Энэ хэсэгт социализмын үед Оросууд хайрга олборлодог байжээ. Гэвч доороос нь усны ундарга гарч эхэлсэн тул хаяад явснаас нь хойш ихээхэн хог хуримтлагдаж хогийн цэг болсон байна.
С. Өлзийтогтох энэ хавьд амьдардаг найзындаа зочилж явахдаа хогийн цэг, шалбааг болсон газарт хүүхдүүд тоглож байхыг хараад сэтгэл нь эмзэглэж, энэ газрыг амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх бүс болгож болох юм байна гэдэг бодол төрөөд ажилдаа ханцуй шамлажээ.
“Гэр хорооллын хүүхэд гэхээрээ шалбаагт тоглох ёстой ч биш”
С.Өлзийтогтох өөрийн биеэр хогийг нь цэвэрлэж, гурван машин хог гаргажээ. Цэвэрлэх тусам усны ундарга сэргэн нэмэгдэж эхэлсэн гэнэ. Яг л байгал эх баярласнаа илэрхийлж байгаа шиг...
“Сайн үйлс хийгээд байвал хүмүүсийн тусламж, сайхан энерги тасардаггүй юм байна”
Одоо энэ газар Дэнжийн мянгынхны залуусын чөлөөт цагаа зөв өнгөрөөх цогцолбор болжээ. Энд халуун цай, хүйтэн ундаа, зууш идэх жижиг буфет, ширээний теннис, гадна суух талбай, усан завь зэрэг сонголт бий.
Машин багтах зайгүй давчуу газар бүх зүйлээ гараар зөөнө гэдэг хамгийн хэцүү байсан аж. Барилгын овор ихтэй материал, тоног төхөөрөмжүүд шүү дээ.
“Юм хийж бүтээхээр хүмүүсийн хандлага, сэтгэхүй өөр болж эхэлдэг юм байна”
Одоогоор том хүн, хүүхдийн нийлсэн зургаан усан завьтай, завь бүр нь аврах хантааз, шүгэлтэй. Сул талбайдаа олон, олон бүтээн байгуулалт хийхээр төлөвлөж буй. Өнгөрсөн жил 3000 цэцэг тарьснаас 300 гаруй ургажээ. Тэрбээр дахин туршлага хуримтлуулж байгаад 10.000 цэцэг тарихаар төлөвлөж байгаа аж. Мөн 50 ширхэг мод тарьсан нь сайхан ургажээ.
Хүн хийж бүтээгээд байхаар дэмжих хүн олшрох юм. Иргэд ихээхэн тусалж мөнгө хандивладаг, уран бүтээлчид баримал урлаж бэлэглэсэн байна. Мөн нийслэлийн захирагчийн албанаас 50 ваартай цэцэг өгч, Сүхбаатар дүүргээс “Ногоон нуурт” хамгаалалтын төмөр хашлага хийж өгөхөөр болжээ.
“ Амаа ангайж, тэнгэр ширтэж суухын оронд хийж бүтээсэн нь л хождог.”
Өлзийтогтохууд “Ногоон нуур”-аа гоё болгох гэж гурван жил зүтгэж байгаа. Хас банкнаас зээл авч, одоогоор 50 сая төгрөгийн бүтээн байгуулалт хийгээд буй.

“Ногоон нуур”-аар өдөрт 30-40 хүн тогтмол үйлчлүүлдэг
“ Эндхийн иргэд хүүхдүүдээ ногоон нуур руу тоглохоор явахад нь санаа амар байдаг болсон”
“Ногоон нуур”-ыг зорьж Налайх, Чулуун-Овоо, Дундговиос хүртэл хүмүүс ирдэг гэнэ.
С.Өлзийтогтох "хүмүүсийн урмын үг, сэтгэл сэргээсэн талархал биднийг урагшлуулж, улам ихийг хийж бүтээх хүсэл төрүүлсээр байна. Манайхаар дахиад ирээрэй. Дараа ирэхэд чинь улам гоё болсон байна аа" гэсээр биднийг үдсэн юм.
Их хүсэл мөрөөдөл, хүүхдүүдийн сайн сайхны төлөөх сэтгэлээр жигүүрлэн өөрсдийн гараар бүхнийг бүтээж, олон хүнд аз жаргал, баярт мөч бэлэглэж байгаа энэ залуу гэр бүлд бялхаж цалгисан их амжилт хүсэн ерөөе.
А.Энхцэцэг
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт