Орхон аймгийн Баян-Өндөр сумын “Сонорхайрхан” зочид буудалд бие биерүүгээ халуун ус цацаж гэмтэл учруулсан “Шинэ үе” продакшны жүжигчдийн хэрэг өмнө нь хоёр ч удаа хойшилсон. Тэгвэл Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн II шүүхэд өнөөдөр товлогдсон шүүх хурал яг одоо хаалттай үргэлжилж байна. Шүүгдэгч нарын өмгөөлөгчид хуралд сэтгүүлч нарыг оролцуулалгүй хаалттай хийх хүсэлт тавьсан юм. Шүүх хуралд хэрэг болох үед дэргэд нь байсан “Шинэ үе” продакшны хоёр жүжигчин гэрчээр оролцож байна. Шүүх хурал хоёр цагийн дараа өндөрлөж шийдвэрээ гаргана.
Энэхүү хэрэгт холбогдлуулан шүүгдэгч Д.Оюунтуулд Эрүүгийн хуулийн 99.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллах дүгнэлт үйлдээд байгаа юм. Уг зүйл ангид “Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан, өөрөөр хэлбэл эрүүл мэндийг нь түр хугацаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” хэмээн заажээ. Харин шүүгдэгч Ц.Алдармаад Эрүүгийн хуулийн 96.2.6-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн юм. Энэхүү зүйл анги нь “Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан, өөрөөр хэлбэл амь биед нь аюултай гэмтэл учруулсан буюу хараа, сонсголгүй болгосон, эрхтнээс нь хагацуулсан, ажиллагаагүй болгосон, нүүрийг засаршгүй эвдэж дүрсийг алдагдуулсан, хүүхэд дутуу гаргуулсан буюу ураг зулбуулсан, сэтгэцийн өвчтэй болгосон, түүнчлэн хөдөлмөрийн чадварыг бүрмөсөн алдагдуулсан бол таваас дээш долоон жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн заалттай. Тэгэхээр шүүх бүрэлдэхүүн тэдний гэм буруутайг тогтоовол шүүгдэгчид дээр дурдсан хариуцлага хүлээх юм.
Б.ХАШ
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт