ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд тоглоомын талбай нээгдлээ

    “6 дугаар сарын 1”-ний Эх үрсийн баярын өдөр БЗД-ийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Учир нь тус цэцэрлэгт хүрээлэнд суурилуулаад ашиглалгүй 5 жил болсноос элэгдэж хуучирсан хүүхдийн тоглоомуудыг БЗД-ийн 12 дугаар хорооны иргэдийн санаачилгаар байгуулагдсан “Чулуутын задгай” ТББ-ынхан засч сэлбэн тоглоомын талбайг нээжээ. Тэд тоглоомын шатсан моторыг сольж, эвдэрсэн усан оргилуурыг засч, сандлуудыг будаж, гэрэлтүүлэг хийж тохижуулсан байна. Нээлтийн ажиллагааны үеэр Монголын Улаан Загалмайн Нийгэмлэг, “Жигүүр гранд” групп, “Буман ган” ХХК, “Монголын оюутан залуучуудын нэгдэл” ТББ, Ардчилал шударга ёс Монголын Эмэгтэйчүүдийн холбоо, Бурхан шашны дээд сургууль, багш, бурхан урлаач н.Ухаанзаяа, “Гэгээн Петр Пол катитрал” католик сүмийнхэн ирж 12 дугаар хорооны 580 хүүхдэд бэлэг гардуулжээ.

    Дашрамд дурдахад “Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн” нь Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх зураг төсөлд нийслэлийн зүүн бүсийн цэцэрлэгт хүрээлэн, мини парк хэмээн тусгагдсан байдаг аж. Харамсалтай нь нийслэлийн зүүн бүсийн ганц ногоон байгууламж болсон тус цэцэрлэгт хүрээлэнгийн 8 га газар Японы буцалтгүй тусламжаар Анагаах Ухааны сургууль, Эрдэм шинжилгээний туршилтын эмнэлэг барихаар төлөвлөөд буй юм. Мөн 2 га газарт нь сургууль, цэцэрлэг болон шүүхийн барилга барих тухай яригдаж байгаа гэнэ.    

    Харин БЗД-ийн 12 дугаар хорооны иргэд, тэдний санаачилгаар байгуулагдсан “Чулуутын задгай” ТББ-ынхан үүнийг эсэргүүцэж цэцэрлэгт хүрээлэнг хэвээр нь хадгалахыг хүсч байна. Тэд “Улаанбаатарт газар мундсан биш яагаад заавал олон жилийн түүхтэй, хэдэн зуун сая төгрөг зарлагадан байж бүтээн босгосон, ногоон байгууламж болох ботаникийн хүрээлэнгийн газрыг авах гээд байгаа юм. Сургууль, цэцэрлэг, эмнэлэг барина гэж сурталчилж байгаад баахан орон сууцны барилга барих гэж байна” хэмээн эсэргүүцэж байгаа ажээ.

    БЗД-ийн 12 дугаар хороо нь дахин төлөвлөлтөд хамрагдсан бөгөөд орон сууцны хороололтой хамт эмнэлэг, сургууль, цэцэрлэг, кино театр гээд олон бүтээн байгуулалтууд цогцоороо баригдах юм. Ийм байхад дахин сургууль, цэцэрлэг барьж хайран сайхан ногоон байгууламжийг устгах нь тэнэг хэрэг хэмээн иргэд үзэж байна. “Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн” дэх тоглоомын талбайн нээлтийн үеэр тус цэцэрлэгт хүрээлэнг хамгаалах, хэвээр нь байлгахыг дэмжсэн иргэдийн гарын үсгийг цуглуулж байв.   

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй