Биедээ авч явж буй зүйлс, нөүтбүүк гар утсаа та сууж байсан кафедаа орхиж гарах нь төсөөлөгдөшгүй зүйл байж болох ч, дэлхийн хамгийн тайван хотуудын иргэдийн хувьд энэ нь ердийн үзэгдэл юм. Гадаад улсад зорчиход аюулгүй байдал гэдэг бол яг л гэртээ байгаагаас өөрцгүй нэн чухал асуудал. Ийм учраас хувь хүмүүсийн аюулгүй байдал, дэд бүтэц, эрүүл мэнд, дижитал системийн технологи гэх мэт хүчин зүйлсийг харгалзан үзэж гаргасан жагсаалтыг хүргэж байна. Гэхдээ аюулгүй гэдэг нь, уйтгартай гэсэн үг огтхон ч биш шүү!
Осака хот

Осакаг дэлхийн хамгийн амар тайван хот гэлцдэг. Япон орны хаана ч мэдрэгддэг сэтгэл санааны амар тайванг та Осакагаас мэдэрч болно. Ерөнхийдөө Япон орон хүн амьдрахад гайхалтай тааламжтай бүс нутаг юм. Маш олон хүмүүс кофе шоп, хоолны газруудад өөрсдийн эд зүйлсийг хараа хяналтгүй орхин босч явах, захиалгаа өгөх гэх мэт үйлдлүүдийг хийдэг. Энэ нь тухайн хотын аюулгүй байдлыг илтгэх том үзүүлэлт юм.

Осака хот нь мөн бизнес хөгжлөөрөө алдартай хот юм. Хүмүүс шөнө болтол ажил дээрээ суух нь элбэг. Шөнийн цагаар метроны буудлууд, галт тэрэгнүүд өдөр шиг л дүүрэн хүнтэй явдаг бөгөөд ингэж орой үдшийн цагаар ганцаар ямар ч айдасгүй явах нь эмэгтэйчүүдэд ч хэвийн үзэгдэл ажээ.
Мөн Осака хотыг иргэд нь бусадтай ярилцах дуртай, худалдааны хот хэмээн гадныхан дүгнэсэн байдаг. Та энгийн л нэг худаг дээр очход л тэд таньтай яг л удаан уулзаагүй найзтайгаа уулзаж байгаа мэт уулзаж, та хэдий хэлийг нь ойлгохгүй ч тэдний найрсаг харилцаа таны зүрхийг булаах болно гэнэ шүү.
Амстердам
Нэг саяас бага хүн амтай Амстердам нь тайван хотуудын жагсаалтыг удаалж байна. Нидерландын нийслэл хотын иргэдийн найрсаг харилцаа нь мөн л гадныханд өндөр сэтгэгдэл төрүүлдэг.

"Надад энэ хот бүхэлдээ амар амгаланг мэдрүүлдэг. Иргэдийнх нь чөлөөтэй тайван байдал уур амьсгалыг гайхалтай болгодгоос гадна, энд хэн ч амархан уурлаж бухимддаггүй. Хууль сахиулах байгууллагынх нь хүртэл найрсаг дотно харилцаатай учраас асуудлыг шийдвэрлэхэд хялбар байдаг" хэмээн Нью Иорк хотоос гурван жилийн өмнө Амстердамд ирж суурьшсан иргэн ярьжээ.

Амстердамтай ойролцоо хөрш хотууд ч мөн аюулгүй, хүн амьдрахад ая тухтай хэмээн гайхагддаг. Харин та Амстердам руу нүүх гэж байгаа бол, амьдрах байшингаа анхааралтай сонгох хэрэгтэй. Хот усан дээр баригдсан учраас байшингууд ихэвчлэн бага зэрэг далий суурьтай байх нь элбэг.
Сидней

Сидней нь Австралийн хамгийн том хот гэдгээс гадна, урлаг соёлын томоохон төв хот юм. Иргэд, жуулчдын алхалтыг дэмжихийн тулд хотын захиргаа 15 сая австрали долларыг явган хүний зам, талбайг засаж тохижуулахад зориулах шийдвэр саяхан гаргасан байна.
"Сидней бол маш орчин үеийн хот, хаа сайгүй л найз нөхөдтэйгөө кофе ууж ярилцах, нохойгоо дагуулан хотыг сонирхон алхах хүмүүсээр дүүрэн байдаг нь Сиднейн иргэд болоод жуулчид энэ хотод дуртай, өөрсдийгөө энэ хотын нэг хэсэг гэдгийг мэдэрч буйдаа талархалтай байгаагийн тод илрэл юм" хэмээн тус хотын нэгэн жуулчны байгууллагын захирал бүсгүй өгүүлжээ.

Сингапур
Ази тивээс урагш байрлах тус хот улс нь хуулийн биелүүлэлт чангатай, торгууль өндөртэй, хууль биелүүлэлтээрээ эргээд хотынхоо аюулгүй тайван байдалд өндөр анхаардаг. Сингапурын улс төрийн бодлого, хотын зохион байгуулалт нь хүмүүсийн анхаарлыг маш их татдагаас гадна үргэлж бусдад гайхуулсаар байдаг. Сингапурт цалингийн хэмжээ өндөр байдгаас шалтгаалан, хүмүүс хойч ирээдүй, нийгмийн халамжид анхаарал хандуулах нь бага, сэтгэл зүйн хувьд маш амар тайван нөхцөлийг бүрдүүлсэн газар юм.

Мөн шударга ёсыг дээдэлсэн, хууль чангатай орон учраас, та аль нэг хоолны газар эсвэл кафед ороод бүх үнэт зүйлсээ ширээн дээрээ орхин кассан дээр очоод хоолоо захиалах, ариун цэврийн өрөөнөөс эргэж ирэх хүртлээ өөрийн эд зүйлсээ байсан байрандаа байгаа гэдэгт бүрэн итгэж болно хэмээн Сингапурчууд өөрсдөө хэлдэг. Хэрэв хүний юманд гар хүрвэл, ногдох шийтгэлийнхээ тухай иргэд өөрсдөө хангалттай сайн мэдээлэлтэй байдаг.
Мөн улс төрийн тогтвортой байдал, шашин шүтлэгийн хувьд эрх чөлөөтэй байдал нь тус орныг бүр ч уян хатан, хүн амьдрахад амар тайван болгодог байна.

Стокгольм
Стокгольмд амьдрах нь яг л зуны дуусашгүй таатай өдрүүд мэт. Өдрийн цагаарх байгалийн гэрэл, шөнийн цагаарх хотын гэрэлтүүлэг нь хотыг үнэхээр хүн амьдрахад таатай, аюулгүй бүс нутаг болгодог. Хотын төвдөө хүн амрахад зориулагдсан ногоон талбай, мод зүлэгжүүлэлт, хүүхдийн тоглоомын талбайтай нь хотын иргэд жуулчдад аятай сэтгэгдэл төрүүлж, тайван нөхцлийг бүрдүүлдэг. Нэн ялангуяа хүүхэдтэй хүмүүс, хүүхдүүдэд тун аюулгүй бөгөөд таатай хот юм.
Хот хэдий жижиг хэмжээтэй ч хэт нягтрал суурьшилтай бус, орчин үеийн байдал нь хүмүүст таалагддаг.


МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт