Якуза: Японы гэмт хэргийн ертөнцийн дотор руу өнгийвөл
Өнгөрсөн сард Японы гэмт хэргийн хамгийн том бүлэглэл Ямагучи-гуми хоёр жигүүр болж задарсан нь тус улс дахь 21 бүлгийг хамарсан дайн дэгдээж болзошгүй байна. Шинэ жигүүр энэ сарын эхээр албан ёсоор байгуулагдаж өөрсдийгөө Кобе Ямагучи-гуми гэж нэрлэн, бусад бүлгүүдтэй холбоо тогтоож эхэллээ. Японы цагдаагийн агентлаг энэ үйл явдлыг хэрхэн шийдэх талаар яаралтай хуралдаан зарласан бөгөөд цагдаа, хүчнийхэн бэлэн байдалд шилжжээ.
Ямагучи-гуми бүлэглэлтэй холбоотой Тецуяа Широ гэгч энэ хүн 2007 онд Нагасаки хотын даргыг буудан хөнөөжээ.
Өнөөдөр Японы 21 зохион байгуулалттай гэмт хэргийн бүлгүүд чухам хэнийг нь дагахаа шийдэж ядан байна. Учир нь Ямагучи-гуми бүлэглэл 1984 онд задрахад олон жилийн турш дотоодын тэмцэл өрнөж, захиалгат аллага ар араасаа гарч, тэсрэх бөмбөг дэлбэрч, буудалцаан болж, улс орон айдаст автсан удаатай. Галт зэвсгийн хатуу хяналт тавих болсноор 127 сая иргэнтэй тус улсад өнгөрсөн онд энэ төрлийн хэрэг зургаан удаа гарчээ.
Якуза гэж хэн бэ?
Японы зохион байгуулалттай гэмт хэргийн бүлгүүд буюу Японы мафийн ерөнхий нэршил. Якуза бүлэглэл анх мөрийтэй тоглоомчид, гудамжны худалдаачдын нэгдсэн холбоо байсан бөгөөд 1870-аад оноос үүсэлтэй гэж зохиолч Казухико Мураками бичжээ. Якуза бүлэглэлүүд анх мөрийтэй тоглоомоос гараагаа эхэлсэн ч Дэлхийн хоёрдугаар дайны дараачаас олон салбарт хүч үзэх болсон. Тэд мөрийтэй тоглоом, соёл урлагийн салбарт ажиллаж дайны дараах японы одод, дуучдыг ч төрүүлсэн байна. Барилга, бүтээн байгуулалт, үл хөдлөх хөрөнгийн зах зээлд шилжихийн өмнө бусдыг айлгаж, нууцыг нь илчлэхээр сүрдүүлэн мөнгө авч, луйвар ч хийдэг байлаа. Мөн улстөрд ч нөлөөтэйг дурдахгүй байх аргагүй.
Японы цагдаагийн агентлагийн мэдээгээр 53 мянга гаруй гишүүнтэй 21 бүлэг үйл ажиллагаа явуулж байгаагийн дотор Ямагучи-гуми (23400), Инагава-кай (6600), Сумиёоши-кай (8500) бүлэглэлүүд чухал нөлөөтэй. Япон улс якуза бүлгийн үйл ажиллагааг хуулиар хориглодоггүй харин үйл ажиллагааг нь зохицуулж, хяналт тавьдаг байна.
Якуза нарын хөрөнгө босгох үйл ажиллагааны дийлэнх нь хууль бус ч хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг компаниуд ч бий. Ямагучи-гумийн гуравдахь үеийн удирдагч Казуо Таока л гэхэд “Жинхэнэ ажил хий” гэсэн үгээрээ дагалдагч нарынхаа дунд алдартай. Якуза нар өөрсдийгөө Япон улсад эмх журам сахиулж байдаг хүмүүнлэгийн бүлгүүд гэж тодотгох дуртай. Тийм ч учраас Якуза нарт оффис барилгууд, нэрийн хуудас, сэтгүүл, комик ном хүртэл бий.
Якуза бүлгийн гишүүд Японы нийгмээс гадуурхагдсан хүмүүс байх хандлагатай. Тухайлахад Японд боолчлогдон ирсэн солонгосчууд, солонгос япон холимог цустай хүмүүсийн эсвэл Японы өмнөх нийгмээс гадуурхагдсан хүмүүсийн үр хойч байдаг тухай Олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах тагнуулын агентлагт ажиллаж байсан офицер Мицухиро Суганума ярьжээ.
Ямагучи-гумигийн тухайд анх 1915 онд Кобе хотын усан зогсоолоос ажиллах хүч илгээх бизнес эрхлэн үйл ажиллагаагаа эхэлжээ. Энэ онд тус бүлэглэл байгуулагдсаны нэг зуун жилийн ой тохиож байна.
Якузагийн тухай үлгэрүүд хэр үнэний ортой вэ?
Барууны улс орнуудад якузаг бие дүүрэн шивээстэй, итгэл үнэмшилдээ үнэнч, чигчий хуруугаа тасдуулсан гэмт этгээдүүд гэж боддог. Өмнөх үеийн якуза нар шивээс хийлгэх дуртай, таашаадаг байсан нь үнэн. Японы уламжлалт аргаар шивээс хийлгэхэд маш их өвчин мэдэрдэг, нийгэм нь ч шивээстэй хүнийг хүч чадалтай, тэвчээр хатуужилтай, их мөнгөтэй гэж үздэг байжээ. Мөн зарим гишүүд цээжиндээ байгууллагынхаа бэлэг тэмдгийг шивүүлснээр өөр бүлэгт урвах, ажлаа солиход төвөгтэй болдог байна.
Мөн якуза нар шийтгүүлэхдээ чигчий хуруугаа тасдахаа больсон. Якузагийн ертөнцөд хуруугаа тасддаг хоёр тохиолдол бий. Нэгд өр төлбөрөө барагдуулж чадаагүй бол, нөгөө нь гаргасан алдааныхаа шийтгэлийг хүлээж, байгууллагадаа цаашид хүчин зүтгэх, мөн амьд үлдэхийн тулд хуруугаа тасддаг байна. Мөн өөрийн харъяат хүн, эсвэл найзынхаа төлөө хуруугаа огтлох тохиолдол байдаг.
Хиймэл эрхтний техникч Шинтаро Хаяши якузагийн хуучин гишүүний силикон хурууг шалгаж байна. Токио хот.
Өмнө нь якуза байсан нэгэн эрхэм “Би заримдаа өрөндөө хуруу авахаас татгалздаг байсан. Хүний хуруу мөнгө болохгүй. Надад бэлэн мөнгө хэрэгтэй” гэж дурссан байдаг. Өнөө цагт якуза бүлгийн залуу гишүүд бусдын анхаарал татахгүйн тулд шивээс хийлгэж, хуруугаа тасдахаас зайлсхийх болжээ.
Японд төдийгүй хилийн чанадад хяналт тогтоосон гэв үү?
Эх орондоо якуза нар энтертайнмент салбарт хяналтаа тогтоожээ. Урлагийн авъяастнуудыг төрүүлдэг гол агентлагууд бүгд якуза нартай холбоотой. Японы Цагдаагийн агентлагаас 2011 оны 8-р сард олон нийтэд хандан “Соёл урлагийн салбарыг зохион байгуулалттай гэмт хэргийн бүлгүүдээс чөлөөлөхөд шаардагдах бүхнийг хийнэ” гэж мэдэгдсэнээс хэр өргөн цар хүрээнд хяналт тогтоосныг нь харж болно. Ямагучи-гуми бүлэглэлийг Японы нэрд гарсан охидын хамтлагийг санхүүжүүлдэг гэх яриа бий. Мөн барилга, үл хөдлөх хөрөнгө, валют арилжаа, хөдөлмөрлөх хүчний хангамж, мэдээллийн технологи, санхүү эдийн засаг зэрэг салбарт нягт уялдаа холбоотой. Мөн Японы цөмийн салбарт ажиллах хүч нийлүүлдэг бөгөөд та бидний сайн мэдэх Фукушимагийн гамшгийн цэвэрлэгээний ажилд якуза нар ажиллах хүчээ оруулжээ. Энэ тухай Япон, англи хэл дээрх хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээлснээс гадна Томохико Сузукийн “Якуза, цөмийн үйлдвэрлэл” номонд ч бий.
Ройтерс агентлаг Фукушимагийн цэвэрлэгээний ажлыг хариуцаж авсан барилгын томоохон компанид шургалж, хууль бус ажиллах хүч нийлүүлсэн хэргээр якузагийн гишүүд баривчлагдсан хэмээн мэдээлжээ. Ямагучи-гуми бүлэглэлийг Японд эд хөрөнгийнхөө хэмжээгээр хоёрдугаарт бичигдэх хувийн хэвшил гэж үздэг. Тэд мөрийтэй тоглогчдоос үүсэлтэй учраас хөрөнгийн зах зээлийг казино гэж үздэг байна. Өнөө цагийн якуза нар Японы зочлох үйлчилгээний салбарт ажилладаг эрчүүд, бүсгүйчүүдийг хамарсан сүлжээ үүсгэж, энэхүү сүлжээгээрээ дамжуулах компаниудын захирал, улстөрчид, эрх мэдэлтнүүдийн нууц мэдээллийг олж аван, тэднийг дарамталж, өөрсдийн үйл ажиллагаанаас олох ашгаа улам аривжуулдаг байна.
АНУ-ын сангийн яам якуза нарт анхаарч байна
АНУ-ын Сангийн Департамент Ямагучи-гуми бүлэглэлийг тив дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэг гэж үздэг бөгөөд тус бүлэглэлийн эзэмшлийн группуудэд хориг тогтоосон байна. Тус департаментаас 4-р сард гаргасан мэдэгдэлд “Гэмт хэргийн үйл ажиллагаа явуулахын тулд якуза бүлэглэл Ази, Европ, Америк тивд холбоотонтой. АНУ-д якуза нар мансууруулах бодисын тээвэрлэлт, худалдаа, мөнгө угаах гэмт хэргүүдэд холбогдсон” гэжээ. АНУ-ын Гадаад хөрөнгийн хяналтын байгууллага якузагийн 13 удирдах гишүүн, якузагийн таван хуулийн этгээдүүдийг анхааралдаа авсан байна.
Якуза бүлгийн эрх мэдэл хаана хүрэх вэ?
Японы эрх баригч нам хүртэл якузагийн нөлөөллөөс ангид байж чадахгүй. Якуза нарын дундаас олонд ихэд танигдсан Ёшио Кодама Японы Либерал Ардчилсан Намыг байгуулагдсан эхний жилүүдэд нь санхүүжүүлж байсныг Дэвид Каплан, Алек Дубро нар “Якуза: Японы гэмт хэргийн нууц ёртөнц” номондоо тэмдэглэжээ. Японы боловсролын сайд якуза бүлгийн компаниас улстөрийн хандив авсан гэгдэж байлаа. Боловсролын сайд анхандаа хандив авснаа үгүйсгэж байсан ч 180 мянган иен буюу 1500 орчим ам.доллар хандивт авснаа буцааж өгсөн гэж мэдэгджээ. Мөн Ерөнхий сайд Шинзо Абегийн тэнхмийн гишүүн, өндөр ач холбогдол бүхий албан тушаал хашдаг Эрико Яматани якуза нартай нягт холбоотой үндсэрхэг баруун жигүүрийн бүлэгтэй нэр холбогдсон юм. 2009 онд Зайтокукай бүлгийн гишүүнтэй хамт байгаа зураг ил болсны дараа Эрико Яматани энэ хүмүүс якуза нартай холбоотой байсныг мэдээгүй гэж тайлбарлажээ. Үүгээр зогсохгүй Япон улсын Олимпын хорооны дэд тэргүүн Хидетоши Танака нь Сумиёоши-кай бүлгийн тэргүүлэх гишүүнтэй хамт байсан нь гэрэл зургаар баталгаажсан. Харин олимпийн хорооны тэргүүн энэ зургийг хуурамч гэжээ.
Улстөрөөс гадна бизнесийн ертөнцөд якуза нар нуран унаж буй үйлдвэрчний эвлэлүүд, тэдэнтэй холбоотой дуулиан шуугианы ард байх бөгөөд мөн хэний ч хийж гүйцэтгэхийг хүсдэггүй ажилд ажилчин нийлүүлдэг байна.
Эрико Яматани үндсэрхэг баруун жигүүрийн бүлэгтэй холбоогүй гэв
Задрал юунд хүргэх вэ?
Ямагучи-гуми бүлэглэл 8-р сарын сүүлд хоёр хэсэг болон хуваагдсан нь Японы гэмт хэргийн ертөнцөд дайн үүсгэж болно. Хоёр хэсэг болж салахын өмнө тус бүлэглэлд 72 жигүүр байжээ. Тус улс дахь зохион байгуулалттай гэмт хэргийн 21 бүлэг Ямагучи-гумийн хууччуудыг дагах уу эсвэл босогчдыг уу гэдгээ сонгох боллоо. Энэ үйл явдал гуравдагч том Инагава-кай бүлгийг ч дотроо задрахад хүргэж болзошгүй байна. Японд байр сууриараа хоёрт орох Сумиёоши-кай бүлэг Ямагучи-гуми бүлгийн дотоод хямралаас улбаалан аль хэдийн салсан бөгөөд хууль хэрэгжүүлэгчдийн үзэж байгаагаар Кохей-Икка жигүүр “Кобе Ямагучи-гуми”-г дагаж, Сумиёошикайгаас өрх тусгаарлах болсон байна. Энэхүү бүтцийн өөрчлөлт, эрх мэдлийн төлөөх тэмцлээс улбаалж олон хүний амь нас хохирох аюултай. Үүнээс сэргийлэхийн тулд Япон улс иргэний хуулиндаа якуза бүлгийн толгойлогчид өөрийн дагалдагчдын учруулсан хохирлыг хариуцах тухай зааж өгчээ. Жишээ дурдахад 2012 онд якуза бүлгийн толгойлогч асан Гото Тадамаса түүний хүмүүсийн гарт амь үрэгдсэн үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтний ар гэрт 1.4 сая ам.доллар төлсөн удаатай.
Ямагучи-гуми бүлгийн гишүүд удирдагчийнхаа оршуулганд оролцохоор цугларсан байдал.
Орчин цагийн якуза нарын хувьд мөнгө цуснаас чухал. Тийм ч учраас Ямагучи-гуми бүлгийн босогчдын жигүүр гишүүний татвараа бууруулах аргаар энэ тэмцэлд хялбар ялах боломжтой болжээ.
Жич: Энэхүү нийтлэлийг LA Times, The Daily Beast, VICE News зэрэг байгууллагад эрэн сурвалжлах сэтгүүлч, тусгай сурвалжлагчаар ажиллаж байсан Jake Adelstein бичиж, CNN.com цахим хуудаст нийтэлснийг hiub.mn орчуулан хүргэв.
Б.Энхрийшагай
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт