Украйны асуудлаас үүдэн ЕХ-той сөргөлдөж хүндхэн асуудалтай нүүр тулаад байгаа ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин зургаан цагийн хугацаатай ажлын айлчлалыг Монголд хийлээ.
В.Путинаас өмнө Монголд түүний Mercedes-Benz S 600 Pullman машин газардав. Хамгаалалтын зориулалттай энэхүү хуягт лимузин 6.2 метр урт, эх биеийн зузаан нь 60 мм, 3 орчим тонн жинтэй, 400 морины хүчтэй, 6 литрийн багтаамжтай, V12 хөдөлгүүртэй, бүх хаалганы жин нь 160 кг, сая еврогийн үнэтэй. Мөн хянах самбар дээрээ гал унтраах системтэй, хорт хийн халдлагаас хамгаалах тогтолцоотой. Түүнээс гадна цахилгаан болон өндөр эрчим хүчний бичил долгионыг тэсвэрлэх чадалтай, эргэн тойронд юу болж байгааг хянах камеруудыг эх биед нь суулгаж өгчээ. Тэр ч битгий хэл энэхүү машины хуяг нь галт зэвсэг, гар бөмбөгийн дэлбэрэлт болоод галд тэсвэртэй төдийгүй халдлагад өртсөний дараа ч гэсэн хөдлөх чадвартай.
Орос, Монголын гадаад худалдаа 2013 онд 1.6 тэрбум ам.доллараар хэмжигдсэн ч манай улс 1.5 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнийг импортолж, ердөө 61 сая ам.долларын бүтээгдэхүүн экспортолжээ. Орос улс өнгөрсөн онд 1.2 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг Монголд хийсэн нь гадаадын нийт хөрөнгө оруулалтын дөнгөж 0.1 хувьтай тэнцэж байгаа нь тус улс Монголыг мартсантай ялгаагүй юм. Харин Украйнд өрнөсөн үйл явдал Оросуудад Монгол гэдэг хөрштэйг сануулав.
Тэрээр Монголд ирэхийн өмнө Оросын хийг Хятадад нийлүүлэх экспортын гол суваг болох “Сибирийн хүч” нэртэй хийн хоолойг барих нээлтийн ажиллагаанд оролцжээ. Гучин жилийн хугацаатай уг гэрээний дагуу, Оросын 38 тэрбум шоо метр хийг жил тутам Хятадад нийлүүлэх юм. Түүний нийт үнэ нь 400 тэрбум ам.доллар. Хийн хоолойн урт Якут-Хабаровск-Владивостокын чиглэлээр 3200 км, Эрхүү муж-Якутын чиглэлд-800 км, нийт 4000 км орчим бөгөөд хүчин чадал нь жилд 61 тэрбум шоо метр хийг шахах бололцоотой. Бүтээх зардал нь 770 тэрбум рубль ажээ. Нээлтийн үеэр баруун маршрутаар хий нийлүүлэх гэрээг Орос, Хятадын тэргүүн нар 11 дүгээр сард байгуулж магадгүйг онцолсон бөгөөд энэ хоолой Монголоор дайрах магадлал тун өндөр.
Хэдий 13.00 цагт тусгай үүргийн онгоцоор Улаанбаатарт ирнэ гэж байсан ч Ерөнхийлөгч В.Путин 14.00 цаг 28 минутад Чингис хаан нисэх онгоцны буудалд газардлаа. В.Путины ийнхүү хоцрох нь гэм биш имиж ажээ. Тэрээр өмнө нь Германы канцлер Ангела Меркелийг 40 минут, Ромын пап Францискийг 50 минут, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэг 30 минут, Их Британы хатан хаан ІІ Елизабетийг 14 минут, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керриг гурван цаг хүлээлгэж байсан түүхтэй. Монголд цаг гаруйгаар хоцорч ирсэн шалтгааныг түүний хөлөглөсөн онгоц Халхын голын тулалдаан болсон газрын дээгүүр зориуд нисэн, газар орныг үзэж сонирхсонтой холбон тайлбарласан юм.
Амур мужийн Благовещенск хотоос Монгол руу нисэх өдрийн өглөө В.Путин Украйн улсын Ерөнхийлөгч П.Прошенкотой утсаар ярьж гал зогсоох тохиролцоонд хүрсэн ажээ. Ингэснээр 2000 хол давсан хүмүүсийн амийг авч одоод буй Украйны хямрал шийдэгдэх боломж бүрдсэн байна. Тэрээр энэ таатай мэдээг Монголд ирсэн үедээ өөрийг нь дагалдан явсан оросын сэтгүүлч нарт мэдээлэл хийх үеэр албан ёсоор мэдэгдсэн нь дэлхийд цацагдсан юм. ОХУ-ын Амур муж, Украйн улсын хооронд цагийн зөрүү зургаан цаг байдаг ажээ. П.Прошенког өглөө эрт 07 цагт утас цохисон гэж үзвэл энэ нь Амур мужийн хувьд 13 цаг гэсэн үг.
ОХУ-ын Ерөнхийлөгч манай улсад ирсэн даруйдаа Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэн, цэцэг өргөсөн. Дараа нь Монгол Улсын болон ОХУ-ын төрийн дуулал эгшиглэхэд В.Путин нүдээ арчсан билээ. Хамгийн сүүлд 2012 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах үедээ олны өмнө нулимсаа үзүүлж байсан түүний ийнхүү “уйлсан” шалтгааныг хэвлэл мэдээллийн хэрэгслээр янз бүрээр тайлбарласан. Хэдэн зуун хүний амь хохироод байгаа Украйны хямралыг зогсоох гарц олж, орос хэлтнүүдээ хамгаалж чадсан чухал тохиролцоог Монголд ирэхийнхээ өмнөхөн хийж чадсан тэрээр үүндээ сэтгэл хөдөлж уйлсан байх нь хамгийн бодит тайлбар юм. “П.Прошенкотой утсаар ярьсны дараа Благовещенскээс Улаанбаатар руу нисэх зуур юу хийх, яах талаар зарим нэг санаанууд орж ирсэн” хэмээн В.Путин сэтгүүлчдэд мэдээлэл хийх үедээ хэлсэн байдаг.
Украйнд дайны гал дүрэлзэж байх зуур В.Путин Халх голын ялалтын 75 жилийн ойд оролцож, ахмад дайчидтай үдийн зоог барьж байлаа. Дөрвөн cap үргэлжилсэн Халх голын дайнд оролцсон Японы 76.000 цэргээс алагдсан, шархадсан хүний тоо 18.000 гэдэг ч тус улсын түүхч С.Хаяси тулаанд оролцогчдын 73 хувь буюу 55 мянга орчим цэрэг амь үрэгдсэн гэж тооцон гаргасан байдаг. Оросын цэргийн түүхчдийн сүүлийн үеийн судалгаагаар Халхын голд зөвлөлтийн 7.974 цэрэг амь үрэгдэж, 15.925 цэрэг шархадсан гэсэн дүн гардаг. Харин Халхын голд амь хайрлалгүй тулалдаж явсан Зөвлөлтийн цэргүүдийн 70 хувь нь Украйнаас ирсэн цэргүүд байсан гэдэг.
В.Путиныг дагалдан Гадаад харилцааны сайд С.Лавров, Шадар сайд Ю.Петрович тэргүүтэй есөн сайд манай улсад ирсэн. Харин бизнес эрхлэгчдийг төлөөлөн Роснефть, Ростех, Оросын төмөр зам, Аэрофлот, ОХУ-ын Шууд хөрөнгө оруулалтын сан зэрэг томоохон компаниудын удирдлагууд иржээ. Эд бүгд төрийн оролцоотой аж ахуйн нэгжүүд бөгөөд хувийн хэвшлийн нэг ч компани ирсэнгүй.
Энэхүү айлчлалын хамгийн сэтгэл догдлуулсан гэрээ бол хоёр улс хамтран Монголын төмөр замыг цахилгаанжуулах, хос болгох ажлыг цаг алдалгүй эхлүүлж 2020 он гэхэд дуусгах тохиролцоо байлаа. Үүнээс гадна Улаанбаатар төмөр замыг Эрдэнэтээс Завханы Арц суурийн боомт хүргэж Орос руу гарсан шинэ төмөр замын гарцтай болно. Мөн БНАСАУ-ын Ражин боомтыг манайхан ОХУ-тай хамтран эзэмшихээр тохиролцоонд хүрснээр Монгол улс далайд гарах өөрийн гэсэн боомттой болсон. Өөр нэг таатай мэдээ гэвэл хоёр орны иргэд харилцан нэг сар визгүй зорчих юм.
“Энэ айлчлал хоёр орны харилцааны түүхэн дэх хамгийн чухал үйл явдлын нэг болох Халхын голд хамтран ялалт байгуулсны 75 жилийн ойд зориулагдсан юм” хэмээн В.Путин хэлжээ. Орос улс Сахалин мужид багтдаг Курилийн 56 жижиг арлыг бүхэлдээ хяналтдаа байлгадаг хэдий ч өмнөд үзүүрийн дөрвөн аралтай Япон улс өнөөг хүртэл газар нутгийн маргаан үүсгэдэг. Мөн Японы Засгийн газар Украинд өрнөсөн мөргөлдөөнөөс үүдэн ОХУ-ын эсрэг хориг тавьсан бөгөөд Крымээс зарим бараа бүтээгдэхүүн импортлохыг хориглосон билээ. Ийм харилцаатай үед Японы цэргийг бут цохисон түүхэн ялалтын ойд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ирсэн нь Наран улсад өгч буй нэг хариулт юм.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг түүний зурагтай футболкоор гангарсан монгол охидууд угтлаа. Халх голын ялалтын 75 жилийн ойн медалийг оросууд аль хэдийн хийлгэж Монгол улсын Ерөнхийлөгчөөс авахуулаад олон хүнд гардуулав.
Ерөнхийлөгч В.Путины “ОХУ-ын Засгийн газар тун удахгүй Монгол нөхөд рүүгээ чиглэсэн шийдвэр, алхмуудыг хийж эхлэх болно” хэмээн мэдэгдсэн энэ айлчлал Монголчуудын хувьд маш чухал, түүхэн үйл явдал болсон. Харин гадаадын хэвлэлүүд энэ талаар “Зүүн Украин дахь нөхцөл байдал хурцдахын хэрээр Орос улс хөрш зэргэлдээ орнууддаа илүү их анхаарал хандуулж, гарц нээж байна” хэмээн дүгнэжээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт