“Хурд” хамтлаг өнгөрсөн жил 20 жилийнхээ ойг шүтэн бишрэгчидтэйгээ нижгэр тэмдэглэж, алтан пянзныхаа дуудлага худалдааны мөнгө болоод тоглолтынхоо орлогоор эмнэлгийн эмч ажилчдад орчин үеийн техник тоног төхөөрөмж хандивлахаар болсон тухай өмнө нь дуулгаж байсан.
Тэгвэл тэд өнөөдөр Улаанбаатар хотоос алслагдмал, нийслэлийн эмнэлгийг зорин ирж эмчлүүлэхэд алс зам туулдаг Говь-Алтай, Ховд, Баянхонгор, Завхан аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхэд, нярайн тасгийн эмч нарт АНУ-ын нэр хүндтэй, чанартай брэндийн тоног төхөөрөмжүүдээс сонгон нярайн өрөөний агаар чийгшүүлэгч, захын судсан дахь хүчилтөрөгчийн цусан хангамж үздэг хэмжигч, нярайн электрон жин хэмжүүр, мөн 200-250 метр.квадрат талбай дахь агаар, нянгийн бохирдлыг цэвэршүүлэх хүчин чадалтай аппарат, нэг удаагийн давсагны катетер, мөн даралтын аппарат, чагнуур, гуурс зэрэг өндөр үнэтэй ховор олддог багаж хэрэгсэл хүлээлгэж өглөө.
Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхэд, нярайн тасгийн их эмч Д.Оюунчимэг
Баян-Хонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхэд, нярайн тасгийн их эмч Н.Сарантуяа
Тус хамтлагийнхан “Хүүхэд эрүүл төрж, эрүүл орчинд амьдрах ёстой. Тиймээс улсдаа бүл нэмэхээр энэ хорвоод айлчлан ирж буй иргэнээ угтаж авч буй эмч нарт эмнэлгийн тусламж үзүүлэх багаж төхөөрөмжтэй байх шаардлагатай. Манай хамтлагийн нэр “Хурд”. Бид хурдтай, түргэн шуурхай, ажиллахын тулд эрүүл мэндийн салбарт өдөр тутам хэрэглэгддэг тоног төхөөрөмж бэлэглэж байна" хэмээн өгүүлсэн. Хамтлагийн залуус орон нутгаар аялан тоглолтоо толилуулж явахдаа хөдөөгийн ард түмний амьдралыг судалжээ. Баруун бүсийн дөрвөн аймагт хүүхдийн эндэгдэл хамгийн их байгааг олж хараад эрүүл мэндийн салбарт ямар нэгэн тустай зүйл хийхээр сэтгэл шулуудсан аж. Тэд цаашид баруун зүүн, төв, говийн бүсээс тус бүр дөрвөн аймаг сонгон туслахаар төлөвлөж буй аж.
Дашрамд дуулгахад хамтлаг болж байгуулагдсан цагаас нь уран бүтээлийг нь дэмжиж ирсэн сэтгүүлчдэд тэд 20 жилийнхээ ойд зориулж хэвлүүлсэн “Хурд 20” дурсамж номоо гардуулсан юм. Тэдний цөөн хувь хэвлүүлсэн энэ ном өнөөдрөөс “Интер ном” номын дэлгүүрт тавигдаж, олны хүртээл болж байна.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт