Си Зиньпин Монголд айлчлахад бид юунаас айдгаа санав. Хятадын дарга ч бидний гүн айдсыг мэддэгээ, монголчуудыг нэвт “уншдагаа” нотолж, хэлсэн илтгэл бүртээ “Дахин хэлье. Бид Монгол Улсын нутаг дэвсгэр, тусгаар тогтнол, сонгон авсан хөгжлийн замыг үеийн үед хүндэтгэн үзнэ” хэмээн дурдаж байв. Бататган хэлсэн энэ үгийг нь монголчууд бид сонсоод гүнээ амьсгаа авч, байнга чангалаастай явсан судас шөрмөсөө тэнийлгэж Хятадуудыг өөр нүдээр харах гэж хичээв. Үнэндээ бид урд хөршийг 2200 жилийн тэртээгээс дэндүү сайн мэднэ. Энэ олон мянган жилийн турш бид хоорондоо дайтаж найрамдаж, эзэлж эзлэгдэж явсан болохоор яс маханд маань тэдний талаарх “санаа” лавтай суусан байж таараа. Монголчууд өөрсдийнх нь талаар таагүй бодолтой явдгийг мэдэх хятадууд, энэ улсын удирдагч Си Зиньпин энэ удаагийн айлчлалаараа монголчуудын сэтгэлийг өөртөө татаж чадлаа. Айлчлалын дүр зураг ингэж буув.
Монголд гадаад улсын төрийн тэргүүнүүд айлчлахаасаа өмнө ард түмэнд нь хандсан илгээлт ирүүлж байсангүй. Си Зиньпин анхдагч боллоо.
Найрсаг хөрш Монгол Улсын тухай өгүүлэхэд хүмүүсийн сэтгэлд,
Тэнгэр огторгуй цэнхэрлэн бөмбийгөөд
Тэнүүн тал тэнгэрийн энгээр алсарч
Салхи сэнгэнэн сэвэлзэж өвсөн толгой бөхөлзөн
Сүрэг сүргээр хонь мал өөдөөс бэлчин айсуй...
Эх орны маань тухай онож шүлэглэсэн ийм эхлэлтэй тус илгээлт монголчуудад таатай санагдсан нь лав. Мөн цааш нь “Монголын талтай хамтын ажиллагаа хөгжүүлэхдээ Хятадын тал хамтдаа хожих бодлого баримталдаг. Түүнээс биш би их хожно, чи бага хожно, би ихийг авна, чи бага ав гэсэн байр сууринаас хандахгүй” хэмээн үргэлжлүүлжээ. Үүнийг уншсан ямар ч монголд Си Зинпин дарга эерэг сэтгэгдэл төрүүлэх нь тодорхой.
БНХАУ-ын дарга Си Зиньпин 8 дугаар сарын 21-нд Монголд газардав. Улаанбаатар хотод долоо хоног нар шарж байгаад яг түүнийг ирсэн өдөр бороо асгарч гарсан. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ “Өнөөдөр Та бүхэн манай газар нутагт хур дагуулан бууж ирлээ. Монголчууд “Хувьтай хүн хурнаар” гэж ярьдаг. Энэ бол Та бүхэн манай оронд сайхан сэтгэлээр ирснийг болон манай ард түмэн ч Та бүхнийг сайхан сэтгэлээр угтаж буйн илэрхийлэл юм” гэж онцлов. Харин Си Зиньпин дарга сэтгүүлч нартай уулзах үеэрээ “Өнөөдөр маш сайхан бороотой байлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлсэнчлэн найрамдлын салхитай хамт хамтын ажиллагааны бороо ирж байна” хэмээн хэлэв.
Монголын удирдагч асан Ю.Цэдэнбал даргыг БНХАУ-д айлчлах үед цэцэг бэлэглэн инээмсэглэж зогсох жаал хүүгийн зураг Си Жиньпин даргыг ирсэн тэр өдөр сонин, сайтуудаар цацагдсан. Их гүрний удирдагчийн зөвлөх айлчлалын талаар мэдээлэхдээ “Си Зиньпин дарга 1959 онд 6 настайдаа БНМАУ-ын дарга Ю.Цэдэнбалаар ахлуулсан Монголын төлөөлөгчидтэй уулзаж байсан. Энэ уулзалтыг Си Зиньпин дарга одоо ч дурсан ярьдаг” гэжээ. Си Зиньпин даргын айлчлалаас долоо хоногийн өмнө Ю.Цэдэнбал агсны ач охин Анастасия Цэдэнбал Монголд ирэхэд Ерөнхий сайд Н.Алтанхуяг хүлээн авч уулзсан. Ерөнхий сайдаасаа эхлээд хөл алдсан энэ үйл явдлыг хятадын тал зүгээр хараад суухыг хүсээгүй нь тодорхой.
Монголд Хятад судлалаар тэргүүлэгч эрдэмтэн МУИС-ийн багш, доктор Ж.Баясахын яриа монголчууд ба хятадуудад ихэд таалагдав. Тэрээр ярилцлагадаа “Си Зиньпин угсаа гарвалын хувьд Шаньси мужийн хятад хүн. Гаднаас нь харахад ч гэсэн монгол төрхтэй, монголжуу царайтай. Мухулай жанжны үр сад Шаньсид амьдардаг. Мухулайн хойд удам ч юм бил үү, бид мэдэхгүй шүү дээ” гэж онцолжээ. Айлчлалын үеэр Хятадын олон улсын радиогийн вэб сайт “22-ны өдөр Хятад улсын дарга Си Зиньпин, түүний гэргий Пэн Лиюань нар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ордонд хүрч зочиллоо. ... Си Зиньпин энэ үеэр хэлэхдээ, Айлчлал маань хэдийгээр богино хугацаанд болсон боловч маш дотно найрсаг болж, садан төрлөө эргэж тойрч байгаа мэт санагдаж байна” гэсэн мэдээг цацав.
Си Зиньпин дарга 1953 онд Шаньси мужид төржээ. Тэрээр 2008 онд Хятад улсын дэд дарга, 2013 онд БНХАУ-ын дарга болсон. Түүний намтар монголчуудын сайн мэдэх Чингис хааны намтартай төстэй. Түүний эцэг Есүхэй Хамаг Монголын удирдагч байсан. Тэмүүжин бага насандаа эцгээ алдаж, Тайчуудад баригдаж, доромжлуулж явсан. Эцэст нь өөрийн хүчээр босч их гүрний хаан болсон. Энэ түүхийн орчин цагийн хувилбар нь Си Зиньпин даргын намтар юм. Аав Си Зонсун нь Хятадын Ерөнхий сайдын орлогч байсан, хэлмэгдэж шоронд суусан, хүү нь эцгээ дагаж цөллөгөнд явсан. Эцэст нь залуу Си Зиньпин энэ бүх бэрхшээлийг давж, одоогийн өндөрлөгт хүрчээ.
Монгол Улс өмнө нь хэдэнтээ хүндэтгэлийн чуулган хийж байжээ. Нэрлэбэл БНХАУ-ын дарга Ху Жинтао, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, НҮБ-ын дарга Бан Ги Мун, ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель нар юм. Хүндэтгэлийн чуулганы индэр дээрээс үг хэлнэ гэдэг тухайн удирдагчийн зангараг, нэр хүндийн илэрхийлэл. Монгол парламентын засаглалтай орон. Бүх эрх мэдэл гишүүдийн гарт бий. Харин тэд нарт индэр дээрээс Си Зиньпин дарга “Миний нутаг” хэмээх шүлэг уншиж өгөв. Азаар санамсаргүй алхаа мартаж орхисон УИХ-ын даргын “Алх хаачив, алга байна ш дээ” гэдэг үг бүдүүлэг гэхээс илүүтэй “Энэ танхимын эзэн нь би шүү“ гэх шиг чихэнд таатай сонсогдож билээ.
УИХ-ын танхимд шүлэг уншиж байсан улс төрч нэг ч үгүй. “Миний нутаг” шүлгийг уншсанаар анхдагч нь Си Зиньпин болов. Зарим нэг хүмүүс “Миний төрсөн нутаг гэж Монголын газар шороог өөрийн юм шиг хэллээ” гэж түүнийг шүүмжилж байв. Үнэндээ барилга дээр ажиллаж байсан хятад эр “Энэ бол миний төрсөн нутаг, Монголын сайхан орон” гэж уншвал манайханд гүвүүлчихсэн байгаа. Гэхдээ Си Зиньпин дарга олон хүний ухаж байгаа шиг гүнзгий утгаар биш Монгол орныг магтаж хэлсэн биз ээ. Түүнийг индэр дээрээс “Миний нутаг”-ийг уншихад олон монголчууд бухимдсан гэхээс илүүтэй “Том гүрний удирдагчаар шүлэг уншууллаа” гэж бахархаж суусан биз.
Монголын талаар, монголчуудын тухай сайн мэднэ гэдгээ Си Зиньпин хэлсэн зүйр үгүүдээрээ баталсан. Яриандаа монгол зүйр үгүүдийг ихээр хэрэглэсэн нь бид нарт ч таатай, хэлэх гэсэн санаа нь ч ойлгомжтой байв. БНХАУ-ын дарга Си Зиньпин хүндэтгэлийн чуулган дээр хэлсэн үгэндээ “Хүлгийн сайныг унаж мэддэг, Хүний сайныг ханилж таньдаг”, “Усны дэргэдэх асраас сарны тусгалыг түрүүлж харна”, “Замаа мэдвэл явахад амар, Хүнээ мэдвэл ярилцахад амар”, “Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг”, “Сайн хөршийг алтаар ч солихгүй” хэмээх зүйр үгүүдийг шигтгэж өгсөн. Монголчууд эртнээс хэл яриандаа онч, хэлц, зүйр үгийг өргөнөөр хэрэглэж ирсэн бөгөөд ийм хүмүүсийг гүүш, мэргэд, багш хэмээн өргөмжилдөг.
“Морьтны соёл бол Монгол түмний соёл” хэмээн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн. Үнэхээр монгол хүнийг морьгүйгээр төсөөлөх аргагүй. Үүнийг нотолж морин жил манайд айлчилж буй Хятад улсын дарга Си Зиньпин УИХ-ын хүндэтгэлийн чуулганы индрээс “Энэ он бол Монгол, Хятадын морин жил. Морь бол хүч чадал, ахиц дэвшлийн бэлэг тэмдэг юм. Монгол Улсын бүтээн байгуулалт морины хурдаар цэцэглэн хөгжихийг чин сэтгэлээсээ хүсч байна” хэмээн мэдэгдэв. Чингис хаан морь жилтэй, бас бид цагаан морин жилийн ардчилсан хувьсгал гэж ярих дуртай. Тиймдээ ч Си Зиньпин даргад Хэрлэн, Алтай нэртэй ижил цоохор зүсмийн морьд бэлэглэв.
Монголчуудад хамгийн их таалагдсан зүйл бол Хятад улс Монголыг хэзээ ч эзлэн түрэмгийлэхгүй гэж дэлхий нийтэд зарласан явдал байлаа. Си Зиньпин даргын амнаас энэ үгийг хэдэнтээ унагааж чадсан нь угтаа УИХ-ын гишүүн Х.Баттулгын захиалан хийлгэсэн нэвтрүүлгийн ач. Энэ нэвтрүүлгийн цаад утга нь Хятадууд биднийг эзлэх гэж байна гэсэн айдаст автуулах байсан. Айсан монголчууд юу гэж Хятадын хилээс нааш нарийн царигтай төмөр зам татуулах билээ дээ. Гэтэл монголчуудыг айлгах гэсэн энэ нэвтрүүлэг өөрөө эргээд Си Зиньпинийг монголчуудад сайхан, эерэг сэтгэгдэл төрүүлэх боломжийг нээгээд өгчихсөн. Тиймээс л түүний хэлсэн “Монголын тусгаар тогтнолыг бид хүндэтгэнэ” гэсэн үг бидэнд юунаас ч илүүтэй таалагдсан хэрэг.
Галзууртлаа өсч 1900 даваад байсан доллар, юанийн ханш БНХАУ-ын дарга Си Зиньпинийг айлчлахын өмнөх өдрүүдэд илбийн юм шиг доош унаж эхлэв. Доллар унасаар айлчлалын өмнөх 20-ны өдөр 1858, айлчлалын эхний өдөр 1855, хоёр дахь өдөр нь 1847 төгрөг хүрэв. Ханш ч энэ эрчээрээ унасаар 1800 төгрөг рүү дөхөж ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг айлчлахын урд өдөр 1802 төгрөг болов. Хамгийн гайхалтай нь түүнийг Монголд хөл тавьсан 3-ны өдөр нөгөө илбийн юм шиг унаж байсан доллар чангарч 1819 төгрөг болоодохов. Валютын ханш унаж эхлэхэд олон эдийн засагч Хятадтай хийсэн хэдэн тэрбум доллараар тоологдох гэрээ нөлөөллөө гэж ярьж байсан. Үнэхээр гэрээ нөлөөлсөн бол Оростой байгуулсан гэрээ ч бас ханшийг өсгөх биш унагах ёстой байлаа.
Хятадын junshi.xilu.com вэб сайтад 8 дугаар сарын 6-ны өдөр тавигдсан өгүүлэлд “...Хятад нь Монголын ард түмний өөрийн сонгосон тусгаар тогтнол болон хөгжлийн замыг хүндэтгэнэ. Энэ удаагийн чухал асуудал дээр Орос цэвэр өөрийн хувийн ашиг сонирхолын үүднээс хандах бол Хятад ашиг сонирхолын дунд бас төрөл садны дотно сэтгэлээр хандана. Си Зиньпин дарга Монголын ард түмэнд эх орны том гэр бүлийн чин сэтгэлийн ерөөл болон санаанд оромгүй төслийн тусламж, сюрпризтэй очих болно” гэжээ. Цахим орчинд хамгийн хатуу хяналттай улс бол Хятад. Хачин нь Си Зиньпин даргын айлчлал жирийн нэг хятад иргэний бичсэн энэ өгүүлэл шиг өрнөөд дуусав.
Монгол Улс Хятадын нутаг дэвсгэрээр далайд гарах болон буцах, дамжин өнгөрөх тээвэр хийх “эрхтэй” болсон нь энэ айлчлалын өгөөж нь байлаа. Мөн гурван ч цахилгаан станц барих, нүүрс гүн боловсруулах төслийг хувийн хэвшлийнхэн хамтран хэрэгжүүлэх болсон нь таатай. Тэд үүдээ нээж бид нарыг баярлуулсан ч мөнхийн хамааралтай гэдгийг маань бас сануулав.
БНХАУ-ын дарга энэ айлчлалаараа Монголын тухай Хятад юу гэж бодож явдгаа дэлхий нийтэд ойлгуулах шиг болов. Бид “садан төрөл” учир “зовж явахад” нь “ахын ёсоор дүүдээ” тусалж “хамтдаа хөгжих” болно гэсэн санааг тэрээр илэрхийлээд буцлаа .
Ж.Бямбасайхан
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт