ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Д.Намсрайноровын 3 дахь тоглолт амжилттай боллоо

    Олноо “Хөмсөгноров” хэмээн нэрлэгдсэн дуучин Д.Намсрайноровын “Намсрайноров 2014” гурав дахь бие даасан тоглолт Монгол Бөхийн  Өргөөнд эгшиглэж, дуунд дуртай түмний сэтгэлийг хөглөж баясгав.

    Тэрбээр 2010 онд “Хонгор чамдаа”, 2012 онд “Сэвлэг шиг бүүвэй шиг” тоглолтоо толилуулж, эх орноо хоёр удаа нар зөв тойрон орон нутгийн үзэгчидтэй уран бүтээлээрээ уулзаж байсан билээ. Дуучин залуугийн энэ удаагийн тоглолтын шийдэл өвөрмөц, сонирхолтой, бас сонин ихтэй байв. Тэрбээр уран бүтээлдээ эрэл хайгуулж хийж, фенүүдтэйгээ санал бодлоо солилцон, хамтран ажилласан нь тоглолтын уур амьсгалаас мэдрэгдсэн.

    Нийтийн дуучдаас өөрийн гэсэн өнгө аясаар ялгарч чаддаг тэрбээр тоглолтынхоо дундуур "Хонгор чамдаа", "Танхилхан чи минь", "Санах тусмаа дуулаарай", “Нандин учрал” зэрэг хит дуугаар ая барихад үзэгчид даган дуулж, түүний уран бүтээлийг үргэлж дэмждэг үнэнч фэн гэдгээ харуулаад авав. "Хонгор чамдаа" дуу нь түүнийг олонд таниулсан. Нийтийн дууны ертөнцөд нэгэн шинэ аялгуу нэмж, хүч түрэн орж ирэхэд энэ уран бүтээл их нөлөөлсөн.

    Д.Намсрайноров “Сэвлэг шиг бүүвэй шиг” тоглолтоосоо хойш шинээр туурвисан уран бүтээлүүдээ тайзан дээрээс хүргэсэн. Тэр дундаас Монголынхоо мянга мянган хосод зориулсан Д.Дэчинжалбын үг, ая "Сэтгэлийн уяа" дуу олонд их таалагдсан юм.

    Найрын улирал, унага тамгалах цагтай давхцан сонсогчидтойгоо нэгэн үдшийг дуу хууртай өнгөрүүлсэн дуучин маань FM радиогийн хит дууг одоо ч тэргүүлсээр буй яруу найрагч Ч.Алтантүлхүүрийн үг, гавьяат жүжигчин Ч.Бат-Эрдэнийн ая "Хайрлан хайрлан дурламаар" дуугаар тоглолтоо өндөрлөсөн юм. Энэ дуу цацагдсан даруйдаа хүмүүсийн сонирхлыг ихэд татаж, түүнийг нийтийн дууны хамгийн эротик эрэгтэй дуучин хэмээх шүүмжлэл багагүй дагуулсан.

     

    Тэрбээр энэ дуугаа хит болно гэж ер төсөөлөөгүй гэдэг. Хоёрдугаар сарын 14-ний өдөр буюу Гэгээн валентиний өдөр FM-үүдэд энэ дуу зэрэг эгшиглэсэн нь тухайн үед тэргүүлж байсан "Хар хархан харц" дууг ардаа орхиж, “цойлсон”.  Тэрбээр төлөвлөсөн ёсоор Монгол орныхоо аймаг бүрт "Намсрайноров 2014" аялан тоглолтоо толилуулахаар тун удахгүй баруун аймгийг зорих нь.

                                                                                                                   Г.Батцэцэг

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй