Калифорниа мужийн Глендора-д 1961 оны 12 дугаар сарын дөрвөнд нэгэн эрүүл саруул хүү мэндлэв. Харамсалтай нь түүнийг 18 сар хүрэх үед түүний гавлын ясанд гажиг байгаа нь тогтоогдов. Ийнхүү бяцхан хүүгийн арав гаруй жил үргэлжилсэн аймшигт өвчин эхэлсэн юм.
"Түүний хамар их навтгар байсан. Ийм хүмүүс их олон байдаг учраас би уг нь нэг их санаа зовоогүй л дээ. Гэнэтхэн түүний толгой томорч эхэлхэд би балмагдаж, юу хийхээ мэдхээ больж орхисон" хэмээн Деннисийн ээж нэгэн ярилцлаганд ярьжээ.

Деннис "сraniodiaphyseal dysplasia" хэмээх толгой нь өвөрмөц хэлбэрт орж томордог төрөлхийн, эдгэшгүй өвчтэй байв. Үүнээс болж түүний толгой үе үе маш хүнд өвддөг, татаж унадаг байлаа.
Дэлхийн түүхэнд энэ бол нэн ховор буюу гарын арван хуруунд багтах цөөн бүртгэгдсэн өвчний шинж юм. Эмч нар түүнийг долоон нас хүрхээсээ өмнө хараагүй, сэтгэцийн эмгэгтэй болж удалгүй нас барна гэж байсан ч бүжигчин байсан ээж нь энэ тухай нэг ч үг сонсохыг хүссэнгүй.
Түүний ээж хүүгээ эрүүл саруул болгож, эмч нарын ярьсанг худлаа гэдгийг батлан жирийн хүний амьдралаар амьдруулахын тулд бүхнийг хийсэн.
"Хүмүүс түүнийг минь сэтгэцийн эмгэгтэй гэдэг байсан ч энэ бол оргүй худал. Тэр маш ухаалаг хүүхэд байсан. Ангийнх нь хүүхдүүдийн эцэг эх Деннисийг хүүхдүүдтэйгээ хамт сургахыг хүсээгүй учраас л ийм зүйл зохиож ярьдаг байсан" хэмээн түүний ээж People сэтгүүлд өгсөн ярилцлагандаа дурьдсан байна.
Түүний гадна төрхөөс болж олон хүүхдүүд бага байхад нь дээрэлхэж, сургуулиуд элсүүлж авахаас татгалздаг байв. Гэсэн ч түүнтэй ярилцсан, харилцаж үзсэн хэн болов ч түүнд удалгүй сайн ханддаг байжээ. Тэр тийм л сайхан сэтгэлтэй, халамжтай, ухаалаг хүү байв. Нэгэн удаа түүний гадна төрхийг хэвийн болгох мэс засал түүнд нэг эмнэлэг санал болгосон ч "Ээж ээ, би хэрвээ мэс засалд орвол толинд тэгээд хэнийг харах болж байна?" гэж ээжээсээ асуун, татгалзсан гэдэг.

Ахлах сургуулиа төгсөх үедээ тэр сургуулийн тэргүүний сурагч төдийгүй "Хамгийн сайн анд", "Хамгийн сайхан сэтгэлтэй хүүхэд", "Зуслангийн хамгийн нөхөрсөг амрагч" шагналуудын эзэн болж байжээ. Мөн тэрээр Генетик судлалын газрын хүндэт гишүүн байв.
Харамсалтай нь, түүний толгойны өвчин даамжирч тэргэнцэр дээр суудаг болов. Ийнхүү 1978 оны аравдугаар сарын дөрвөнд 16 насандаа тэрээр хорвоогоос хальсан юм.
1985 онд түүний амьдралаар алдарт найруулагч Петер Богданович "Маск" хэмээх кино хийж гол дүрд нь Эрик Столц Деннисийн дүрийг бүтээн, харин ээжийнх нь дүрд дуучин Шер тоглосон билээ.
"Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд урам хайрлах ямар нэг томоохон зүйл хийхийг би үргэлж хүсдэг байсан. Энэ кино харин миний хүслийг биелүүлсэн гэж хэлж болно. Мөн миний дүрийг кинонд багтаасанд, миний дүрийг гайхалтай амилуулсан Шерт маш их баярлалаа" хэмээн Деннисийн ээж ярьжээ.

МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт