Чуулганы өнөөдрийн хурлаар Монгол Улсын 2015 оны төсвийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг хийхээр товлоод байсан.
Харин УИХ-ын гишүүн С.Бямбацогт, 2015 оны төсвийн тухай хуулийн төсөл дөнгөж өнөө өглөө гишүүдийн гар дээр ирж байна. Иймээс гишүүд уншиж судлаагүй байхад хэлэлцэх боломжгүй. Энэ нь Улсын Их Хурлын Дэгийн тухай хуулийг зөрчиж байна хэмээсэн нь нэлээдгүй маргааныг дагууллаа. 2015 оны төсвийн тухай ном 10 дугаар сарын 1-нд гишүүдийн гар дээр тараагдаж очсон. Харин өнөөдөр тараасан номонд жижиг өөрчлөлт орж өргөн баригдсан байгаа. Иймд ямар өөрчлөлт орсон талаар Ерөнхий сайд тайлбар хийх нь зүйтэй гэдгийг УИХ-ын дарга хэлсэн.
Ерөнхий сайд өгсөн тайлбартаа, өнөөдөр бидний гар дээр хоёр ном байгаа. Хуулиар Монгол Улсын төсвийг 10 дугаар сарын 1-нд өргөн барьдаг. Энэ дагуу өргөн баригдсан. 2015 оны төсвийн тухай номыг 10 дугаар сарын 1-нд буюу 17 хоногийн өмнө гишүүдэд тараасан. Дараа нь Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулж зургаан яам гурван яам болсонтой холбогдоод та бүхний зүгээс зургаан яам гурав болж байгаа тул өөрчлөлт орох ёстой гэсэн шаардлага тавьсан. Энэ дагуу хэдэн тоо өөрчлөгдөж төсөвт 1,3 орчим тэрбум төгрөгний зөрүү гарсан. Иймд та бүхэнд сэтгэл байвал энэ номыг гурван минутад уншина гэдгийг хэлсэн юм.
Ингээд УИХ-ын дарга, 2015 оны төсвийн тухай хуулийн төсөл өргөн баригдаад 17 хонож байна. Санхүүгийн өөрчлөлтийг хийгээд дахин өргөн барьсан гэдгийг тодотгоод, хоёр, гуравдугаар хэлэлцүүлэг хийх өдрийн хугацаагаа тохиролцоод цаашаа явья гэлээ. Мөн аль нэг бүлэг завсарлага авахгүй гэдэг үүргээ аваад явах хэрэгтэй. Тэгэхгүй бол төсөв хугацаандаа амжиж хэлэлцэгдэхгүй аюул байна. Иймээс ирэх Мягмар гарагт зөвхөн төсөв хэлэлцэнэ. Бүлгийн дарга нар хоёр, гурав,дөрөвдүгээр хэлэлцүүлэг хийх хуваариа өгөх хэрэгтэй гэдгийг санууллаа гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт