэсэн бол аргалийн далан дээр монгол гэр сийлсэн бүтээлийг нь Асашёорюү аварга Японы ханхүүд дурсгаж байжээ.


Өдгөө түүнд хүмүүс өвөрмөц, дахин давтагдахгүй цор ганц байх бүтээл захиалдаг аж. Тэрбээр одоо “Монголын хатад” хөрөг үзэсгэлэн гаргахаар төлөвлөж буй. Алунгоо хатнаас Мандухай сэцэн хатан хүртэлх 24 хатны хөргийг далан дээр урлаж сийлсэн гэнэ. Монголын түүхэнд мөнхөрч үлдсэн ухаант хатдын дүрийг мөнхлөхийн тулд түүхийн бүтээлүүдийг хооронд нь харьцуулан уншин судалж байгаа аж.


Энэ үзэсгэлэнгээ Монголдоо толилуулчихаад, Францыг зорьж тэндхийн үзэгчдэд сонирхуулна. Өөрийн залгамж халаа болох гарынхаа шавийг бэлдэж буй дуучин маань хөгжмийн зохиолч Б.Бямбабаярын ая, УГЗ Ш.Цэнд-Аюушын шүлэг “Аавын нэр” шинэ дуугаа саяхан олны хүртээл болгожээ.
Г. Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт